УИХ-ын хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд,
УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулган эхэлж байна. Энэ чуулган энэ УИХ-ын бүрэн эрхийн сүүлчийн чуулган гэдгээрээ онцлог байх болно.
Энэ удаагийн чуулганаар
-Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай,
-Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай,
-Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
-Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл,
-2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,
-Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,
-Монгол Улсын Засгийн газрын 2015 оны санхүүгийн нэгдсэн тайлан,
-УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,
-УИХ болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн зардлын хэмжээ батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
-Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
-Гэр бүлийн тухай хуулийн төсөл; Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
-Төрийн шагналын тухай хуулийн төсөл, Худалдааны тухай хуулийн төсөл,
-“Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон бусад хууль тогтоолын төслийг хэлэлцэн батлах болно.
Ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүд тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзан, УИХ-ын намрын чуулганы үйл ажиллагааны үр дүнгийн тухай тайлагнаж, харилцан мэдээлэл солилцож ажиллалаа. Миний бие Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ Дархан-Уул aймаг, 3 суманд очиж ажиллалаа. Эдгээр орон нутгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж, бүтээн байгуулалттай танилцан, Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоомжийн талаар болон улс орны нийгэм эдийн засгийн байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл хийлээ.
Одоогоос яг нэг жилийн өмнө энэ танхимд УИХ-ын чуулганы нээлт дээр Таван толгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ Монгол улсын эрх ашигт нийцээгүй тухай, энэ гэрээг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын дарга, дэд дарга нар нэгдсэн байр суурьтайгаар энэ асуудалд хариуцлагатай хандсан. УИХ-ын Ажлын хэсэг гэрээнүүдийг шалган дүгнэлт гаргасан.
Тавантолгойн ордыг ашиглах компани санхүүгийн хүнд байдалд орсон бөгөөд хөрөнгө оруулалтыг хийх боломжгүй байсан нь УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтээр болон энэхүү компани зээлийн төлбөрөө хийх чадваргүй болсноо саяхан зарласнаар батлагдаж байна. ММС болон Энержи Ресурс компани нь Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нэрийн дор олон улсын банк санхүүгийн байгууллагад тавьсан өөрсдийн их хэмжээний өрийг хаах зорилготой болохыг УИХ-ын Ажлын хэсэг илрүүлсэн. Компанийнхаа өрийг төрийн өмчийн ашигт малтмалын ордоор хаах санаархлыг УИХ хэзээ ч зөвшөөрөхгүй.
Тавантолгойн ордыг ашиглах “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хувьцаа эзэмшиж байгаа Монгол улсын 2,5 сая иргэн, дотоодын 553 аж ахуйн нэгжийн хувьцааг үнэгүйдүүлсэн, тэдний ашиг сонирхол, эрх ашгийг зөрчсөн гэрээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг ч дахин хэлье. Хэрэв Тавантолгойн ордыг ашиглах энэхүү хууль зөрчсөн гэрээг зогсоогоогүй бол ард түмний өмч болон Тавантолгойн орд өнөөдөр Кэйманы арлын офшор бүс дэх ММС компани болон түүний охин компани “Энержи ресурс” компанийн өрийн төлбөрт гадны компанид бүрэн шилжих байлаа. Энэ бүхнээс харахад УИХ-ын шийдвэр нэг жилийн цаадахыг харж чадсан, улмаар хэдэн арван жилийн дараахь Монголын эрх ашгийг дээдэлсэн шийдвэр гаргаж чадсан байна.
Тавантолгойн нүүрсний ордыг Монгол улс цаашид хэрхэн ашиглах вэ гэсэн асуулт зүй ёсоор гарна. Тавантолгойн нүүрсний орд бол коксжих нүүрс, чулуун нүүрс аль алиныг нь агуулсан дэлхийд ховорт тооцогдох том орд юм.
-Тавантолгойн ордын коксжих нүүрсийг бид дэлхийн зах зээлийн үнээр борлуулна. Үүний тулд Ухаа худаг-Гашуунсухайт,Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замыг барьж дуусгах шаардлагатай.
-Харин, Тавантолгойн ордын чулуун нүүрсийг байгалийн хий болон хувиргаж Улаанбаатарыг утаагүй түлшээр хангах, мөн үлдсэн хэсгийг нь хуванцар эдлэлийн үндсэн түүхий эд болгон Япон болон бусад зах зээлд экспортлохоор холбогдох талуудтай хэлэлцэж байна.
Эдгээр арга замууд нь Тавантолгойн ордыг Монголын иргэдэд хамгийн үр өгөөжтэйгээр ашиглах бодит, ойрын ирээдүй юм.
Эдийн засгийн бодлогодоо эргэлт хийж буй энэ цаг үед Засгийн газрын өр, зээлийн тухай сэдэв анхаарал татаж буй. ОУВС-ын статистикийн аргачлалаар манай улсын гадаад өр 2015 оны байдлаар 20 гаруй тэрбум ам.долларт хүрчээ. 2012 оны хүртэлх С.Баяр, Сү.Батболд нарын Засгийн газрын үед 9.936 тэрбум ам.долларын зээл, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед 9.924 тэрбум ам.долларын зээл авсан байна. 2008 оноос хойш эрх барьсан намуудын Засгийн газар үндсэндээ адил хэмжээний зээл авчээ.
Монгол улсын Засгийн газар дааж давшгүй өрөнд баригдсан мэт буруу ойлголт явж байна. Манай улсын өр байж болох түвшнээс хэтэрсэн эсэхийг дүгнэхдээ дор хаяж дараахь хүчин зүйлсийг авч үзэх ёстой. Нэгдүгээрт, бусад улсын үзүүлэлттэй харьцуулах шаардлагатай. ДНБ-д ЗГ-ын өрийн эзлэх хувиар манайхаас илүү өртэй олон арван хөгжилтэй болон хөгжиж буй орнууд байна. Хоёрдугаарт, ЗГ-ын зээлийг улс орны ирээдүйн эдийн засгийн өсөлттэй холбож авч үзэх ёстой. Өөрөөр хэлбэл, бид эдийн засгийнхаа өсөлтийг хангаж чадвал ДНБ-д эзлэх ЗГ-ын зээлийн хувь ойрын ирээдүйд түргэн буурах боломжтой. Сүүлийн жилүүдэд ЗГ-ийн зээлээр дэд бүтэц, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбартаа хийсэн хөрөнгө оруулалт огцом өссөн нь эдийн засгийн ойрын ирээдүйн өсөлтийн нэгэн чухал эх үүсвэр болно. Мөн, дан ганц Оюутолгойн төсөл гэхэд л манай ДНБ-ийг 30 хувиар өсгөх тооцоо бий.
Намаараа талцаж, аль нь илүү зээл авсан тухай улайран маргалдаж суух нь утгагүй. Бид урд нь авсан зээлээ нийгмийн халамжид зориулан, идэж уугаад дуусгасан нь үнэн. Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ огцом унасан сүүлийн жилүүдэд эдийн засгаа өөд нь татахын тулд ухаан зарж ажиллахыг нөхцөл байдал биднээс шаардсан нь ч үнэн. Урд өмнөх алдаандаа дүгнэлт хийж, эдийн засгаа олон тулгууртай болгохоос өөр замгүй гэдгийг цаг үе бидэнд хүчээр ухааруулж байна.
Хэдхэн хоногийн өмнө Монголын эдийн засгийн чуулган 7 дахь жилдээ явагдаж өнгөрлөө. Энэ чуулганы үеэр төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг хамруулсан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг явуулж Монголын эдийн засгийн өнгөрсөн, одоо, ирээдүйг шүүн хэлэлцлээ. Миний бие уг чуулганд оролцож эдийн засгийн цаашдын бодлогын талаарх саналаа илэрхийлсэн. Эдийн засгаа уул уурхайн хэт хамаарлаас ангижруулж, манай улсын эдийн засгийн суурь болсон хөдөө аж ахуйн салбартаа ойрын хугацаанд онцгойлон хүч тавихын зэрэгцээ үйлдвэржилт, тэр дотроо боловсруулах үйлдвэрийн хөгжлөө идэвхжүүлэх бодлого явуулсны эхний үр дүн чамлахааргүй түвшинд байгаа тухай дурдаж, энэхүү сайн эхлэлийг улам эрчимжүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэсэн.
Сүүлийн 4 жилд Засгийн газрын бондын зээлийг дэд бүтэц, хөдөө аж ахуй, аж үйлдвэрээ өөд нь татахад голлон зарцуулсан. Энэ бодлого ч зохих үр дүнгээ өгч байна. Тухайлбал, өнгөрсөн жилийн дунд үеэс эхлэн хөдөлмөрийн зах зээлийн уналт саарсаар, улмаар өсөлт ажиглагдаж эхэллээ. Сүүлийн 2 сарын туршид шинээр ажилд орсон хүний тоо өмнөх оны мөн үеэс даруй 60 хувиар өссөн нь тун чухал шинж тэмдэг юм. Энэ бол манай орны хувьд сүүлийн үед АНУ-ын хөдөлмөрийн зах зээл дээр үүсэж буй эерэг үзүүлэлттэй дүйцэхүйц хэмжээний үзэгдэл мөн.
Халамжийн бодлого идэвхтэй явуулж байсан өмнөх жилүүдэд ажил хийх хүсэлтэй хүний тоо илт цөөрсөн бол ипотекийн зээлийг нэвтрүүлсний үр дүнд иргэд, ялангуяа залуучуудын дунд ажил хөдөлмөр идэвхтэй эрхлэх сэдэл өндөр болсон гэж ажил эрхлэгчид дүгнэж байна. Ипотек нь ажил эрхлэлтийг шууд дэмжихээс гадна ажиллагсдын тогтвортой ажиллах, бүтээмжээ дээшлүүлэхийн хичээх сэдлийг өдөөж буйгаараа нийгмийн хувьд гүнзгий ач холбогдолтой юм.
Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг идэвхтэй хөгжүүлэх эхлэлийн амжилттай тавьж эхэллээ. Орон нутагт томилолтоор ажиллах хугацаандаа Тавантолгойн нүүрсэнд биш, таван хошуу малдаа найдаж хөгжицгөөе хэмээн малчиддаа, хөдөө аж ахуйн салбарынхандаа уриаллаа. Манай улсын хүн амын дийлэнхийнх нь амь амьжиргаа хөдөө аж ахуйн салбартай нягт холбоотой. Ийм том салбарынхаа хөгжилд онцгойлон анхаарах нь манай дундаж давхаргын орлогыг нэмэгдүүлэн, дотоодын зах зээлийг хөгжүүлж, улмаар хуримтлалыг үүсгэн, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжин, экспортоо тэлэх боломж олгоно.
Уул уурхайн салбарын бодлогоо тал бүрээс нь нухацтай хэлэлцэн, нарийвчлан тооцоолж, хариуцлагатайгаар хэрэгжүүлэх нь чухал. Дэлхийд хамгийн томд тооцогдох Оюу толгой төслийг бид хэрэгжүүлж байна. Дор хаяж 100 жилийн настай гэж мэргэжилтнүүдийн үнэлдэг энэ төслийн 2-р үе эхэлсэн нь манай эдийн засагт ойрын хугацаанд жинтэй нөлөө үзүүлнэ.
Олон жилийн туршид орхигдуулж ирсэн хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг дэмжсэн бодлогын сууриа тавьж чадсан өнөөгийн амжилт дээрээ суурилан цаашид хүчтэй анхаарах нэг чиглэл бол манай компаниудын, бизнесменүүдийн менежментийн ур чадварыг дээшлүүлэх явдал мөн. Энэ ажлыг үндэсний хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар өргөн хүрээнд идэвхтэй хэрэгжүүлэх шаардлагатай.
Эдийн засгаа олон тулгууртай болгох чиглэлд улс төрийн намууд идэвхтэй хамтран ажиллаж, өнөөгийн бодлогыг улам боловсронгуй болгож, эрчимтэй хэрэгжүүлэхийг уриалж байна.
Эрхэм гишүүд ээ,
Энэ жил Монгол улсад дэлхийн 50 гаруй орны 4000 гаруй төр, засгийн өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид АСЕМ-ын Дээд түвшний 11-р уулзалтад оролцохоор нийслэл Улаанбаатар хотноо хуран чуулах гэж байна. Энэхүү уулзалтын эхлэл болох Ази Европийн орнуудын парламентын хамтын ажиллагааны уулзалт буюу АSEP энэ сард эхэлнэ. АСЕМ-ийн дээд түвшний уулзалт нь улс төр, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг хэлэлцэн хоёр тивийн харилцааг ойртуулан бэхжүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.
Энэхүү чухал уулзалтыг бид эх орондоо амжилттай зохион байгуулж чадна гэж найдаж байна. Ингэснээр Монгол улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж, манай улс гадаад бодлогын үзэл баримтлалынхаа хүрээнд дэлхийн олон оронтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж нээгдэх бөгөөд мөн эх орноо сурталчлах чухал алхам болно.
УИХ-ын гишүүд та бүхнийг чуулганыхаа үйл ажиллагаанд идэвхитэй, бүтээлчээр оролцоно гэж найдаж байна.
Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы хуралдааныг нээснийг мэдэгдье.