“Сайдын цаг” уулзалтад өнөөдөр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцож, цаг үеийн асуудал болон салбартаа хэрэгжүүлж байгаа ажлаа танилцууллаа. Энэ үеэр Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн МИ-8 нисдэг тэрэгний ослын шалтгааны талаар хариулт өглөө. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисгэгчид шөнө сургалтын нислэг үйлдэхээр МИ-8 нисдэг тэрэгтэй хөөрөөд удалгүй осолдсон байдаг. Ослын шалтгааныг тодруулахын тулд нисдэг тэрэгний хар хайрцгийг ОХУ руу илгээсэн юм. Шалгалтаар ослыг “Техникийн шалтгаанаас болж осолдоогүй” гэдэг дүгнэлт гарсан байна.
Энэ тухай Ц.Цолмон сайд сэтгүүлчдийн асуултад “Осол хувь хүний ур чадвар, шөнийн нислэг зэргээс хамаарсан. Мөн нислэгт оролцож явсан хүн нас барсан учраас цагдаагийн байгууллагаас энэ хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна. Хувь хүмүүст оногдох хариуцлага эрүүгийн хэргийн шугамаараа тооцогдоно. Бид ийм осол дахин гаргахгүй тулд зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа. Энэ талаар сайдын зөвлөлөөр хэлэлцээд, Зэсвэгт хүчний жанжин штабт даалгавар өгсөн. Дор бүрнээ тодорхой ажил зохион байгуулж байна” гэсэн юм.
Түүнчлэн цэргүүдийг төмөр замын бүтээн байгуулалт болон ойн цэвэрлэгээний ажилд оролцуулахаар болсон. Бүтээн байгуулалтад оролцсон цэргүүд ямар цалин хангамжтай байх вэ. Бүтээн байгуулалтын дараагаар ажлын үнэмлэх, зэрэг олгох уу гэсэн асуултад “Орчин үеийн бүтээн байгуулалт техникийн өндөр түвшинд хийгдэж байгаа учраас нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлдэж байж ажиллах шаардлагатай. Хамгийн сүүлд яригдсан томоохон бүтээн байгуулалт бол төмөр зам. Өмнөговь-Сайншанд хүрэх 240 гаруй км төмөр замын ажил юм. Энэ бол өндөр бүтээмжээр хийх ажил. Иймээс Хөдөлмөрийн яамтай хамтраад тус яаманд харьяалагддаг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд мөн Батлан хамгаалахын сургалтын системийн хүрээнд энэ жил 2000 гаруй мэргэжлийн хүмүүсийг бэлтгэхээр зорьж ажиллаж байна. Ойрын үед зураг төсөл, санхүүжилт зэрэг шаардлагатай асуудлууд шийдэгдвэл гүйцэтгэгч байгууллагын зүгээс бэлтгэлээ хангаад энэ даалгаврыг нэр төртэйгээр биелүүлэх бололцоотой. Бүтээн байгуулалтад оролцсон цэргүүдэд цалин олгоно. Төмөр замын бүтээн байгуулалтад тодорхой хэмжээний төсөв төсөвлөгдөнө. Тухайн төсөвт ямар хэмжээний хөдөлмөрийн хөлс тусгагдсан байна, түүнтэйгээ уялдаатай цалин хөлс авах болно. Цэргийн албан хаагч гээд цалин өгөхгүй гэх асуудал байхгүй” гэсэн хариулт өгөв.