Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Мөнхмандах: Нийгмийн элит давхарга өдөр тутмын сонин захиалдаг

Дэлхийн цаасан хэвлэлийн төлөвийн талаар Монголын хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктор М.Мөнхмандахтай ярилцлаа.

-Танай байгууллага 17 жилийн турш Монголын хэвлэл мэдээллийн салбарт судалгаа хийж тайлан гаргалаа?

-1999 оноос хойш жил бүр тайлан гаргаж байна. Дани улсын санхүүжилтээр анх эхэлж байсан энэ судалгаа нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын суурь статистикийг цуглуулах зорилготой байсан. 2002 онд төслийн хэрэгжих хугацаа дууссанаас хойш Хэвлэлийн хүрээлэн өөрийн нөөц, боломждоо тулгуурлан судалгааг үргэлжлүүлсээр өнөөг хүрсэн. Бидний тайланг хэвлэл мэдээллийн салбарынхан, шийдвэр гаргагчид судлаачид, мэргэжлийн салбарт суралцаж байгаа оюутнууд ашигласаар ирсэн. 1999 онд судалгаа хийж эхлэхэд Монголд 205 хэвлэл мэдээллийн байгууллага байсан. Тухайн үедээ жилд маш олон сонин хаагдаж, түүнээс дутуугүй сонин шинээр нээгдэж байсан. Харин өнөөдөр бол хэвлэл мэдээллийн байгууллагууд илүү тогтвортой, мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулдаг болсон.

-Цаасан хэвлэлийн ирээдүй бүрхэг тухай яриа үнэн үү?

-Энэ тухай сүүлийн 30-аад жил ярьсан. Гэвч өнөөг хүртэл устаагүй. Устахгүй гэдэгт итгэлтэй байна. Монголчуудын хувьд 1990-ээд оныг цаасан хэвлэлийн цэцэглэлтийн үе гэж үзэж болно. Тооны хувьд ч, мэдээллийн төрөл, чанарын хувьд ч дэвшил гарсан. Гэхдээ тэр цагаас хойш цаасан сонины тоо буурсаар ирсэн. Энэ бол зөвхөн Монголд гарч байгаа үзэгдэл биш. Дэлхийг хамарсан үзэгдэл. Бууралт байгаа ч хэрэгцээ, шаардлагын хувьд эрэлт өндөр байгаа. Зарим талаараа буурсан харагдаж байгаа ч цахим хэлбэрийг тооцвол өдөр тутмын сонин ихээр буураагүй. Монголын өдөр тутмын сонинууд энэ нөхцөлд хөрвөх чадвартай, сайн ажиллаж байгаа гэж боддог. Захиалагчдадаа сониноо цахимаар, цаасаар, бусад хэлбэрээр хүргэх хэлбэрт орсон. Цахим мэдээллийн хэрэгсэл бол муу зүйл биш. Харин үүнийг шинэ боломж гэж харах хэрэгтэй. Цаасаар захиалах боломжгүй нэгэнд цахимаар хүрэх боломж нээгдэж байгаа юм.

-Цаасан хэвлэл бусад хэрэгслээс юугаараа давуу байдаг вэ?

-Цаасан хэвлэл бол нийгмийн үзэгдлийг баталгаажуулдаг. Улсын архивын баримтыг хүн бүр үзэх боломжгүй. Харин цаасан сонин хураасан номын сангаас иргэд тухайн үеийн баримтыг мэдэж чадна. Тийм учраас асуудалд цаасан хэвлэл нэлээд хариуцлагатай ханддаг. Ер нь манайхаас гадна дэлхийд ч өдөр тутмын сонинг харьцангуй боловсрол өндөр иргэд захиалдаг. Олон жилийн захиалагч нь нийгмийн элит давхаргынхан байдаг. Цаасан хэвлэл олон жилийн турш хамгийн итгэл үнэмшилтэй мэдээллийн эх үүсвэрт тооцогдож ирсэн. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд энэ байдал өөрчлөгдөж байна. Өсвөр үеийнхэн сонин уншихгүй байгаа. Өсвөр насныханд сонин унших соёл төлөвшөөгүй учраас интернэтийг мэдээллийн баттай эх сурвалжид тооцно. Тэр бүү хэл нийгмийн цахим сүлжээний нэг хүний мэдээлэлд итгэх нь амархан болсон. Өнөөдөр 13 настай, цахимаар мэдээлэл авч сурсан хүүхэд арван жилийн дараа 23 нас хүрээд сонин уншина гэдэгт итгэхэд хэцүү.

-Өсвөр үеийнхнийг яаж сонин уншуулах вэ?

-Бидний үед багаасаа уншдаг сонин байсан. “Пионерийн үнэн”, “Залуучуудын үнэн” гэх мэт. Одоо бид Ерөнхий боловсролын хүрээнд мэдээллийн боловсрол олгох сургалт явуулах хэрэгтэй. Түүндээ мэдээллийн хэрэгсэл, эх сурвалж, мэдээллийн төрөл, баталгаат байдал, мэдээллийн хэрэгслүүдийн ялгаа зэргийг ойлгуулах нь чухал.

-Зарим сургуульд сонин байдаг.

-Тэр нь мэдээллийн хэрэгсэл гэхээсээ илүү зорилтот бүлгэд хандсан, арилжааны шинжтэй сонин байдаг. Жишээлбэл, математик, хэл гэх мэтийн чиглэлтэй. Харин хүүхдүүд ямар мэдээлэлд, юунд тулгуурлаж итгэх, мэдээллийг яаж шалгах зэрэг мэдлэгтэй болох ёстой.

-Одоо сургалтын программд ямар нэгэн хэвлэл мэдээллийн тухай байхгүй юу?

-Иргэний боловсрол гэсэн программ байгаа. Хэвлэл мэдээллийн тухай байдаг. Гэхдээ багш нар яг юуг, яаж заахаа мэддэггүй. Жишээлбэл сонин, интернэт, телевизийн мэдээний ялгаа, ямар мэдээлэлд итгэх, итгэхгүй гэх олон асуудал байдаг. Энэ бүхнийг өсвөр насныхан мэдэхгүйгээс эхний боломжит нөхцлөөр авсан мэдээгээ туйлын үнэн гэж ойлгодог зуршил үүсдэг. Тэр эх үүсвэр нь голдуу цахим сүлжээ. Улмаар фэйсбүүкт хэн ч, юу ч гэж бичсэн үнэн мэтээр хүлээн авна. Тэр бүү хэл хууртагдаж гэмт хэргийн хохирогч болох тохиолдол гарч байна. Тиймээс мэдээллийн тухай тодорхой мэдлэгтэй байх шаардлагатай.

-Танайх мэргэжлийн байгууллагын хувьд асуудлыг боловсруулаад Боловсролын сайдтай хамтарч хэрэгжүүлж болохгүй юу?

-Бид Л.Гантөмөр сайдад асуудал танилцуулж байсан. “Хөтөлбөр, хөрөнгөө босгочих. Би бодлогоор дэмжээд өгье” гэсэн.