Categories
мэдээ цаг-үе

Хотын дарга С.Батболд хууль бус барилгыг буулгах шийдвэр гаргалаа. Цонхоо таглуулж эрх ашиг нь зөрчигдсөн иргэд одоо л нэг нар үзэх цаг нь иржээ

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг дарга С.Батболд нэгэн шийдвэрийг гаргасан нь иргэдийн талархлыг ихэд хүлээгээд байна. Ард түмэн түүнийг “Зоригт дарга” хэмээн шагшин магтах боллоо. Учир нь энэ сарын 27-ны өдөр Хотын дарга С.Батболд Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр дэх “Хүннү” хорооллын нутаг дэвсгэрт байрлах дөрвөн давхар барилгыг буулгах шийдвэр гаргасан юм. Тус барилга иргэн Ц.Оюунцэцэгийн эзэмшлийнх бөгөөд ойр орчмын нийтийн орон сууцны айлуудын цонхыг таглаж барьсан байв. Энэхүү шийдвэрээ Хотын захирагч нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр танилцуулсан билээ.Иргэн Ц.Оюунцэцэгийн дөрвөн давхар барилга ямар ч зураг төсөлгүйгээс гадна галын аюулгүй байдлыг зөрчсөн байна. Уг барилгыг 2014 онд баригдахад л хэд хэдэн шалтгаанаар хууль зөрчиж байгааг барилгын эзэнд анхааруулсан боловч үл ойшоож өдийг хүрчээ. Том “толгой”-той энэхүү барилгын эзэн 250-500 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрч. Улмаар торгууль төлсөн байдлаа гарцаас мултарсан мэт ойлгож барилгаа үргэлжлүүлэн барьж. Орон сууцны голд, айлуудын цонх таглаж, 1.5 метрийн зайд дээрх дөрвөн давхар барилга баригдсан байсан юм.

Тухайн шийдвэртэй давхцан бас нэгэн барилгыг албадан буулгах шийдвэрийг гаргасан. Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн баруун талд байрлах иргэн Ц.Машбатын барилга. Тус барилга нь Баянгол дүүргийн засаг даргын захирамжаар 96 м.кв газар эзэмших эрхтэй болж. Гэвч тэрээр дур мэдэн талбайн хэмжээгээ явган хүний зам руу сунгаж өргөтгөл барьсан байна. Өргөтгөлийг буулгаж явган хүний гарцыг чөлөөлөхийг шаардсан ч одоо хүртэл биелүүлээгүй тул нийслэлийн удирдлагууд тус барилгыг мөн л албадан буулгах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрчээ.

Тэгвэл Мэргэжлийн хяналтын байцаагч, хууль, тогтоомжийг зөрчин байж оршин суугчдын аюулгүй, амгалан тайван байдлыг алдагдуулсан дээрх барилгын эздэд Хотын захирагч С.Батболд төрийн төмөр нүүрийг ёстой л нэг харууллаа. Хотын шинэ удирдагчийн гаргасан шийдвэр хуулийг уландаа гишгэсэн зарим нэгний хувьд эгдүүцлийг нь төрүүлж байгаа бол ард түмнийг гайхшруулж баатарлаг зориг гаргасан хэмээн “Зоригт дарга” гэсэн цолыг хүртэл өгөөд буй. Хотын даргын ард түмэнд таалагдах, таалагдахгүй нь чухал биш. Хамгийн гол нь хуулийг завхруулагч “том толгойт”-нуудын эсрэг зоригтой дуугарч, үүнийгээ үйлдлээрээ харуулж эхэлсэнд нь алга ташихад ч багадмаар санагдана. Учир нь Хотын дарга С.Батболд Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийг зөрчин нийтийн эрх ашгийг хөндсөн зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг шил дараалан нураахаа энэ үеэрээ мэдэгдсэн билээ.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотод зөвшөөрөлгүй 27 барилга баригдаж байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун хэлж байна. Хот байгуулалтын тухай хуулиар барилга хоорондын зай 15 метр байх ёстой гэж заасан байдаг. Дээрх хоёр барилгыг албадан буулгахаар болж, үлдсэн 25 барилгыг хэрхэх нь одоогоор тодорхойгүй байна. Мэргэжлийн хяналтын байцаагчдын мэдээлж буйгаар тухайн хууль зөрчсөн барилгын эзэн нь хувь хүн тохиолдолд 250-500 мянган төгрөгөөр торгох заалттай байдаг аж. Улмаар торгож, Мэргэжлийн хяналтынхан акт тогтоодог байна. Иймэрхүү зөрчилтэй барилгууд үйл ажиллагаагаа зогсоох нь битгий хэл нэмээд давхар барьчихдаг байна. Харин энэ удаагийн тохиолдолд хуулийн дагуу бол зөвшөөрөлгүй барилга барьсан эзэмшигч тус барилгыг нураах бүх зардлыг гаргах бололтой. Зөвхөн өөрийн ашиг орлогыг бодож хэдэн зуун айлын агаар салхи, үзэгдэх орчинг хаагаад олон давхар барилга барьж хар амиа бодсон нөхдөд зохих шийтгэлийг үүрүүлэх нь зүйтэй.

Ямартай ч нийслэлийн Засаг дарга С.Батболдын хууль бус барилгатай тэмцэх ажил дээрх шийдвэрээр зогсохгүй гэдэг нь тодорхой боллоо. Тэгэхээр энэ дөрвөн жил нийслэлийн мянга мянган айл, албан байгууллага цонхоо нээх хувь тохиох нь. Агаар амьсгалж, орчин тойрноо ажиглах бидний эрх ч сэргээсэй гэж хүсч байна. Учир юун гэвэл Сүхбаатар дүүрэгт “Өдрийн сонин”-ы байрны хойно бүх цонхуудыг нь хаан “Астра буйлдинг” компани Барилгын тухай хуулийг зөрчин 13 давхар оффис, орон сууцны барилга барьсан. Бараг бүтэн хоёр жил ажилчдынхаа эрх ашгийн төлөө тэмцээд дийлсэнгүй. Өдгөө ашиглалтад орчихоод байж байна. Тус барилга байгаа газар анх автомашины зогсоол байлаа. Төд удалгүй арван гурван давхар барилга сүндэрлэсэн. Энэ хугацаанд байшингийн цонх, хаалгаар байнга шороо тоос орж, хэд хэдэн удаа тус барилгаас юм унаж явган зорчигчдыг гэмтээж, зогсоолд байсан автомашиныг хүртэл сэвтээж байсан удаатай.

Тухайн үед “Өдрийн сонин” “Цонхоо нээе” төрийн бус байгууллага байгуулж холбогдох бүхий л газарт өргөдөл гаргаж, хууль бус ажиллагааг зогсоохыг шаардаж байлаа. Энэхүү төрийн бус байгууллагад цонхоо таглуулсан олон айл өрх, хувь хүмүүс ирж хууль бус, зөвшөөрөлгүй барилгатай тэмцэхээр нэгдэж байсан билээ. Ингээд Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хотын хэмжээнд баригдсан хууль бус барилгатай тэмцэхээ амлаж, шалгалт хүртэл явуулж байлаа. Тэр үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга П.Бат-Эрдэнэ “Өдрийн сонин”-д албан бичиг хүргүүлж, “Астра интернэшнл” компанийн барьж байгаа барилга “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрмийн 2.11-д заасныг зөрчжээ” гэдгийг мэдэгдсэн. Тус заалтад “2-3 давхар орон сууцны барилгын хоорондох зай 15 метрээс багагүй байна. Дөрвөн давхар бол 20 метрээс багагүй. Харин ийм барилгын тууш болон хөндлөн талуудад байрлалтай өрөөний цонхнуудын хоорондох зай 10 метрээс багагүй байх ёстой” гэх мэтээр дурдсан байдаг аж. Гэтэл “Астра буйлдинг” нь “Өдрийн сонин”-оос 8.4 метрийн зайд байгаа нь дээрх заалтыг зөрчсөн. Мөн тухайн үед Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.Уртнасан “Өдрийн сонин”-ы хажууд баригдаж байгаа орон сууцны барилгын захиалагч Л.Зундуй болон “Астра интернэшнл”, барилгын ажил гүйцэтгэгч “Тэлмэн констракшн” ХХК нь дур мэдэн барилгын байршлыг батлагдсан эх загвараас урагш шилжүүлэн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Иймд дээр дурдсан зөрчилд холбогдох арга хэмжээг авч ажиллана уу” хэмээн мэдэгдсэн байдаг.Сэтгүүлч бид хоорондоо ч ярьж чадахгүй тийм их чимээ шуугиан дунд ажлаа хийж, цонхоор шавар, шороо орж ирээд үнэндээ хүнд нөхцөлд нийтлэл, сурвалжлагаа бэлтгэх болсон. Одоо бид байгалийн гэрэлтүүлэггүй, цонхоороо салхи ханатал оруулах боломжгүй, орчин тойрондоо чухам юу болж байгааг харж чадахгүй хэцүү байдалд ажиллаж байна. Энэ бүх байдал бидний эрүүл мэндтэй салшгүй холбоотой. Хууль бус гэдгийг нь мэргэжлийн байгууллагууд нь тогтоочихоод байхад “Астра буйлдинг” барилгыг Улсын комисс хүлээгээд авчихсан гэсэн.

“Астра буйлдинг” компани ардаа нэг том даргатай болоод л ийм увайгүй, таахалзсан үйлдэл гаргаж хуулийг үл ойшоосон нь ойлгомжтой байлаа. “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэдэг. Нийслэлийн мянга мянган айл цонхоо таглуулж, эрх зөрчүүлсэн нэг өдөр байхад цонхоо нээх өдөр бас ирж л таараа. Тэр цаг хугацааны тохирол нь ирсэн бололтой. Үүнд ард түмэн итгэж байна. Учир нь “Өдрийн сонин” бидэнтэй адил цонхоо таглуулаад буй мянга мянган айлын төлөөлөл юм. Тиймээс хууль бус барилгатай тэмцэх “Цонхоо нээе” төрийн бус байгууллагын “Цонхоо нээе” хөдөлгөөнд эрх ашиг нь зөрчигдсөн олон хүн нэгдсээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *