Categories
мэдээ цаг-үе

Д.Эрдэнэбат: Ард түмний 50 хувь нь ардчилагчдын талд байгаа гэдгийг өдөр бүр санаж яваарай

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбаттай 2016 оны сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүний түр үнэмлэх гардуулах үеэр товч ярилцлаа.

-Та УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрогт ялалт байгуулсан. Баяр хүргэе.

-Ямар ч ялалт гэмээр юм дээ. Энэ ялалт бол манай нутгийн ард түмний итгэл байсан гэж хэлмээр байна.

-Ардчилсан намын ялагдлыг юу гэж дүгнэж байна вэ?

-Бидэнд дүгнэлт хийж, шинэчлэх ёстой ажил их байгаа гэдгийг л ард түмний сонголт харууллаа.

-Цаашид Ардчилсан намыг шинэчлэх үүрэг даалгавар өглөө гэж танай намын зарим гишүүд цахим хуудсаараа дамжуулан илэрхийлж байсан?

-Зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Санал нэгтэй байна.

-Ардчилсан нам энэ удаагийн парламентад хэрхэн ажиллах бол. МАН-ын үнэмлэхүй ялалтад сайн сөрөг хүчин хэрэгтэй байх?

-Ардчилсан намд нийт иргэдийн 50 хувийн санал байгаа гэдгийг МАН-ынхан дандаа санаж явах хэрэгтэй. Яах вэ, энэ удаагийн сонгууль мажоритар системээр болсон. Мажоритар системээр явах сөрөг тал нь нэг нам үнэмлэхүй ялах савалт ихтэй байдгийг 1996 онд бидэнд харуулсан шүү дээ. Түүнийг сануулсан салхи нэг эргэж байна.

-Хэрэв холимог системээр сонгууль явагдсан бол Ардчилсан нам нийт сонгогчдын 40 гаруй хувийг авсан учраас арай олон суудал авах байсан талаар хэлэх хүмүүс байна?

-Тийм учраас л үнэмлэхүй олонхи болсон эрх баригчдад нэг зүйлийг дахин сануулах хэрэгтэй. Ард түмний 50 хувийн санал нь ардчилагчдын талд байгаа шүү гэдгийг дандаа, өдөр болгон санаж яваарай. Дараагийн асуудал нь бид УИХ-д есөн хүний бүрэлдэхүүнтэй бүлэг байгуулж байх шиг байна. Энэ бүлэг маргаашнаас эхлээд МАН-ын мөрийн хөтөлбөрийг өдөр бүр сануулна. Бидний хамгийн гол ажил бол энэ гэж харж байна. Ардчилсан намд зайлшгүй шинэчлэл хэрэгтэй гэдгийг надаар хэлүүлэхгүй бүгд ойлгосон байх. Тийм учраас би намын даргадаа ганцхан зүйлийг хэлнэ. Ардчилсан нам их хурлаа хуралдуулж намынхаа үндсэн дүрмийг яаралтай шинэчлэх хэрэгтэй. Үүний цаана манай намын мянга мянган гишүүд дэмжигчдийн хүлээлт байгаа.

Ж.БАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *