-ОН ГАРСААР 100 ГАРУЙ МАШИН ХУЛГАЙД АЛДАГДАЖ, 40 ОЛДООГҮЙ БАЙНА-
Машин хулгайлдаг томоохон бүлэглэл бий болоод байгаа талаар албаны эх сурвалж бидэнд мэдээлэл өгсөн юм. Нийслэлийн хэмжээнд он гарсаар эхний зургаан сарын байдлаар зуу гаруй машин хулгайд алдагдсан байна. үүнээс 40 гаруй машиныг цагдаа нар олж чадаагүй байгаа гэнэ. Мөн машин хулгайлдаг гэмт хэрэгтнүүдийг цагдаагийн байгууллага барьж чадахгүй байгаа гэнэ. Хамгийн сүүлд гэхэд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс дөрвөн машин хулгайд алдагдсан байна. Он гарсаар хулгайд алдагдсан 100 гаруй машинаас 60 нь олдсон гэдгийг эх сурвалж онцлон хэлсэн. Гэхдээ хулгайч нарын олонхыг барьж чадаагүй гэнэ. Учир нь гэмт хэрэгтнүүд хулгайлсан машинаа унаж, хотын төвөөр сэлгүүцэж, такси үйлчилгээнд явж, хөдөө орон нутгаар хэсүүчилж дур зоргоороо явдаг байна. Ингээд шатахуун нь дуусах эсвэл эд анги нь эвдэрвэл тэнд нь хаячихаад явчихдаг гэнэ. Мөн автомашинаас нь мөнгө болгочих толь, аккумлятор, хөгжим гэх мэт эд ангийг нь тонодог байна.
ЗАМУУДЫН КАМЕР ЗӨВХӨН ДҮРЭМ ЗӨРЧСӨН АВТОМАШИНЫГ Л БИЧДЭГ
Гэмт хэрэгтнүүд ихэвчлэн “Верна аксент” маркийн солонгос автомашин, мөн “Экстриал”, “Королла”, “Приус” гэх мэт сэлбэг хэрэгслийг нь зарж борлуулж ашиг олж болохуйц машинуудыг хулгайлдаг аж. Солонгос машины хаалгыг онгойлгоход амар хялбар, өөр машины түлхүүр таардаг гэнэ. Энэ нь хулгайч нарын олз болдог байна.
Нийслэлийн ихэнх зам хяналтын камертай болчихсон гэж холбогдох албаныхан хэлдэг. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн гэж жолооч нарт торгуулийн хуудас өгдөг болсон. Дүрэм зөрчсөн жолооч нарыг камерын тусламжтайгаар тогтоож, бүр өөрийнх нь зурагтай хамт нэхэмжлэх шуудангаар илгээж, торгуулийн мөнгөө төл гэж шаарддаг. Гэтэл яагаад машины хулгайч нарыг цагдаа нар илрүүлж чадахгүй байна вэ. Гэмт хэрэгтнүүд бусдын эд хөрөнгийг хулгайлчихаад хотын төвөөр такси үйлчилгээнд явж байхад нь илрүүлэх хяналтын камер, замын цагдаа нар яагаад алга байна вэ. үүний хариултыг олоход амархан юм байна. Замын хяналтын камерууд тухайн замаар зорчиж байгаа бүх автомашиныг бичдэггүй гэнэ. Зөвхөн дүрэм зөрчсөн машины дүрсийг бичиж авдаг аж. үүнийг машины хулгайч нар овжин ашигладаг бололтой. Бусдын машиныг хулгайлчихаад хотын төвөөр явахдаа замын хөдөлгөөний дүрэм журмыг зөрчилгүй явдаг гэнэ. Явган хүний зам дагуу тавьсан камерууд өнгө дүрсний ялгарал тааруу, нягтаршил багатай байдаг юм байна. Машин хулгайлж байгаа гэмт хэрэгтнүүд хаана хяналтын камер байгаа, аль зам дээр бүх машиныг хянадаг камер байхгүй гэдгийг бүрэн судалчихсан байдаг бололтой. Хулгайлсан машиныхаа эд ангийг салгаж сэлбэгийн томоохон захуудын ченжүүдэд хямд үнээр өгдөг гэнэ. Цагдаа нар машин хулгайд алдсан хэрэг гарахаар “Камерын ямар ч бичлэг алга байна. Бид араас нь хөөж байгаа. Гэхдээ хэд хоногоос аль нэг эд анги нь алга болчихсон олдох байх. Тэрийг хүлээж бай. Хэрэв задаргаа хийгдчихсэн байвал олдохгүй шүү дээ” хэмээн сууж байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, машины хулгайч нарыг илрүүлэх, барих талаар ямар нэгэн ажиллагаа хийлгүйгээр сууж байдаг юм билээ гэдгийг эх сурвалж онцолж байв. Хоёр жилийн өмнө Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс ланд 80 маркийн автомашин хулгайлж, хөдөө орон нутагт зардаг бүлэглэлийг барьж байсан. Гэмт хэрэгтнүүд хулгайлсан машиныхаа улсын дугаар, бичиг баримтыг солиод хөдөө орон нутагт буюу малчдад хямд үнээр худалдаалдаг байсан нь тогтоогдсон. Мөн автомашин хулгайлаад эд ангийг нь задалж зардаг гурван ч томоохон бүлэглэл баригджээ.
Өршөөлийн хуулиар суллагдсан залуус уг хэргийг хийж байх магадлал өндөр гэх таамаг цагдаа нарт байгаа гэнэ.
Э.Баатар