Categories
мэдээ эдийн-засаг

Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал: Төсвийг алдагдалгүй батлах бололцоо байна

Монголын эдийн засгийн чуулган болж байгаа билээ. Энэхүү чуулганаас та бүхэндээ тоймлон хүргэж байна. Учир нь дээрх чуулганд монголын улс төр, эдийн засаг, уул уурхай, бизнесийн зэрэг салбар бүрийн тэргүүлэгчид, манлайлагчид илтгэл тавьж байгаа юм. Чуулганы үеэр Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Цаашид уул уурхайд суурилсан бус мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх хэрэгтэй. Дотоодын экспортыг аль болох уул уурхайн бүтээгдэхүүн бус байх зэрэг нэг талаас хамгаалалтын, тогтвортой байдлыг хангах бодлого. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан 2011, 2012 онд гадаадын хөрөнгө оруулалтаас орж ирсэн татвар, импортоор л халамжаа тавьж байсан. Энэ үед инфляци маш өндөр байсан. Үүнийг зогсоогоогүй бол бид их өндрөөс унах байлаа. Гадаадын хөрөнгө оруулалтаас авсан татвараасаа төсвөө тэлж, халамж тараах нь буруу гэдэг сургамжийг бид ойлгосон” гэв. Харин Сангийн сайд Б.Болор “Энэ жилийн төсвийг алдагдалгүй батлах зайлшгүй шаардлага бий. Өмнө нь алдагдалтай баталж байсны улмаас эдийн засгийн хямралд хүрлээ. Төсвийг алдагдалгүй батлах бололцоо харагдаж байна” хэмээн онцлов.

Уул уурхайн сайд Р.Жигжид: Халамжийн мөнгийг үрэлгэн зарцуулснаас аж ахуйн нэгж, компаниудыг эргэлтийн хөрөнгөгүй болох аюулд хүрсэн

Монголын эдийн засгийн чуулганы үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид хэлсэн үгэндээ “Энэ онд Засгийн газар байгуулагдахад уул уурхайн яам ямар байдалтай салбар хүлээж авсан аа эргэж харах хэрэгтэй болов уу. Эрхзүйн орчны хувьд тогтворгүй, үндсэрхэг үзэл газар авчихсан, геологи ашигт малтмалын хайгуул лизензийг замбараагүй олгосноос болж Ерөнхийлөгч хориг тавих дээрээ тулчихсан. Үүнээс болж гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, урт нэртэй хууль гэх мэт хатуу хуулиуд гарч эхэлсэн. Ингэснээр уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэх ёстой атал нийгмийн халамжид мөнгийг үрэлгэн зарцуулснаас аж ахуйн нэгж, компаниудыг эргэлтийн хөрөнгөгүй болгох аюулд хүргэсэн. Өнгөрсөн хугацаанд маш сайн төлөвлөж,хэрэгжүүлж, хянаж шалгаж байсан боловч алдаагаа хэрхэн засч сайжруулах вэ гэдгээ орхигдуулсан. Урт нэртэй хуулиар 488 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоосон, Хан ресурсын арбитрийн хэргийн үйл явц гээд хэлж болно” хэмээн ярив.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *