Categories
мэдээ цаг-үе

Византийн эзэнт гүрэн

Сонин маань цувралаар дэлхийн үүсэл хөгжлийг тодорхойлж соёлт нийгмийн дэг жаяг, шашин шүтлэг, үнэт зүйлсийн суурийг тавьж байсан агуу гүрнүүдийн тухай өгүүлж байгаа билээ. Өнөөдөр зарим тохиолдолд Зүүн Ромын эзэнт гүрэн гэж хэлэгдээд байдаг угтаа бол Византийн эзэнт гүрний тухай өгүүлэх гэсэн юм.

Византийн эзэнт гүрэн гэдэг маань сөнөж сүйрсэн Ромын эзэнт улс, түүний дараа өрнөд хэсгээрээ түмэн улс болон бутрахад хөрөнгө мөнгө, соёл иргэншлээ авч үлдсэн Зүүн Ром мөн бөгөөд 1453 онд туркуудад бут ниргүүлтлээ мянга гаруй жил оршин тогтносон хамгийн урт настай эзэнт гүрэн билээ.

Ид хүчирхэгжиж явахдаа Испаниас Перс хүртэлх газарт эрх мэдлээ эгшээж Балканы хойг, Бага Ази, Сири, Палестин болон Египетийг багтаасан энэ дэлхийн эгнэшгүй том эзэнт гүрэн байжээ. Византи нь Ромын удирдлагын систем, хууль журмыг өвлөн авч хэрэгжүүлж байсан ч гэлээ дорно тал руугаа хазайсан шашин шүтлэгтэй, хэл соёлын хувьд ром гэхээсээ грек давамгайлсан улс байлаа. Тийм ч учраас Христийн шашныг хүндэлж дорно Европын томоохон төлөөлөгч болон мэндэлж байсан славян хүмүүсийн сэхээрэлд том түшиц болсон билээ. Одоо цагийн Истамбул буюу тухайн үеийн Константинополь нь Византийн эзэнт гүрний нийслэл гэхээсээ Христийн шашны өлгий нутаг, төв нь гэж нэрлэгдэж байсан юм. Гэхдээ Константинополиос гадна Антиохи, Александр гэх мэт засаг захиргаа худалдааны том хотууд ч Византиг чимж байсан юм шүү.

Византийн түүхийг өөрчилсөн үйл явдал Константин I хаантай их холбоотой. Зүүн Ромын эзэнт гүрний дотор өрнөж байсан иргэний дайныг зогсоож ялагчаар тодорсон эзэн хаан Константин I, 330 онд Эзэнт гүрнийхээ нийслэлийг Грекийн далайчдын МЭӨ 659 онд Боспорын хоолойн эрэгт босгосон Бизанс хот руу нүүлгэжээ. Ийнхүү Бизанс хот Византийн эзэнт гүрний нийслэл болсноор нэрээ Константинаполис хэмээн өөрчиллөө. Цаг хугацаа улирах тусам Баруун Ром хоосрон сүйрч түүнийгээ даган Константинополь хөгжин дээшилж хүн ам нь олширч, хот хүрээгээ тэлэх болов. Хотод гоё сайхан ордон барилгууд баригдаж, арилжаа наймаа цэцэглэн, усан боомтод нь олон орны хөлөг онгоцууд шахалдах болжээ. Византийн эзэнт гүрэн, Дорно дахины орнуудтай ердийн хөсгөөр болон далайн худалдааг өргөнөөр явуулж Иран, Араб, Абиссин, Энэтхэг, Хятадаас үнэт чулуу, тансаг үнэртэн, зааны яс, амтат боов болон торгыг авчирч худалдаалж, эзэнт гүрний гар урчууд нь шилэн сав, нэхмэл, алт мөнгөн эдлэлийг урладаг байв. VI зууны үеэс эхлэн Византийн эзэнт гүрэн хүр хорхойн торго нэхэх болов.Юстиниан хааны үед Византи хөгжлийнхөө оргилд хүрчээ. Энэ хааны үед дөрвөн боть болгон нэгтгэсэн Ромын багц хуулийг сахих болж олон зуун жилийн туршид бүх нийтээрээ даган мөрдсөн юм. Хожмоо бага зэрэг өөрчлөгдсөн ч гэлээ эдгээр хуулиуд нь Франц, Герман, Итали зэрэг улсуудын үндсэн хуулийн суурь болон үлдсэн гэх юм. Түүнчлэн Юстиниан хааны үед өнөөгийн Истамбул хотноо сүндэрлэсээр байгаа Гэгээн Софийн сүм (532 он) болон бусад нэлээд олон байгууламжийг барьж бүтээсэн байна. Юстиниан хаан өөрийн ухаант эхнэр Феодарагийн хамт 527-565 оны хооронд төр барихдаа энх тайван, амар амгалан амьдрал, цэцэглэлтийг Византид авчирсан нь тухайн улсын хувьд хамгийн сайхан үе нь байжээ.

Византийн эзэнт гүрний агуу их хаан Юстиниан өөрийн эхнэр Феодарагийн хамт

Дундад зууны төгсгөл хавьцаа османчуудын хүч чадал үлэмж ихэслээ. ХIV зуун гэхэд Османы эзэнт гүрэн өөрийн гартаа Бага Азийн ихэнх газар нутгийг авч Балканы хойг руу тэмүүлэх болсон. Нэг талд нь дотоодын ухаалаг удирдлага, чадварлаг цэрэг армийн давуу тал бүхий Осман, нөгөө талд нь шашны эсрэг тэсрэг үзэл бодлын сөргөлдөөн, мулгуу хаадын удаан хугацаанд төр барьж улс эх орноо элгээр нь хэвтүүлсэн түмэн шалтгаанууд Византийн эзэнт гүрнийг мөхөлд аваачлаа. Ингээд 1453 оны тавдугаар сарын 29-нд Константинополь хот Османы султан Мехмедом II-ийн армид эзлэгдэж Византийн сүүлчийн император Константин XI дайны талбарт алагдсанаар мянган жилийн түүхтэй Византийн эзэнт гүрэн түүхийн тавцангаас арчигджээ. Үүний дараа туркууд Константинополийг Истамбул хэмээн нэрийдэж Османы эзэнт гүрний нийслэл болгон зарласан бөлгөө.

Гэгээн Софийн сүм

ГЭНЭЭ СОФИЙН СҮМ

Эзэн хааны ордны хажууд баригдсан үнэн алдартны шашны өлгий сүм. Хожмоо мечеть болгон хувирсан ч гэлээ 1935 оноос эхлээд шашны зорилгоор ашиглахаа больж музей болгожээ. 326 онд Константин хааны үед анх баригдаж эхэлсэн ч гэлээ нурж босч, шатаж сүйрч баахан зовлон үзсэний эцэст Юстиниан хааны үед одоогийнхоо дүр төрхийг олсон. 537 онд цоо шинээр сүндэрлэн боссон гэгээн Софийн сүмийг сонирхоод тойрон алхаж явахдаа Юстиниан хаан “Агуу Соломон! Би нэрээ мөнхлөх гайхамшгийг бүтээжээ” хэмээн уулга алдаж байсан гэдэг. 55,6 метрийн өндөртэй, бөмбөрцөг хэлбэрийн орой нь 31 метрийн диаметртэй энэ сүмийн дотор талыг Юстиниан хаан алтаар бүрэх бодолтой байсан ч үзмэрчдийн “таны дараа ирэх хаад шунахай сэтгэлээр сүмийг тонох болно” гэдэг үгийг сонсоод больж мрамороор доторлосон гэлцдэг.

Хүр хорхойн торгыг Византийн нэхмэлчид нэхдэг байлаа

Византи нь Европ Азийг холбосон худалдаа наймааны гол судас нь болж цаашлаад хөгжин дэвших үүдийг нь нээж өгсөн. Энд торго нэхэж, алт мөнгө цохиж, гар урчуудынх нь урласан ваар сав умард зүг рүү ачигддаг байсан бол тэндээс загас жараахай, ангийн үнэт арьс, алт зөрөөд ирнэ. Дорно зүгээс амтат жимс жимсгэнэ, тансаг үнэртэн, үнэт чулуунууд ачигдан ирээд оронд нь хүр хорхойн торго, шилэн сав, газар тариалангийн багаж зэвсэг ачигддаг байжээ.

Бэлтгэсэн д.БАТ-ЭРДЭНЭ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *