Categories
мэдээ нийгэм

“Саусгоби сэндс”-ийн улсад учруулсан 35 тэрбумын хохирлыг бүрэн авахаар болжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Саусгоби сэндс” ХХК-д ногдуулсан 35.3 тэрбум төгрөгнийн өр төлбөрийг хэлэлцжээ.

Шүүхээс тус компанийг татвараас зайлсхийж, нуун дарагдуулсан гэх 35.3
тэрбум төгрөгөө Монгол Улсад бүрэн төлөх шийдвэр гаргасан. Ингэхдээ
“Саусгоби сэндс” компанийн улсад учруулсан хохирлыг гурав хувааж авахаар
болсон байна. Тодруулбал, нийт
төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг энэ онд, харин 7,5 тэрбум төгрөгийг ирэх
2017 онд төлж, үлдэгдэл 20,3 тэрбум төгрөгийн өрийг Төрийн өмчит
“Эрдэнэс Таван толгой” компанийн уурхайд өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулж барагдуулах санал тавьжээ.

Энэ саналыг хүлээн авч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг “Эрдэнэс Таван толгой” ХК-д даалгахаар Засгийн газраас шийдвэрлэжээ.

Түүнчлэн “Саусгоби сэндс” ХХК нь Таван толгойн уурхайд ажиллахад
холбогдон гарах тээврийн зардал, цалин хөлс, нийгмийн даатгал, байр,
хоол, цахилгаан, техник хэрэгслийн засвар зэрэг зардлыг бие даан
хариуцах аж. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Таван толгой” ХК-иас ямар нэгэн нэмэлт зардал гаргуулахгүй байхаар тохиролцсон байна.

Ийм шийдвэр гаргаснаар улс хохирохгүй шүүхээс ногдуулсан төлбөрийг
бүрэн хэмжээгээр авахын зэрэгцээ тухайн компанийн үйл ажиллагааг ч
зогсоохгүйгээр өр төлбөрийг эцэслэх боломж бүрдэж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *