Хятадын хамгийн олон үзэгчтэй, хамгийн том “Super Brain” шоунд түрүүлсэн монгол хүү энэ удаагийн маань “Өдрийн зочин”. Арван долоон настай Э.Энхмөнх ой тогтоолтын олон улсын их мастер, өсвөрийн дэлхийн аварга, Монголын оюун ухааны академийн тамирчин. Түүнийг монгол бүргэд хэмээдэг. “The Brain” TV Show-ны хувьд Хятадын хамгийн сонирхолтой шоунуудын нэг. Урд хөршийн оюуны их мастерууд, улс, улсын шилдгийг урьж санаанд орохооргүй даалгавруудыг гүйцэтгүүлэн өрсөлдүүлдгээрээ алдартай шоу. Хятадын мастеруудын тухайд өмнө нь улс улсын шилдгүүдтэй хүний санаанд орохооргүй даалгаврууд биелүүлж өрсөлдөөд Герман, Англи, Америк гэх мэт олон орны шилдгүүдийг ялж байв. Оюунтнуудын шоуг гарах орой нь 300 сая хүн үздэг гэсэн статистик байдаг аж. Энэ шоунд тэрээр Испани, Перу, Швед, Австралийн тамирчидтай нэг баг болж өрсөлдөн ялалт байгуулжээ. Өөрөөр хэлбэл “X-Team” буюу дэлхийн баг Хятадын багийг 5:1 харьцаагаар илүүрхэн хожсон юм. Австрали тивээс шооны дэлхийн аварга Feliks Zemdegs, Испанийн судокугийн дэлхийн аварга Martin Lopez Norses, Өмнөд Америкийн Перу улсын шоог харахгүйгээр эвлүүлдэг Gianfranco Huanqui, Швед улсын дэлхийн ой тогтоолтын хошой аварга Jonas Von Essen нартай нэг баг болж Хятадын шилдэг тамирчдаас бүрдсэн багийн эсрэг өрсөлджээ.
Дэлхийн багийн гишүүн “монгол бүргэд” 15х15 хүснэгтийн нүд бүрд секунд тутамд анивчих 225 цифрийг харгалзах нүдтэй нь хамт тогтоох даалгаврыг амжилттай гүйцэтгэжээ. Тэмцээний даалгаврыг гурван долоо хоногийн өмнө танилцуулах дүрэмтэй ч гэрээгээ дагаагүй юм байна. Даалгаврыг өнгөрсөн долоо хоногт л танилцуулж, тэмцээний өмнөхөн гэхэд л өөр даалгавар гүйцэтгэх болсныг Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатарт дуулгажээ. Хатанбаатар тэмцээнд оролцохоор Хятадыг зорих үедээ цахим хуудсандаа энэ талаар дурдаад “Бид хоёр онгоцондоо маш сайн бэлдээд тэмцээндээ оролцоно. Хамгийн гол нь ялах ч бай, ялагдах ч бай энэ тв шоунд оролцсоноороо Монгол Улс бол тусгаар тогтносон улс, Хятадын хараат биш гэдгийг олон арван сая хүнд мэдрүүлэхээрээ соёлын маш том ажил болно” хэмээн бичиж байж. Энхмөнх даалгаврынхаа тухай “15х15 харьцаатай 225 ширхэг нүдэнд секунд бүрт нэг тоо гараад алга болно. Тэгэхдээ дэс дарааллаар биш аль ч нүдэнд, ямар ч тоо гарч ирнэ гэсэн үг. Үүний дараа таван минут дахин дотроо бодож боловсруулаад төв тайз руугаа очно. Тэнд ч гэсэн адилхан 225 ширхэг дотроо гэрэлтэй шоонууд байх юм. Гэрэл нь энд, тэнд анивчиж байгаад удааширсаар нэг шоон дээр зогсоход гурван секундын дотор тэнд ямар тоо гарсныг санаж олонгуутаа өмнөө байрлах 1-9 хүртэлх тоог наасан лаазан ханыг нурааж зөв тоогоо олох ёстой. Ийм л даалгавар гүйцэтгэлээ” хэмээн ярьж байна.
Дашрамд дурдахад Энмөнх өнгөрсөн жил Хятадад болж байсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан юм. Тэр ой тогтоолтоор хичээллээд хоёр жил, тэмцээнд оролцож эхэлснээс хойш жил зургаан сар болж байгаа аж. 2014 онд өсвөрийн дэлхийн аварга, Азийн өсвөрийн дэд аварга, 2015 онд өсвөрийн дэлхийн дэд аварга болсон амжилттай тамирчин.
Дэлхийн ой тогтоолтын холбооноос нас насны ангилалд эрэмбэ гаргадаг. Бүх цаг үеийн бүх насны ангиллаар байр эзлүүлэхэд тэрээр 17-д жагссан байна. Харин насныхаа ангилалд хоёрт бичигддэг юм байна. Найзууд нь түүнийг “Энхмөнх өө, чиний тархи чинь машин болчихсон юм уу” гэж гайхацгаадаг гэнэ. Энхмөнх хэрвээ хүсвэл долоон жилийн өмнө хаана хэнтэй ямар хоол идсэн бэ гэдгээ ч санаж чадна гэж ярьсан удаатай. Тэрээр саяхан өгсөн ярилцлагадаа цээжлэх тогтоохын нууцыг “Ой тогтоолт ихэвчлэн хүний төсөөлөл дээр явагддаг. Ингэж төсөөллөө ашиглана гэдэг нь хүний тархин дахь депокус гэсэн бодис сэтгэл хөөрөл шаардсан үед ялгардаг. Ингэснээр аливааг хурдан цээжилдэг. Хүмүүс сайхан төрсөн өдрийн баяр, эсвэл уй гашуутай өдрийг хэзээ ч мартдаггүй. Яг үүнтэй адил гэсэн үг” хэмээн дэлгэсэн нь бий. “Монгол бүргэд” 52 ширхэг хөзрийг 22-хон секундэд цээжилж байжээ. Хүү сургуулиа төгсөөд эдийн засаг, бизнесийн чиглэлээр сурахаар төлөвлөжээ.
Тэр ирэх зун АНУ-д болох шилдэг 24 тамирчны халз тэмцээнд оролцох юм байна. Америкт өрсөлдөх 24 тамирчны долоо нь монгол гэсэн таатай мэдээ байна. Ирэх намар Улаанбаатарт болон олон улсын тэмцээнд ч оролцохоор төлөвлөжээ. Бас “Оюуны олимп” буюу дөрвөн жилд нэг удаа болдог жинхэнэ гоц хүмүүсийн цугладаг тэмцээнд ч улсаа төлөөлөн оролцох юм.