Categories
мэдээ нийгэм

Туул голыг сайн дураараа хэсэг залуус цэвэрлэжээ

Зуны халуун өдрүүдэд хүмүүс амарч зугаалахдаа хаа сайгүй идсэн уусан зүйлийнхээ сав баглаа боодлыг тэрүүхэн тэнд нь хаячихаад явчихдаг тал их бий. Түүнийг нь дараагийн хүн харсан ч хараагүй юм шиг хажуугаар нь зайчилж байж байгаад л яваад өгдөг. Иймэрхүү хүнийрхүү байдлаар та бид байгальтайгаа харьцаж дассан байхад хэсэг залуус сайн дураараа Туул голын орчмыг цэвэрлэж байх юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Монгол тулгатан” ТББ-ын залуус Туулын гүүрнээс голын эрэг дагуух 2 км газрыг цэвэрлэж, 45 тонн хог хаяжээ. Залуус цаашид энэ хэсгийг хоггүй болгохын төлөө ажиллана гэдгээ цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна.

Ингээд эл ажлыг санаачилсан “Монгол тулгатан” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Бямбажавтай онлайнаар холбогдож, тодруулга авлаа.

-Юуны өмнө Туул голын орчмыг цэвэрлэх сайхан ажлыг эхлүүлсэнд баяр хүргэе. Та бүхэн хэдий хэмжээний хог цэвэрлэсэн бэ?

-Баярлалаа. Маш их хэмжээний хог цэвэрлэсэн. Үнэхээр төсөөлж байснаас их хог байсан.Бид нар уг нь Туулын эрэг дагуу 4 км орчим газрыг цэвэрлэнэ гэж тооцоолсон. Тэгтэл 2 км яваад л цаашаа явж чадаагүй. Хогны хоёрхон машинтай байсан болохоор энэ удаад орхисон.

-Хэдэн шуудай хог цэвэрлэсэн бэ?

-Бид нар том гахай шуудай ашигласан. Нэг машинд 25-30 шуудай хог орж байна лээ. Тэр шуудайгаар хоёр хогны машинаар тус бүр хоёр удаа зөөсөн. Тэгээд цаана нь үлдсэн арван хэдэн шуудай хогийг өөрсдөө портер олж зөөсөн. Бас өөрсдийнхөө хувийн машинаар бас хэдэн шуудай хог зөөсөн. Дахиад хогны машин байсан бол цаашаа явахаар л байлаа.

-Ихэнхдээ ямар хог тааралдаж байх юм?

-Дийлэнх нь архины шил, пивоны лааз ундааны сав байсан.Бас мал, амьтны сэг зэм ч их тааралдсан. Үхэр, хонь, ямаа, элээ гээд байхгүй амьтан юм үнэхээр байгаагүй.

-ЗАЛУУС ЦААШИД ТУУЛ ГОЛ ДАГУУХ 26 КМ ГАЗРЫГ ЦЭВЭРЛЭНЭ-

-Та нар хэдүүлээ энэ ажилд оролцсон юм бэ. Бас цагдаа дар хамт яваа харагдсан?

-Манай байгууллагын 16 гишүүн оролцсон. Мөн бид нар Байгаль орчны яаманд хандаж Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар болон тохижилт үйлчилгээний хэлтсээс нь хоёр хогны машин, хоёр цагдаа гаргуулсан.

-Тэд та бүхний саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Их дэмжиж хүлээж авсан. Цагдаа нар нь бүр их дуртай дагаж явсан шүү.

-Та бүхэн тэр хэсэг газрыг ахиж хог хаяхгүй болтол нь ажиллана гэсэн байсан. Ямар төлөвлөгөө байна вэ?

-Бид наймдугаар сарын сүүлээр дахиад явна. Сая бид Туул гол дагуу хогоо хаяхгүй, байгаль орчноо хайрлан хамгаалах талаар уриалга бүхий самбар хоёрыг байршуулсан. Удахгүй Байгаль орчны яаманд санал тавих төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд бүтвэл шалган нэвтрүүлэхээр хүмүүс орж ирэхэд хогны уут тарааж өгдөг болно. Хэрэв ингэвэл хүмүүс буцаж гарахдаа хогоо хогийн саванд хаядаг болох байх гэж найдаж байгаа.Мөн цаашид дахиад анхааруулах самбар байршуулна.

-Бусад залуус, олон нийтэд хандаж юу гэж уриалах вэ?

-цаашид бид Туул голын гүүрнээс Тэрэлж зочид буудал хүртэл 26 км зайтай. Энэ хэсгийг бид хоггүй болгохын төлөө ажиллах болно. Тэгэхээр бусад хүмүүс ч бас дэмжиж, хогоо хогийн саванд хийж хэвшихийг уриалмаар байна. Үнэхээр их хог байсан шүү. Дахиж хогоо битгий хаяарай Монголчуудаа гэж хэлмээр байна.

“Монгол тулгатан” ТББ-ын залуус Горхи-Тэрэлжийн хамгаалалтын захиргааны зөвшөөрөлтэйгөөр, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Налайх Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГ, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран “Эх дэлхийгээ хайрлая” арга хэмжээний хүрээнд уг ажлыг сайн дураараа гүйцэтгэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *