УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 37 200 ШАЛГУУЛАГЧ ЭЕШ ӨГНӨ
Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр улсын хэмжээнд 37 200 шалгуулагч бүртгүүлсэн байна. Харин шалгалтын байрны хувьд улсын хэмжээнд орон нутагт 21, Нийслэл хотод 49 шалгалтын байрыг бэлдсэн ажээ. ЭЕШ-ыг өмнөх жилүүдэд их, дээд сургуулийн байруудад авдаг байсан бол энэ жилээс дунд сургуулиудын байранд зохион байгуулахаар болсон байна.
ОРОН НУТАГТ ТУРШИЛТААР СОНСОХ ЧАДВАРЫН ШАЛГАЛТ АВНА
Энэ жилийн ЭЕШ-ын журамд Монгол хэл, Англи хэл, Орос хэлний хичээлүүдийн сонсох чадварыг сорих даалгавар нэмэгдсэн боловч Улаанбаатар хотын шалгалтын байруудад тавих тоног төхөөрөмжийн тендерийг сангийн яамнаас дахин зарлахаар болсон байна. Тийм учраас шалгаруулалтын хугацаа хойшилж, энэ жилийн сонсох чадварын даалгаврыг авахгүйгээр хуучин шалгалтын бүтцээрээ авах болжээ. Харин хөдөө орон нутагт туршилтын журмаар дүн оноонд нөлөөлөхгүйгээр сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврыг авна.
ЦАГИЙН ӨМНӨ ШАЛГАЛТЫН БАЙРАНДАА ИРЭХ ШААРДЛАГАТАЙ
Шалгуулагч шалгалтын байранд нэг цагийн өмнө ирэх бөгөөд анги танхимдаа 10 минутын өмнө суудлаа эзлэх шаардлагатай гэнэ. ЭЕШ-ыг орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулна. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт Монгол хэл, бичгийн шалгалтаар эхлэнэ. Тус шалгалтыг энэ сарын 15-ны өдрийн 12:00 цагаас эхлэн 13:40 минут хүртэл явуулах юм байна.
МЕТАЛЬ ИЛРҮҮЛЭГЧЭЭР ШАЛГАЖ, ОРУУЛНА
Бүртгүүлсэн бүх шалгуулагчид элсэлтийн ерөнхий шалгалтын журамтай маш сайн танилцах шаардлагатайг албаныхан санууллаа. Шалгалтын байранд гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер MP3, MР4, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур зэргийг оруулахгүй байх үүднээс металь илрүүлэгч болон сүлжээ сарниулагчийг ашиглах юм байна.
ҮНЭГҮЙ ХАРАНДАА ТАРААНА
Монгол хэл бичгийн шалгалт болон ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут байна. Харин монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут ажээ. Бүх шалгалтын материалын хариултын хуудасны хэсгийг харандаагаар тод засваргүй бөглөж, будах ёстой бөгөөд Боловсролын үнэлгээний төвөөс шалгуулагчдад үнэгүй харандаа тараах гэнэ.
Шалгуулагчид шалгалтад орохдоо дараах материалыг бүрдүүлсэн байна.
1. Бүртгэлийн хуудас
2. Суудлын хуваарь
3. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
4. Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг баримтыг бүрдүүлэх ёстой. Мөн өмнөх оны төгсөгчдийн хувьд бүртгүүлсэн бүртгэлийн хуудсаа Боловсролын үнэлгээний төвд ирж, тамга даруулж баталгаажуулах хэрэгтэйг мэргэжилнүүд санууллаа.