УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар “Шинэ төмөр зам” төслийн асуудлаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр мэдээлэл хийх үеэрээ “Хоёрдугаар сарын 24-ний өдөр “Энержи ресурс Рейл” компанийн захирал Л.Оюунбатыг эл хэрэгт холбоотой хэмээн үзэж, баривчилж саатуулсан. Гэтэл цагдаагийн удирдлагууд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зорчиж маргааш өдөр нь очиж сулласан. Тиймээс ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь түдгэлзүүлж шалгах шаардлагатай” хэмээсэн юм. Үүнд Цагдаагийн байгууллагаас хариу тайлбарыг өглөө.
ЦЕГ-ын Олон нийт, хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Өмгөөлөгч Д.Пүрэвбаатар баримт нотолгоогүйгээр цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн, албан хаагчдын нэр хүндэд халдаж байна. Цагдаагийн байгууллагаас “Шинэ төмөр зам”-тай холбоотой асуудлаар “Энержи ресурс Рейл” компанийн захирал Л.Оюунбатыг саатуулж шалгасан нь үнэн. Шалгах шаардлага байсан тул баривчлах арга хэмжээ авч, мөрдөн байцаалт, мэдүүлэг авсан. Мэдүүлэг авсны дараа Улсын ерөнхий прокуророос АТГ-т шалгуулбал зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Тиймээс АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, энэ хэрэг дээр мөрдөн байцаалтын ажлыг үргэлжлүүлж байгаа. Түүнээс Д.Пүрэвбаатар өмгөөлөгчийн ярьж буй шиг АТГ барьж саатуулсныг маргааш нь ЦЕГ суллачихсан юм биш. Бүх зүйл прокурорын хяналтан дор явагдсан. Мөн өмгөөлөгч Д.Пүрэвбаатар ЦЕГ-ын дарга Р.Чингис үгсэн хуйвалдаж Л.Оюунбатыг хууль бусаар сулласан гэх баримт нотолгоогүй, өөрийн таамагласан зүйлээ үнэн бодит мэтээр олон нийтэд ойлгуулахыг зорьсон. Энэ нь хувь хүнийг болон байгууллагын нэр хүндийг гутаах оролдлого гэж цагдаагийн байгууллагаас үзэж байна. Цаашид энэ мэт хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг албан ёсоор анхааруулж байна. Хэрэв хувь хүн болон байгууллагын нэр хүндийг гутаах зорилготой энэ мэт үйлдэл гаргасан тохиолдолд Монгол Улсын хуулийн дагуу буруутай эдгээдэд хариуцлага тооцно гэдгийг мэдэгдэж байна” хэмээв.