2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр олонхийн санал авсан 76 нэр дэвшигч өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, анхдугаар чуулган нээлтээ хийж байна. Чуулганд Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийсний дараа гишүүд СЕХ-ноос асуулт асууж, хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: АН-ын дарга З.Энхболдын дэлгэсэн сонгуулийн үеэр хар машинаас илүү гарсан санал талаар лавлахад
СЕХ-ны дарга Ц.Сономцэрэн: “Улсын бүртгэлд бүртгэгдсэн сонгогчид саналаа өгсөн. Нэг ч хүний санал зөрөөгүй. Хардалт, сэрдэлт дарамт шахалт гарсан. Бид автомажуулсан систем, хуулиа бариад ажилласан” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Болд: -Сонгуультай холбоотой маргаан их гарлаа. СЕХ-ноос нэгдмэл ойлголт авмаар байна. 2008 онд намын байр шатаж, таван залуугийн амь үрэгдсэн. Тиймээс Сонгуулийн тухай хуулийг зөв батлах ёстой юм байна гэж үзээд автоматжуулсан системээр санал тоолохоор болсон. Хар машиныг хаанаас хэн оруулж ирсэн бэ? Хар машины тоонд итгэж болж байна уу, үгүй юу? Өнөөдөр хар машинаар санал тоолсон. Гэтэл шатаагаад хар машинаа зөвшөөрөхгүй байсан хүмүүс чимээгүй болчихлоо. Тиймээс СЕХ нэгдсэн мэдээлэл өгөөч. Автомат машины программ хангамж нь намайг санал өгөхөд гацаж байна лээ. Иргэд хурууны хээгээр бүртгүүлсэн. Хурууны хээ таних систем нь зөв ажиллаж байна уу? Гуравдугаарт “царцааны нүүдэл” дахиад гарсан юм уу? Яагаад хориглоогүй юм бэ?
СЕХ-ын дарга Ч.Содномцэрэн: -Автомат төхөөрөмж ажиллуулах хууль байдаг. Сонгуулийн автоматжуулсан системийн хууль 2011 онд батлагдсан. СЕХ энэ хуулийг хэрэгжүүлж ажилласан. Тэр хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг хангаж ажилласан. Найдвартай эсэхийг энэ удаагийн сонгуулиар харлаа. Бид төв серверт ирж байгаа дүнг шууд дамжуулсан. Ингэснээр эргэлзээ төрүүлэхгүй болсон байх. Хурууны хээний талаарх мэдээлэл ТЕГ-т хадгалагдаж байдаг. 2008 онд жижиг 76 тойргоор явагдсан. “Царцааны нүүдэл”-ийг хуулиар хориглоогүй. Нийтдээ 18 мянган хүн шилжилт хөдөлгөөн хийсэн. Нарийн мэдээллийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт байдаг.
Автомат машиныг 2011 онд техникийн сонголт хийж сонгосон. Эхлээд Солонгосын автомат машиныг сонгосон боловч буцаагдсан үүний дараа АНУ-ын машиныг сонгосон. Энэ удаагийн сонгуулиар нийт санал авах хэсгийн 42 хувьд буюу 8400 санал авах тойрогт хяналтын тооллого хийсэн. Программ хангамжийн хувьд манай инженерүүд сонгуулийн системдээ тохируулаад хийдэг. Ерөнхийлөгчийн сонгуулиар ч өөрсдөө хийх боломжтой болсон.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: -2004 оны сонгуулиас хойш бүтэн 12 жилийн дараа анх удаа харьцангуй тайван сонгууль болж байна. Энэ сонгуулийн ажлыг хуучин эрх баригчдын үед томилогдсон хүмүүс зохион байгуулсан учраас маргаан гарахгүй байх. Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгийг мартаж болохгүй. 2011 онд батлагдсан Сонгуулийн хуульд өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна уу. Тийм бол саналаа яаралтай УИХ-д оруулж ирэх үү.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: –Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Энэ намартаа багтаагаад УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа учраас УИХ-д саналаа хүргүүлнэ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:-Хүнд сонголт, хүнд нөхцөлд намайг дэмжиж сонгосонд Баянголчууддаа баярлалаа. Ц.Нямдорж гишүүнтэй санал нэг байна. Монгол төрийн бодлого тасралтгүй үргэлжлэх ёстой. Хэт олонхидоо эрдэж монгол төрийг, төрийн албан хаагчдыг бужигнуулахгүй байх гэж итгэж байна. Сонгуулийн өмнө явж байсан янз бүрийн мэдээллийг хуулийн байгууллага нь шалгах байх. Монгол төрд ажиллаж байгаа олон мянган иргэн байгаа. Тиймээс тангараг өргөсөн төрийн албан хаагчдаараа битгий оролдоорой, улс төрийн албан тушаалаа томилоорой. Ардчилсан намын бий болгосон бүтээн байгуулалтыг зогсоохгүй байх гэж найдаж байна. Энэ маргаантай байгаа тойргуудаа яах юм бэ. Тангаргаа өргөөд болчих юм уу, удаа дараа гарсан зөрчлүүдийг яах вэ?
Ч.Содномцэрэн:-Энэ удаагийн сонгуулиар харьцангүй бага зөрчил, гомдол гарсан гэж үзэж байна. Сонгуулийн хуулиар зөрчил гомдлыг хэн шийдвэрлэх вэ гэдэг шинэ заалт орчихсон. Энэ нь 117.1 дээр цагдаагийн байгууллага шалгана, шүүх шийдвэрлэнэ гээд заачихсан байгаа.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: -Хар машиныг луйвар хийсэн гэж бодохгүй байгаа. Хар машиныг шатаая гэж гудамжинд жагсаж явсан хүмүүс хар машины ачаар орж ирсэнд баяр хүргэе. Хар машиныг үзэн яддаг хүмүүс дахиж харж машиныг битгий шатаагаарай. Сонгуультай холбоотой хэд, хэдэн маргаан байгаа. Үүнд СЕХ анхаарлаа хандуулаарай. Эрх баригч болж байгаа МАН-ынхан дөрвөн жил хулгайтай тэмцэнэ гэж ярьсан, хулгайтайгаа тэмцээрэй, сүүлийн дөрвөн сар оффшортой тэмцэнэ гэсэн, оффшортойгоо тэмцээрэй.