Categories
мэдээ улс-төр

Хотын Захирагч С.Батболд “Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум”-ыг жил бүр зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн”

Зүүн хойд Азийн хотуудын дарга нар “Хотуудын ногоон өсөлт – Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвээр энэ сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод гурав дахь удаагаа чуулах юм. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Зүүн хойд Азийн зургаан улсын 24 хотын 90 гаруй төлөөлөгч, дотоодын 120 төлөөлөгч оролцож “Хотын ногоон хөгжил, эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвээр туршлага солилцох бөгөөд Унгар улсын нийслэл Будапешт хотын орлогч дарга хүндэт зочноор оролцох юм. Хуралдаанд оролцсон хотууд нэгдэж, нэгдсэн уриалга гаргах бөгөөд цаашид хуралдааныг бүс нутгийн хотуудад ээлжлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.

Форумын үеэр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд гарах “Хотын ногоон шийдлүүд – 2016” үзэсгэлэнд үндэсний 50 гаруй аж ахуйн нэгж “Эко эрчим хүч”, “Эко дулаан”, “Эко тээвэр”, “Эко үйлдвэрлэл”-ийн бүтээгдэхүүн, шийдлээ танилцуулах юм.

Тус форумд зориулан нийслэлийн Мэдээллийн технологийн газраас http://neamf.ulaanbaatar.mn цахим хуудсыг ажиллуулж эхэлсэн бөгөөд форумын хөтөлбөр, оролцох хотууд, зочид төлөөлөгчдийн дэлгэрэнгүй мэдээллээс гадна өмнөх форумуудаар гаргасан шийдвэрүүдийг байршуулжээ. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг анх удаа Улаанбаатар хотноо 2014 онд “Хотын тогтвортой , хүртээмжтэй хөгжил” сэдвээр зохион байгуулж, форумаас Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, томоохон зорилт хөтөлбөрүүд, шинэ санал санаачилгыг дэмжин, цаашид “Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум”-ыг жил бүр зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу 2015 онд “Хотын ногоон хөгжил” сэдвээр зохион байгуулж, хамтарсан илгээлт гарган, НҮБ-ын нэгдсэн чуулганд өргөн барьж байв гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *