Энэ долоо хоногт ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров манай улсад айлчлах юм. Үүнтэй холбогдуулан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтой ярилцсаныг сонирхуулъя.
-Элчин сайд аа, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров манайд ажлын айлчлал хийхээр пүрэв гаригт ирнэ гэсэн. Үүнээс яриагаа эхэлье гэж бодлоо?
-Тийм ээ, та зөв мэдээлэлтэй байна. ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэл мэдээллийн нарийн бичгийн даргын газраас айлчлалын товыг саяхан баталгаажуулсан.
-ОХУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал хэд хоног үргэлжлэх вэ. Айлчлалын гол зорилгыг юу гэж тодорхойлох вэ?
-Энэ бол нэг хоногийн айлчлал. Гол зорилгын хувьд гэвэл танай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй манай хоёр улсын харилцааны ерөнхий чиг хандлагатай холбоотой нэгэн чухал баримт бичигт гарын үсэг зурах явдал. Энэ баримт бичгийг хоёр тал удаан хугацааны туршид боловсруулсан. Бид зөвшилцөлд хүрсэн тул гарын үсэг зурахаар болсон. Та бүхэнд энэ баримт бичиг таалагдана.
-Энэ нь сайн мэдээ байна гэж найдаж байна.
-Сайхан мэдээ гэвэл С.Лавров танай сайд Л.Пүрэвсүрэнгийн хүсэлтээр Монголын Гадаад хэргийн яаман дээр тусгай зочдын өмнө үг хэлэхээр болсон. Уг арга хэмжээнд оролцох зочдыг Монголын Гадаадын сайдын нэрийн өмнөөс урьсан байгаа. Нээлттэй арга хэмжээ болохоор хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг оролцуулна.
-Та энэ албанд томилогдоод бараг гурван жил боллоо. Энэ хугацаанд ямар ажил амжуулав?
-Маш сонин асуулт байна. Энэ нь миний ажлыг эцэслэн дүгнэж байна гэсэн үг биш байх гэж найдаж байна. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд миний бодлоор манай хоёр Ерөнхийлөгчийн чармайлтаар Засгийн газрууд маань дипломат албадуудын дэмжлэгтэйгээр идэвхтэй, байнгын бөгөөд улс төрийн өндөр түвшний харилцааг сэргээж чадсан. Энэ бол маш чухал амжилт. Олон зууны туршид холбоотой байсаар ирсэн найрсаг харилцаатай хөрш улсын хувьд нэлээд өргөн хүрээтэй хамтран ажилласаар ирлээ. Үүнд харилцан визгүй зорчдог болсныг хэлмээр байна. Худалдаа, эдийн засгийн харилцаанд ч тодорхой ахиц гарсан. Юуны түрүүн Зөвлөлтийн үеэс үлдсэн Монголын өрийн асуудлыг эцэслэн шийдсэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Ингэснээр санхүү, зээлийн салбарт хамтран ажиллах хууль эрх зүйн нөхцөл бүрдэж шинэ боломжууд нээгдлээ гэсэн үг. Гэхдээ энэ эрх нь одоо шууд л сэргээгдэнэ гэсэн үг биш. Парисын клубын дүрмээр өмнөх өрийн асуудал шийдэгдээгүй бол хоёр улсын санхүүгийн хамтын ажиллагаанд тодорхой хэмжээний хязгаарлалт тогтоодог.
Монголын хувьд ерөнхийдөө зээл, санхүүгийн асуудлаар гадаад ертөнцтэй харилцах боломжууд нэлээд нээгдсэн нь маш чухал. Энэ чиглэлээр бид цаашид хамтран ажиллана. Урьд нь байгуулагдсан манай хамтарсан байгууллагууд муугүй ажиллаж байгаа. ЕВРАЗИЙН эдийн засгийн холбоо, Монголын Засгийн газартай хамтран ажлын хэсэг байгуулсан. Энэ нь ОХУ зэрэг улстай худалдааны чөлөөт бүс байгуулахад маш том ахиц дэвшил болсон. Ингэснээр Монгол Улс барааныхаа экспортыг нэмэгдүүлэх таатай боломж бүрдэнэ. Ерөнхийд нь товчхон дүгнэн хэлэхэд ийм байна.
-Та хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болсон тухай ярилаа. Үүнээс хойш ямар нааштай өөрчлөлтүүд гарав?
-Бид энэ асуудалд нэлээд хатуу байр суурь баримтлах ёстой. Тиймээс ерөөсөө визгүй зорчих бус, иргэдийг харилцан зорчих дүрэм журмыг хялбаршуулах тухай ярих нь зөв байх. 2014 оны арваннэгдүгээр сард хоёр улсын Засгийн газрууд гэрээ байгуулж харилцан визгүй зорчих журам гарсаны дагуу манай иргэд зорчихдоо 30 хоногоос хэтрэхгүй, хагас жилдээ 90 хоног зорчих эрхтэй болсон. Олон улсын хэмжээнд харилцан визгүй зорчиход ийм л дүрэмтэй байдаг. Дээр дурдсанаас удаан хугацаагаар байх бол виз авна. Визгүй зорчдог болсноос хойш аялал жуулчлал, ажил хэргийн харилцаа, соёлын хамтын ажиллагаа эрчимжсэн. Оросын хилийн хяналтын байгууллагаас авсан мэдээллээр хилээр нэвтэрч буй хүмүүс болон тээврийн тоо 2014 онтой харьцуулахад өнгөрсөн жил хоёр дахин нэмэгдсэн. Монголоос ОХУ-д зорчих хүмүүсийн тоог Оросоос танайд ирж байгаатай харьцуулахад арав гаруй дахин нэмэгджээ. Хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаанд эерэгээр нөлөөлсөн. Ялангуяа бизнес эрхлэгчдийн хувьд. Түүнээс гадна хилийн ойролцоо амьдардаг хамаатан садангууд харилцаа холбоотой байхад илүү хялбар болсон. Нэг жишээ дурдъя. 2015 оны үзүүлэлтээр Буриад ОХУ-ын бусад субьектүүдээс жижиглэнгийн худалдааны хэмжээгээрээ тэргүүлсэн. Тодруулбал, бараа эргэлтийн хэмжээ нь хоёр дахин өссөн. Энэ нь Монголоос очиж буй жуулчдын тоо нэмэгдсэнтэй холбоотой. Визгүй зорчих нь соёл, хууль эрх зүйн хамтын ажиллагаа, байгалийн гамшиг нүүрлэх гэж байгааг урьдчилан мэдэгдэх зэрэгт эерэгээр нөлөөлсөн. Нэг үгээр хэлэхэд шинэ журам нь олон талын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шинэ боломжуудыг нээж өгсөн гэсэн үг.
Гэхдээ сөрөг талууд бий гэдгийг ч дурдах нь зүйтэй. Зорчиж буй хүмүүсийн тоо нэмэгдэхэд хилийн дэд бүтэц бэлтгэгдээгүй байсан. Нийтдээ 13 хилийн шалган нэвтрүүлэх цэг байдаг. Одоогийн байдлаар түүнээс 10 нь ажиллаж байгаа. Гэхдээ дээр дурдсан цэгүүдийн зарим нь 24 цаг ажилладаггүй. Хамгийн сайн тохижсон гэгддэг Алтанбулаг-Хиагтад гэхэд заримдаа хүмүүс болон машинуудыг олон цагаар хүлээлгэж байна. Үүнийг арилгахын тулд бид арга хэмжээ авч байгаа. Түүнээс гадна янз бүрийн зөрчлүүд гарсаар байгаа. Рублийн ханш буурсантай холбогдуулан Монголын иргэд нэлээд хэмжээний рублийг бэлнээр авч гарах явдал гарсан. 2015 оны нэгдүгээр сарын 31-нд гэхэд Монголын гурван иргэн Буриадын газар нутагт байдаг шалган нэвтрүүлэх цэгээр нэг сая гаруй рубль бэлнээр авч гарахыг завдсан. Малын хулгай нэлээд гардаг байсан. ОХУ-аас Монголоор дамжуулан гуравдагч орон руу мансууруулах бодис гаргах явдал ч бий. Манай хоёр улсын хилчид энэ бүхнийг хараад зүгээр суугаагүй арга хэмжээ авсаар байгаа. Үүний ачаар малын хулгай 67 хувиар буурсан. Хил дамнасан түймэр гарах явдал таван хувиар багассан.
-Манайхаас ОХУ-д экспортолж буй махны хэмжээг нэмэгдүүлэхийн тулд Монголын талаас юунд анхаарах нь чухал вэ?
-Би Монголын хамгийн нөлөө бүхий сонинд ярилцлага өгч байгаа энэ завшааныг ашиглан тодорхой тайлбар өгье гэж бодож байна. Монголд улирлын онцлогоос, арваннэг, арванхоёрдугаар саруудад малаа нядалдаг. Энэ нь манай зах зээл дээр өрсөлөдөхөд яавч эерэгээр нөлөөлөхгүй. Оросын зах зээлд махыг жилийн туршид тогтвортой нийлүүлдэг байх шаардлагатай. Москва зарим орноос авдаг махны квотыг хязгаарласнаар Монголд нэлээд боломж олгосон боловч бидний хүсэн хүлээж байсан үр дүн гараагүй. Хоёр талын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар махны экспортод хамгийн их саад болж байгаа зүйл бол эрүүл ахуйн шаардлага. Танайд эрүүл ахуйн хяналт сул, малын халдварт өвчин байнга гарч байгаа нь тогтмол нийлүүлэлтэд саад учруулж байна. Манайд мах нийлүүлэхэд Оросын хорио цээрийн газраас тавьдаг шаардлагыг их хэмжээгээр экспортлогчид, бэлчээрийн бус малтай газрууд биелүүлэх боломжтой. Түүнээс гадна мах бэлтгэл, боловсруулалтыг сайжруулах шаардлагатай. Тиймээс танайхаас нийлүүлж буй махыг, адууныхаас бусдыг нь боловсруулах хэрэгтэй болдог. Энэ нь танай мах экспортлолд сөргөөр нөлөөлж байна. Монголын махны чанарын хувьд бол ярих юм байхгүй. Гэхдээ зах зээл дээр өрсөлдөж чадахуйц үнэ ханштай байх ёстой. Гэтэл монгол махны үнэ Латин Америкийнхаас илүү үнэтэй. Эцэст нь хэлэхэд манайх ч, танайх ч ДХБ-ын гишүүн тул олон улсын хэмжээнд тавигддаг эрүүл ахуйн шаардлагыг тойрч гарах боломжгүй.
-Элчин сайд аа, та ярилцлагын төгсгөлд ойрын үед хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар манай уншигчдад сонирхуулаач?
-Миний бодлоор юуны түрүүн манай хоёр улсын худалдаа эдийн засгийн харилцаанд гол анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Худалдаа, эдийн засгийн харилцааг орчин үеийн түвшинд гаргах шаардлагатай. Ингэхийн тулд яах талаар Монголын хамтран ажиллагчидтайгаа ярилцах болно. Яавал хамгийн их үр дүнтэй байх талаар. Энэ жил бидний хувьд онцгой гэдгийг дурдмаар байна. 2016 онд манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохионо. Тиймээс бүтэн жилийн туршид янз бүрийн арга хэмжээ зохион байгуулна.