Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна

Хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.

Монголчууд маань хоёрхон сарын дараа сонголтоо хийх гэж байна. Маргааш УИХ-ын хаврын чуулган эхэлнэ. Миний бие энэ хариуцлагатай цаг үед ард түмэндээ тодорхой зүйлсийг анхааруулж мэдэгдэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна.

Өнгөрсөн чуулганаар би Монголын төр үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадаж байна уу, УИХ-ын бие даасан байдал бодитоор байна уу, ер нь Монгол төрийг хэн удирдаж байна вэ гэсэн Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой хамааралтай асуудлуудаар хаалттай чуулган хийж сайн ярилцаж, шийдье гэж удаа дараа хүсэлт тавьсан боловч харамсалтай нь энэ саналыг маань хүлээж авсангүй. Тиймээс энэ тухай нийт Монголчууддаа анхааруулж хэлэхгүй бол удахгүй болох сонгуулиар хэрэг зохиож, хүний хувь тавилангаар тоглодог ХУЙВАЛДАГЧИД хэрээс хэтэрч, одоо бүүр ТОГЛООМЫН ЗОХИОМОЛ УИХ-ыг бий болгох үүсгэх нөхцөл бүрдээд байна.

Өнөөгийн эдийн засгийн хямралт байдлын уг сурвалж нь шударга ёсны хямрал юм. Өнөөдөр Монголын төрд, Монгол Улсад ШУДАРГА ЁСНЫ ХЯМРАЛ нүүрлээд байна.

Тэд Монголын төр хүчгүйдэж, сульдаж байгаа мэт харагдуулснаар цаад талд нь ХУЙВАЛДААНЫ ТӨР улам бүр хүчирхэгжиж байна. Эх орноо гэх сэтгэлгүй, ханаж цаддаггүй шуналтай хүмүүс төрийн эрх мэдлийг хувийн явцуу зорилгодоо увайгүй ашиглаж, Монгол хүн Монголдоо сайхан амьдрах хүслийг нухчин дарж, Засгийн газрыг хүртэл огцруулан төрөө хутган үймүүлж, баялаг бүтээгчдээ айдас хүйдэст автуулж, хуулийн нэр барин шоронгоор далайлган айлган мөнгө, бизнес, лицензийг нь ил тод дээрэмдэж байна. Төрийнхөө төлөө ажиллаж байгаа төрийн албан хаагчид хэрэгтэн болж, нэр хүнд хувь тавилангаараа ч хохирч байна.

“ХУЙВАЛДААНЫ ТӨР” Монголын ард түмний хүсэл захиалгаар бий болсон Ардчилсан намын нэр хүндэд зориудаар халдаж, хийсэн бүтээсэн бүхнийг нь үгүйсгэн харлуулж, “Ардчилсан нам засаглаж чаддаггүй, хоорондоо хагараад ажил хийдэггүй нам” гэж харагдуулах ажлуудыг зориудаар, санаатайгаар зохион байгуулсаар байна. Энэ хуйвалдаанд нэг хэсэг нь барьцаалагдсан сөрөг хүчин болох МАН-ын зарим нөлөө бүхий хүмүүс нь чимээгүй гэтэж, баясаж суугааг БҮҮ МАРТ.

“ХУЙВАЛДААНЫ ТӨР” бүхэл бүтэн бүлэглэл үүсгэж, хууль хяналтын байгууллагыг бохир зорилгодоо ашигладаг цөөн хүмүүсийн “ХОНГИЛ” үүсгэжээ. Миний бие үүнийг зогсоох хуулийн төсөл өргөн барьсан ч хэлэлцэлгүй нэг жил боллоо. Тэд таалагдаагүй, барьцаалах боломжгүй золиослох шаардлагатай хүмүүсээ тэр “ХОНГИЛ”-оороо ямар ч шударга ёсны хэмжүүргүйгээр зохиомол хэрэг үүсгэн ялтан, хэрэгтэн болгож байна.

Тэд ашиглах гэсэн зарим хүмүүсийнхээ шийдвэр гаргах эрхийг нь сүрдүүлэн барьцаалж СЕЙФЭНДЭЭ ЦООЖИЛДОГ боллоо. Цоожтой сейфэнд шийдвэр гаргагчдын эрх мэдлийг барьцаалсан хуйвалдагчид Монгол улсын тусгаар тогтнол, халдашгүй байдалд аюул учруулахуйц хэмжээний эрх мэдэлтэй болж, хүссэн шийдвэрээ зоргоороо гаргадаг боллоо. Үүний бодит жишээ бол Шинэчлэлийн Засгийн газрыг хуйвалдан огцруулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авснаас шууд харагдана.

Хуйвалдагчид ард иргэдийн амьдралд хэрэгтэй бүтээн байгуулалтын ажлуудыг гацааж, иргэдийн төлөө ажилласан хүнийг ялтан болгож, иргэдийг өрөөр айлгаж, зохиомол дуулиан шуугиан үүсгэж, хооронд нь талцуулан хагаралдуулж, нийгмийг санаатайгаар эмх замбараагүй байдалд оруулж байна.

Монголын ард түмний өмч баялгийг хуйвалдан хуваан мөлжиж, хүчирхэгжсэн бүлэглэл Монгол улсыг маань хувааж эзэмших увайгүй оролдлого хийж байгаад “БИТГИЙ ДАВАР” гэж хэлэх цаг болсон.

“Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ” гэж ардын зүйр үг бий. Энэ бүхнийг удирдан зохион байгуулж буй хүмүүсийн нэгийг өнөөдөр энд нэр цохон хэлэхээс өөр арга алга. Хэдийгээр хүн бүхэн мэдэж байгаа ч хэн ч тэр хүнийг зориглон нэрлэж чаддаггүй. Яагаад гэвэл тэр хүмүүс өнөөх шударга бусын ХОНГИЛоос айдаг юм. Хэлмэгдэхээс айдаг юм. Гэсэн ч би Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө үгээ хэлж байна. Тэр хүн бол шударга байцгаая гэж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүнтэй үгсэн хуйвалдагч төрөөс төрсөн тэрбумтны бүлэглэл энэ мэдэгдлийн араас ашиг хонжоогоо хувааж чадахгүй арсалдаж байгаа амин найзуудтайгаа намайг хамаатуулан “авлигатай тэмцэх” амаргүй ажилд маань саад учруулж байгаа мэтээр ард түмнээс минь тусламж хүсэж, жүжиглэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Миний өнөөдрийн мэдэгдэл амь нас, ойр дотнын хүмүүст маань хэдий аюултай ч би айхгүй ээ. Өөртэй нь үгсэн хуйвалддаггүй учир над руу ирж байсан асар их гүтгэлэг, доромжлол, дарамт шахалт, нухчин дарах ажиллагаа өнөөдрөөс бүүр илүү идэвхжих нь тодорхой.

Бид Ардчиллаа хамгаалж үлдэх цаг ирсэн. Ард түмэн айдас талцлаасаа хагацах цаг болсон. Авлигачид худлаа ярьж, нөхдөө хорьж, намаа бутаргаж, улсаа луйварддаг цаг дууссан. Монголын минь заяа их. Монгол хүний ухаан уужим, хараа хол. Үеийн үед эх нутгийнхаа төлөө юугаа ч зориулахад бэлэн эх орончид бий учраас Монгол оршсон. Цаашид ч Монгол оршино. Үүрд оршин тогтнох болно оо.

Шударга ёсны төлөөх тэмцэлд намынхаа гишүүд дэмжигчид, Монголынхоо ард түмнийг нэгдэхийг уриалж байна. Миний бие ШУДАРГА ЁСНЫ ХЯМРАЛ-ыг зогсоож, шударга ёсыг жинхэнээр нь тогтоохын төлөө эцсээ хүртэл тэмцэх болно.

Бидний Монгол үүрд мандан бадраг.

One reply on “Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *