ОХУ-ын шоронд хоригдож байгаад уржигдар суллагдсан Украины цэргийн албан хаагч, нисгэгч Надежда Савченко нутаг буцсан билээ. Киев хотноо Украины Ерөнхийлөгч П.Порошенко болон Н.Савченко нарын хамтран хэвлэлийн бага хурал хийсэн байна. Энэ үеэр Н.Савченко улсынхаа Ерөнхийлөгч болоход бэлэн буйгаа мэдэгдсэн байна. Н.Савченко “Би нисэхийг хүсч байна. Гэхдээ ард иргэд маань хүсвэл би Украины Ерөнхийлөгч байхад бэлэн байна” гэв. Украины парламент буюу Дээд радын гишүүний хувиар тэрээр олзонд буй эх орон нэгт цэргүүдийг чөлөөлөх болон армийн асуудлаар түлхүү анхаарахаа мэдэгджээ. Тэрбээр “Би армийн хяналтын хороонд ажиллах болно.
Өнөөдөр манай армид авлигал ямар түвшинд байгааг сайн мэднэ. Тиймээс авлигын эсрэг тэмцэх болно” гэж онцолсон байна. Мөн тэрээр цааш нь Украины зүүн хязгаар дахь олзонд байгаа цэргийн албан хаагчдыг чөлөөлөхийн тулд өөрсдийгөө бүгд найрамдах улс тунхагласан төлөөлөгчидтэй уулзахад бэлэн буйгаа мэдэгджээ. Н.Савченко Украины зүүн хязгааар дахь нөхцөл байдлын талаар “Энэ бол Орос-Украины дайн болохоос иргэний дайн бус юм гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тавдугаар сарын 25-нд Украины нисгэгч Надежда Савченкод өршөөл үзүүлсэн билээ. ОХУ-ын шүүхээр Н.Савченког Донбасс хотноо Оросын сэтгүүлчдийн аминд хүрсэн гэх хэргээр 22 жилийн ял оноож хорьсон юм. В.Путин түүнд өршөөл үзүүлсний хариуд Украинын тал 14 жилийн хорих ял сонсоод байсан оросын хоёр иргэн Александр Александров, Евгений Ерофеев нарыг Оросын талд хүлээлгэн өгчээ.