Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тарчиг цагийн гэгээтэй ганц мэдээ Оюу толгой л байна

“Рио”-гийн босс саявтар Монголд ирээд буцахдаа Ерөнхий сайд Ч. Сайханбилэгт тусгайлан талархал илэрхийлэв. Оюу толгойг цааш нь хөдөлгөх хүч зориг гаргасанд нь, төдийгөөс өдий хүртэл энэ том төслийг уясан популистуудын эсрэг эргэлзэх юмгүй тэмцсэнд нь, хамгийн гол нь улсынхаа хөгжлийг бодож алсыг харсанд нь баяр хүргэсэн хэрэг. Мэдээж “Рио”-д том ашиг өгөх дэлхийн төсөл учраас ноён Жакийн хувьд “Оюу толгой” цааш хөдлөх нь алга ташиж баярлахаас аргагүй үйл явдал л даа. Өмнөговьд болсон “Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын гараа” ёслолд оролцсон хүмүүсээс хамгийн сэтгэл өндөр байсан нь “Рио”-гийн гүйцэтгэх захирал. Дэлхийн уул уурхайн акул компанийн боссыг баярлуулсан энэ үйл явдал монголчуудын хувьд ч талархан хүлээж авахаас аргагүй түүхэн өдөр.

Гадаадын хөрөнгө оруулалт татарсан, эдийн засгийн өсөлт оргил үеэсээ хэд дахин буусан, худалдан авах чадвар ташраараа муудчихсан, компаниудынх нь данс хоосон, банкууд нь зээлэх мөнгөгүй гацсан тарчиг хаврын ганц гэгээтэй мэдээ нь Оюу толгой болж байна. Эдийн засаг сэргэх нь гэсэн итгэл, горьдлого төрүүлсэн үйл явдал өнгөрсөн долоо хоногийн хагас сайн өдөр болоод өнгөрлөө. Монголчууд өнгөрсөн зуунд Эрдэнэт гэж том бүтээн байгуулалт эхлүүлж байв. Эрдэнэт үйлдвэр саяхныг хүртэл ганц саалийн үнээ маань байсныг бултаараа мэднэ. Ерээд оны бэрх үед Эрдэнэт үгүй бол мөнгөгүйдэж хэцүүдэхээр байсныг ярих юм биш. Эрдэнэтийг хөдөлгөсөн нь нүдээ олсон явдал болсныг иймэрхүү жишээгээр өлхөөн нотолчихно. Харин энэ зууны хамгийн том бүтээн байгуулалт бол Оюу толгой. Өчнөөн улстөржилт, тухайн үедээ ид моодонд орж байсан гудамжны хөдөлгөөний эсэргүүцэл дунд ямар азаар энэ том төслөө хөдөлгөө вэ гэсэн олзуурхал төрдөг юм. С.Баяр Оюу толгойг хөдөлгөсөн гавьяатай Ерөнхий сайд. Түүний хөдөлгөсөн төслийн эрч хэдэн жилийн өмнө суларч эдийн засагт яаж муугаар нөлөөлснийг иргэн Дорж, Дулмаа өнөөдөр ч амьдралаараа амсч яваа. Оюу толгойн ордын үнэ цэнийн 80 хувийг агуулж байгаа гүний уурхайн бүтээн байгуулалт гацсан нь гадны хөрөнгө оруулалтын урсгалыг хумихад шууд утгаараа нөлөөлснийг эдийн засагчид ч онцолдог.

Хүчээ авсан попуудын эсэргүүцэл дунд Оюу толгойг хөдөлгөж чадсан гавьяа Жакийн хэлснээр Ч.Сайханбилэгт ногдохоос аргагүй. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг Ч.Сайханбилэг ба түүний баг үргэлжлүүлж чадсан. Баг гэж онцолсон нь учиртай. “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу толгой”-н гүйцэтгэх захирал Да. Ганболд тэргүүтэй эрхмүүдийг хэлээд байна л даа. Б.Бямбасайханы хувьд бизнесийн том төслүүдэд ажиллаж байсан туршлагатай, 120 сая ам.долларын хөрөнгө татаж босгосон анхны салхин станц “Салхит” гээд ярихад л гол ажлыг нь нугалсан хүмүүсийн нэг. Бизнес эрхэлж байсан, зовлон жаргалыг нь яс махаараа мэдэрсэн бизнесмэнүүдийн нэг. Хөрөнгө оруулалт татах чиглэлээр мэргэшсэн гэсэн үнэлгээ түүнд томдохгүй. Өдгөө гэхэд л тэр дотоод, гадаадын 260 гаруй хөрөнгө оруулагчийг нэтгэсэн Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн даргаар ажилладаг. Хөрөнгө оруулалт, төслийн менежмэнт, санхүүгийн зөвлөгөө өгдөг “НоваТерра” ХХК-ийг удирдаж байсан үе намтарт нь бий. Ингээд зогсохгүй Азийн хөгжлийн банкинд ажиллаж байхдаа Дундад Азид эрчим хүчний хөрөнгө оруулалтын төслүүд хэрэгжүүлж байсан туршлагатай. Гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимжихэд Б.Бямбасайханы нөлөө, үүрэг их байгаа. Да.Ганболдын тухайд ярих юмгүй мундаг эдийн засагч. Ардчилал, зах зээлийг сонгосон ерээд оны хувьсгалыг эхлүүлсэн гол хүмүүсийн нэг. Төдийгөөс өдий хүртэл ёстой нөгөө үхэхээс бусдыг үзнэ гэдэг шиг улс төрд хатаагдсан түүнд шүлсээ үсчүүлэхээс өөрийг мэдэхгүй популистууд түүртэхээр саад биш л дээ. Ч.Сайханбилэгийг ийм түүхэн шийдвэр гаргахад зоригжуулж байсан хүмүүсийн нэг тэр мөнөөсөө мөн.

Оюу толгой цахим хуудсандаа ирэх гурван сард зарлах тендерийнхээ төлөвлөгөөг байршуулсан байна лээ. Компаниудад том боломж гарч ирж байна гэсэн үг. Гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаанд хамтрах ханган нийлүүлэгчдийн дийлэнх нь үндэсний компаниуд байна гэсэн тохироог хувь нийлүүлэгчид хийчихсэн. Энэ том бүтээн байгуулалтад зарцуулагдах 100 төгрөг болгоны 80 төгрөгийг нь Монголд үлдээнэ гэсэн төлөвлөгөө бий. Оюу толгойн ТУЗ-ийн монгол гишүүдийн зүгээс энэ тал дээр анхаарал хандуулж, нэлээд хүч тавин ажиллаж байгаа. Тэгэхээр Монголын компаниуд чадавхитай, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж чадаж л байвал Оюу толгойн бүтээн байгуулалтын ажилд оролцох боломжтой гэсэн үг.

Бүтээн байгуулалтад ажиллах хүмүүсийг ажилд авах зар ч ирэх долоо хоногоос өдөр тутмын сонинуудаар яваад эхлэх юм билээ. Гагнуурчин, слесарь гээд уурхайд ажиллах хүсэлтэй залууст орлоготой болох бодит боломж бүтээн байгуулалт хөдөлснөөр нээгдлээ гэж ойлгож болно. Энэ жилдээ дор хаяж 1000 хүнийг ажилтай болгохоор төлөвлөснөө зарлачихсан. Бүтээн байгуулалтын оргил үед өмнийн говийн Оюу толгой уурхайд 3000 хүн ажиллана. 3000 ажлын байрны хувьд 24 сарын хугацаанд бий болно гэсэн хүлээлт таамаг бий. Энэ бол зөвхөн Оюу толгой компанийн хэлж байгаа ажлын байр. Нэг өрх гурваас дөрвөн ам бүлтэй гэж тооцоход Оюу толгойд ажиллах 3000 хүнийг дагаж дор хаяж арван мянга орчим хүн орлоготой болох юм. Ханган нийлүүлэгч компаниудад ажиллаж цалин авах хүмүүсийг оруулбал энэ тоо эрс нэмэгдэх нь ойлгомжтой. Лав л Оюу толгойн эхний шатны бүтээн байгуулалт өрнөсөн хугацаанд нийтдээ 40 мянган ажлын байр бий болсон гэсэн статистик дуулддаг.

За тэгээд Оюу толгой төсөл хөдөлснөөр жил бүр тэрбум ам.доллартай тэнцэхээр хэмжээний хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг бол онцолж хэлэхээр таатай мэдээ. Олон улсын санхүүгийн байгууллагууд, АНУ, Канад, Австралийн Засгийн газрын харьяаны экспортын зээлийн агентлагууд болон 15 арилжааны банктай байгуулсан гүний уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх төслийн санхүүжилтийн гэрээгээр 4.4 тэрбум ам.долларыг нь батлаад байгаа. Тэд “Рио”-той байгуулсан гэрээндээ зээлийн дээд хэмжээг зургаан тэрбум ам.доллар хүртэл байхаар тохиролцоод буй. Гүний уурхайн бүтээн байгуулалт өрнөх 5-7 жилд энэ хэмжээний ам.долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирэх нь тодорхой болсон гэсэн үг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Тарчиг цагийн гэгээтэй ганц мэдээ Оюу толгой л байна” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар хэвлэгдэн гарч, уншигч захиалагчдадаа хүрч байна. Өнөөдрийн дугаарыг тоймлон хүргэе.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы эхэнд Засгийн газраас малчдын талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээний талаар үг хэлсэн юм. Энэ тухай нэг, хоёрдугаар нүүрнээс уншаарай. 2016 оны эхний дөрвөн сарын нийгэм эдийн засгийн байдлын талаар Улсын бүртгэл, статистикийн газраас мэдээлэл хийсэн. Энэ талаар нэгдүгээр нүүрнээс уншиж үргэлжлэлийг нь долдугаар нүүрнээс сонирхоорой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг гуравдугаар нүүрт “Тарчиг цагийн гэгээтэй ганц мэдээ Оюу толгой л байна” нийтлэл хэвлэгдэн гарлаа. Эдийн засаг сэргэх нь гэсэн итгэл, горьдлого төрүүлсэн үйл явдал өнгөрсөн долоо хоногт болсон билээ. Энэ бол Оюу толгойн гүний уурхайн ашиглалт эхэлсэн явдал. Оюу толгой төсөл урагшилснаар тэнд ажиллах 3000 хүнийг дагаж дор хаяж арван мянга орчим хүн орлоготой болно гээд маш олон таатай мэдээ дуулдаж буй. Энэ тухай гуравдугаар нүүрээс бүрэн эхээр нь уншиж үзнэ үү.

Бямба гариг бүр хүргэдэг “Нэг ангийнхан” буландаа Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний болон нэгдсэн факультетийн нэгийн тав, зургаад 1966 онд элсэн орж 1971 онд төгссөн ангийнхныг урьж оролцууллаа. Академич, Монгол улсын гавьяат эмч, Эрүүл мэндийн сайд асан, вирус судлаач, профессор Пагмажавын Нямдаваа, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Санжаажавын Оюун, нэрт яруу найрагч Тоомоойн Очирхүү, Улсын арслан П.Дагвасүрэн нарын олон эрхэм тус факультетэд сурч байжээ. Энэ тухай нэг, зургадугаар нүүрээс уншина уу.

Монголын уулчдын холбооны тэмцээнт төрөл хариуцсан дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, “Skypro” компанийн үүсэн байгуулагч Б.Золжаргалыг “Өдрийн зочин” буландаа энэ удаа онцоллоо. Уулын спортын олимпийн аваргыг эх орноосоо төрүүлэх хүсэлтэй бүсгүйн тухай тавдугаар нүүрнээс унших боломжтой.

Цагдаа нар ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө хэрхэн ажиллаж байгаа, цаашид яаж ажиллах, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа ямар байгааг харуулах гол зорилготойгоор Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөгийг Чингисийн талбайд зохион байгуулжээ. Долдугаар нүүрт энэ тухай хэвлэлээ.

Эдгээрээс гадна “Дэлхийн хүмүүс”, “Хэлэх эрхийн индэр”, “Амрах агшин”, “Ном ярьж өгье”, “Таны гал тогоонд” зэрэг тогтмол булангууд өнөөдрийн дугаарт гарлаа.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *