Categories
мэдээ цаг-үе

Ж.Төмөрхуяг: Монголд хүлэмжийн аж ахуй эрхлэх том зах зээл бий

ХХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжүүлэлт, зохицуулалтын газрын Хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэл, жимс, жимсгэнийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн З.Төмөрхуягтай ярилцлаа.

-Таны хариуцсан асуудалд хүлэмжийн асуудал хамрагдах уу?

-Хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэл гэдэг хүлэмжийн аж ахуйг хэлж байгаа юм.

-Өнөөдөр манай улсад хүлэмжийн аж ахуй ямар түвшинд байна?

-Улсын хэмжээнд жилийн дөрвөн улиралд ашигладаг хүлэмжийн талбай 17.5 га-д хүрсэн. Зун ашигладаг хүлэмжийн талбай 50.9 га. Нийтдээ 68.4 га хүлэмж ашиглаж байна. Хүлэмжийн аж ахуйгаас 2015 онд нийт 4538 тонн нарийн ногоо хурааж авсан. Энэ нь манай нийт хурааж авсан ногооны зургаан хувь гэсэн үг.

-Бондоос томоохон хүлэмжийн аж ахуй байгуулснаар иргэд хүлэмжийн аж ахуйг сонирхох нь нэмэгдсэн гэсэн мэдээ байна.

-Засгийн газрын гаргасан Чингис бондоос хүлэмжийн аж ахуйн төсөлд 17.4 сая ам.доллар зарцуулсан.

-Зээлийг ямар замаар олгосон бэ?

-Нийтдээ 120 гаруй төсөл ирсэн. Зээл “Голомт” банкаар олгогдсон болохоор тус банкны шалгуурыг давсан 30 аж ахуйн нэгжид 25.8 тэрбум төгрөгийн зээл олгосон.

-Засгийн газрын бондоор боссон зээлийг олгохдоо заавал арилжааны банкаар олгодог нь ямар учиртай юм бэ?

-Зээл хаанаас гарч байгаа нь нэгдүгээр асуудал биш. Хамгийн гол нь төсөл хэрэгжих боломжтой, зээлдэгч аж ахуйн нэгж төслөө хэрэгжүүлэх чадвартай байх нь чухал үзүүлэлт. Зээлийн эрсдэл гэж ноцтой асуудал бий. Төслөө хэрэгжүүлээд, зээлээ цаг хугацаандаа төлөх нь хамгийн чухал шалгуур. Тухайн аж ахуйн нэгж зээлээ төлж чадахгүй бол татвар төлөгчид эрсдэлийг нуруун дээрээ үүрнэ. Төр зээл олгоод, эрсдэл тооцоод, аж ахуйн нэгжтэй хөөцөлдөөд явдаг туршлага байхгүй. Тиймээс арилжааны банкаар дамжуулдаг.

-Арилжааны банкаар дамжуулах нь эрсдэлгүй гэсэн үг үү?

-Арилжааны банк зээлийн эрсдэлийг хамгийн сайн тооцож чаддаг. Хувийн банкууд бага ч гэсэн ашиг олохын тулд төслөө хэрэгжүүлэх чадвартай аж ахуйн нэгжид зээл өгнө. Тиймээс тэдэнд танил тал, албан тушаалыг үл харгалзан зээлийг шударгаар олгодог. Хэрэв зээл авсан аж ахуйн нэгж, төлбөрийн чадваргүй болбол банк зээлийг Засгийн газарт гаргаж өгнө. Тиймээс арилжааны банкууд барьцаа хөрөнгөөс эхлээд төслийн хэрэгжих чадвар, аж ахуйн нэгжийн бизнесийн туршлага гэх мэт олон зүйлийг хардаг. Гэхдээ өнөөгийн нөхцөлд үүнээс өөр зам байхгүй. Засгийн газраас хэрэгжүүлсэн төслүүдийг харахад арилжааны банкаар дамжсан зээлийн эргэн төлөлт, төслийн хэрэгжилт сайн байгаа.

-Хүлэмжийн чиглэлээр зээл авсан аж ахуйн нэгжүүдийн төслийн хэрэгжилт ямар байна?

-Зээл авсан компаниуд 10 гаруй га талбайтай гурван төрлийн хүлэмж байгуулж байна. Ихэнх нь төслөө хэрэгжүүлээд зах зээлд ургацаа гаргачихсан. Тэдний борлуулалтыг дэмжих зорилгоор Чингисийн талбай болон Эрх чөлөөний талбай дээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан.

-Гурван төрлийн хүлэмж ямар ялгаатай вэ?

-Хятад маягийн тоосгон артай нарны илчээр халдаг хүлэмж байдаг. Мөн Голланд загварын шилэн хүлэмж байгуулсан. Хамгийн орчин үеийн загвар нь Японы технологи. Энэ нь хүлэмжийн үйлдвэрлэл гэж хэлж болохоор усан орчинд босоо тавиур дээр ногоо тарьдаг хүлэмж. Энд навчит ургамал тарьж, өдөр бүр шинэ ургац хураах боломжтой.

-Хүлэмжийн аж ахуй эрхлэх боловсон хүчин, туршлага манайд хэр байна вэ?

-Манайд уламжлалт ногоо тарьдаг туршлага бага. 1960-аад оноос Орос, Болгараас мэргэжилтэн ирж анхны хүлэмжүүдийг байгуулж байсан. Тухайн үед “Дэвшил”, Борнуурын гэх цөөхөн хүлэмж байсан. Сүүлийн үед иргэд хүлэмжийн аж ахуйг эрхлэх сонирхол нэмэгдэж, яамнаас явуулсан бодлогын үр дүнд хүлэмжийн аж ахуйн суурь тавигдсан гэж үзэж байгаа. Нийлэг хальсан хүлэмж Солонгосоос 2500 гаруйг оруулж ирж иргэдэд нийлүүлсэн. Энэ хэрээр иргэдийн хүлэмжийн аж ахуй эрхлэх боловсрол, туршлага нэмэгдсэн. Мэргэжилтний хувьд ер нь бол дутагдалтай. Гэхдээ Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо яамтай хамтраад урт, богино хэмжээний сургалт зохион байгуулах, гарын авлага бэлтгэх, иргэдэд тараах зэргээр ажил зохион байгуулж байна.

-Гаднын төслүүд хэрэгжсэн гэдэг?

-2009-2010 онд БНСУ-ын олон улсын Койко байгууллагын шугамаар Дархан, Эрдэнэтэд хүлэмж байгуулж эрдэм шинжилгээний ажлын зорилгоор ашиглалтад оруулсан. Төв аймагт Солонгосчууд хүлэмж байгуулж өгч, солонгосчууд мэргэжилтнүүдийг сургах ажил зохион байгуулсан.

-Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх шаардлага нэмэгдээд байна уу?

-Бид жилд нэг удаа задгай талбайд ногоо тариад, түүнийгээ жилийн турш идээд сурчихсан. Үгүйдээ гэхэд өмнөд хөршөөс ногоо авчирч иддэг. Урдаас орж ирж байгаа ногооны гарал үүсэл тодорхой бус, зарим талаар эрсдэл үүсэхэд хариуцах эзэнгүй гэх мэт олон бэрхшээл байдаг. Мөн цаг уураас шалтгаалж зарим урт хугацааны болцтой ногоонд асуудал үүсдэг. Гэтэл өнөөдөр аль орны иргэд эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх, тэр тусмаа хүнсний ногоог хаана, хэн тарьсныг мэдэхээс эхлээд өдөр бүр шинэ ногоо идэх сонирхолтой болсон. Нарийн ногоо хэрэглэх нь нэмэгдэж байна. Иймээс хамгийн найдвартай хүнсэнд хүлэмжийн ногоо тооцогддог. Энэ хэрээр иргэд хүлэмжийн ногоог сонирхох нь нэмэгдэж байна. Жилд бид 13 мянган тонн нарийн ногоог гаднаас авдаг. Энэ бол том зах зээл. Ийм учраас хүлэмжийн аж ахуйн бизнес эрхлэх иргэдийн тоо нэмэгдэж байгаа.

-Төр хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд ямар нэгэн хөнгөлөлт үзүүлдэг үү?

-Хүлэмж, хүлэмжийн тоног төхөөрөмж импортоор оруулахад гааль, НӨАТ-аас чөлөөлнө. Газар тариалангийн салбарт хамрагддаг учраас орлогын албан татвараас 50 хувь чөлөөлнө. Хүлэмжнээс хураасан ургац НӨАТ-аас чөлөөлөгдөнө.

-Өнгөрсөн онд Сэлэнгэ аймагт сонирхолтой төсөл хэрэгжүүлсэн гэсэн.

-Бондын дэмжлэг, Засгийн газраас гаргасан хөрөнгөөр олон төсөл хэрэгжүүлдэг. Өнгөрсөн онд Сэлэнгэ аймагт төсвийн хөрөнгөөр нарны энергиэр халдаг хүлэмж, зоорийн цогцолбор байгуулж ашиглалтад өгсөн.

-Одоо яамнаас хэрэгжүүлэх хүлэмжийн чиглэлийн ямар төсөл байна, сонирхсон иргэд яаж хамрагдах вэ?

-Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэх ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зээл яригдаж, энэ зээлийн хүрээнд хүлэмжийн аж ахуйг хамруулахаар шийдсэн байгаа. Удахгүй хэрэгжиж эхлэхээр олон нийт мэдэх, яамнаас мэдээлэл авах, төсөлд хамрагдах боломжтой.

-Хүлэмжинд бидний мэддэг нарийн ногооноос гадна мөөг гэх мэт монголчууд тарьдаггүй зүйлийг тариалж болно гэдэг.

-Хүлэмжинд бүх төрлийн таримал ургамлыг тарих боломжтой. Гэхдээ ямар хэмжээний ургац хураах, ямар ургамлыг ямар хугацаанд хураах зэргээс шалтгаалж технологио сонгодог. Жишээлбэл, богино хугацаанд бага талбайгаас их хэмжээний ургац авна гэж тооцвол гэрэлтүүлэг нэмэх, ус чийгийг автоматаар тохируулах гээд олон технологи бий. Алийг нь ч сонгох боломжтой.

-Одоо хүлэмж байгуулах иргэд мэргэжлийн зөвлөгөө авахын тулд хаана хандаж болох вэ?

-ХААИС, Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоонд хандаж болно.

Х.БАТТӨГС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *