Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Уул багийн “Жаргалантын-Энгэр” гэдэг газар гарсан хээрийн түймэр тус аймгийн Булган сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт тархан шатжээ. Түймэрт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн “Тэмээн толгой” гэдэг газар мотоцикльтой зорчиж явсан дөрвөн иргэн хайрагдан түлэгдсэн байна. Тэдний нэг нь Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин 10-15 настай 2 хүүхэд, 1 том хүн нийт 3 хүн түймэрт өртөж нас барсан бөгөөд одоогоор нэр, нас нь тодорхойгүй байгаа аж.
Ихэнх нутгаар салхи, шуурга ихтэй байгаа тул ард иргэд түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, ой хээрт ил задгай гал түлэхгүй байх, айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж занших, насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.