Categories
мэдээ цаг-үе

Өвгөөдэй Дамдинсүрэнгийн хүү Энхсайхан: Цэндийн Дамдинсүрэн гуай аав хоёрыг До яам хүртэл андуурч байсан гэдэг

Зүүн гараас Б.Чойндон, Б.Банзрагч, Ээндэн, Д.Даржаа, Ц.Дамдинсүрэн,
Өвгөөдэй Дамдинсүрэн, О.Пунцаг нар. 1965 он

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, бичгийн их утгач Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэнгийн хүү хөдөө аж ахуйн доктор Д.Энхсайхантай ярилцсанаа хүргэе.

-Өвгөөдэй Дамдинсүрэн гуайг Монголын сэтгүүл зүй болоод бичил туурвилын ертөнцийн нэгэн оргил байсныг үе үеийн зохиолч, сэтгүүлчид дурсдаг юм. Аавынхаа удам гарал хийгээд ус нутгийн тухай ярихгүй юу?

-Миний аав хүмүүний амьдралын жаргал зовлонг биеэрээ туулж, жинхэнэ хал үзэж халуун чулуу долоосон хүн юм. Аав шиг минь зохиолч нөхдийнхөө бүтээл туурвилын төлөө сэтгэл тавьж, амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл зүтгэсэн хүн ховор болов уу гэж боддог юм. Утгын их ертөнцийн мэргэд намайг “Өвгөөдэйн хүү” гэж хүндэтгэн хайрладаг. Өдгөө ч би аавынхаа буяныг эдэлж амьдарч явна. Миний аав Хан Хэнтий уулын хошуу одоогийн Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хэрлэн, Тэнүүн, Зүлэгтийн голын Бага тохой гэдэг газар 1912 онд төрсөн. Анчин, малч удамтай хүн л дээ. “Таныг өв уламжилсан номтой хаадын хүүхэд гэж би ойлгосон. Гэтэл та чинь зүгээр нэг анчин малчны хүүхэд байжээ” гэж Эрдэнэ баавайн дурдатгалд байдаг юм. Эрдэм номыг шавь сургууль буюу гэр сургуулиар олж авсан байдаг. Балган гэж ус нутгийнхаа эрдэмтэй хүнээр бичиг үсэг заалгасан юм билээ. 1925 онд Өндөрхааны дунд сургуулийн анхны 25 сурагчийн нэг болж суралцжээ. Утга зохиолын аваргуудтай, өнөө цагт домог мэт яригдаж буй мэргэдтэй ойр дотно явснаа өндөрт бодож сүсэлдэг байв. 1928-1929 онд Багшийн сургуулийн сурагч ахуйдаа Мөрдэндэвийн Ядамсүрэн гуайгаар хичээл заалгаж явсан түүхтэй. “Сартваахь Шагж, Онходын Жамъян гүн нараар хичээл заалгасан азтай хүн ааваас чинь өөр байхгүй” гэж хүмүүс хэлдэг.

-Аавынхаа бүтээл туурвилыг гурван боть болгон хэвлүүлснийг тань уншсан. Зохиолчдын эвлэлийн гишүүний батлахаа Сономбалжирын Буяннэмэхээс авсан байдаг. Тэгэхээр аргагүй эртний хүн гэдэг нь мэдрэгддэг?

-Гучин дөрвөн онд Буяннэмэхийг “Ардын үндэсний эрх” сонины нарийн бичгийн дарга байхад нь тун ойр байжээ. “Намайг бичиг зохиол оролдохын авьяас хандлагатайг тоож уран зохиолын өндөр босго алхуулсан ачтан бол нөхөр Буяннэмэх билээ” гэж дурсамждаа өгүүлсэн нь бий. Мөн гучин таван онд Дорнод аймагт очиход нь уран зохиолын бүлгэм байгуулагдаж, алдарт Дондогийн Цэвэгмид гуай багшилж байсан гэдэг. Уг бүлгэмд хожим соёлын гавьяат болсон, “Улаан наран”, “Үүрийн цолмон” гээд олон роман туурвисан нэрт зохиолч С.Дашдэндэв тэргүүтэй хүмүүс байж. Тэдгээр нөхдийн бүтээлийг Ши.Аюуш ихэд тоож “Хувьсгалт залуучуудын эвлэл” сэтгүүлийн 1936 оны эхний дугаарт гаргасан. Ингэж аав минь Монголын их утга зохиолыг үндэслэгч Сономбалжирын Буяннэмэх, Мөрдэндэвийн Ядамсүрэн, Ширнэнгийн Аюуш нартай уулзаж, шүлэг найргийг нь сонсч, бүтээл туурвилынх нь алдар замналыг бахдаж явсан. Бас нэг зүйлийг сонин болгоход, хорин есөн онд нам эвлэлийн долдугаар их хурлын тогтоол шийдвэрийн дагуу одоогийн Говь-Алтай, Ховд аймгийн сумдад эвлэлийн гишүүдийг бичиг үсэгт сургах ажилд томилогджээ. Тийн явахдаа үндэсний эрх чөлөөний цогтой тэмцэгч Ард Аюуштай уулзаж тэмдэглэл хөтлөн түүнээ Судар бичгийн хүрээлэнд өгч байсан удаатай.

-Нам төрийн даалгавраар бага залуу наснаасаа олон газар ажиллаж, хүнд хүчир цагт эх орныхоо төлөө зүтгэж явжээ. Хилс хэрэгт гүтгэгдэх хүртлээ хаана юу эрхэлж байсныг нь сонирхуулахгүй юу?

-Багшийн сургуулийг төгсөөд одоогийн Дундговийн Дэлгэрцогт суманд багш, захирлаар очсон. Тэндээс л намтар түүх нь үргэлжилнэ. Өмнийн говь нутагт улс төрийн байдал ээдрээтэй хэцүү тэр цагт эх орны даалгавраар ажиллаж байсан. Жамсрангийн Самбуу гуай, Буджавын Чойндон гуай нартай гучаад оны эхэн үед Өмнөговийг байгуулж явсан түүхтэй. Түвдэнгийн Бор нарыг Тугийн цохион дээрээс буудан хороосон эсэргүү нарын үймээнээс Цогцолын Сайнбаяр гэж хүн хөндий цээжээрээ буудуулан амьд гарсан байдаг. Түүнийг намын тусгай даалгавраар нууцаар эмчилж, эдгээсэн ачтан бол миний ижий юм. Ээж маань бага эмчийн мэргэшил эзэмшсэн Монголын анхны эмч нарын нэг шүү дээ. Аав Дорнод аймгийн намын төв хороонд ажиллаж байгаад гучин долоон оны сүүлчээр “Үнэн” сонины эрхлэгчээр томилогдсон. Нам төрийн алба эрхэлж байгаад сонины ажилд томилогдсоноо бахархан дурсдаг юм. Ном зохиолтой холбогдон бүтээл туурвилаа бичих хүсэл сонирхол нь биелсэн нь тэр. Гэхдээ “Үнэн” сонинд удаан байлгаагүй. Нэг жил орчим болгоод гучин найман онд Мал, тариалангийн яамны нэгдүгээр орлогч сайдаар тохоон томилсон. Сайдын алба хашихдаа Жаргалант, Зүүнхараа, Баруунтурууны сангийн аж ахуйг өргөтгөн бэхжүүлж, Архангай Их Тамирын “Гэрэлт зам” зэрэг олон аймаг сумдын нэгдлийг шинэ тутам байгуулсан. 1939 оны зун Халхын голын байлдааны үед армийн хэрэгцээнд зориулсан 50 мянган малыг тууварлах ажлыг мөн хариуцсан байдаг.

-Өвгөөдэй гуайг юуны учир хэлмэгдүүлж, 10 жилийн ял оноосон юм бол?

-Ерөөсөө Японы тагнуул гэж л үзсэн юм билээ. Дорнод аймгийн намын хорооны дарга байхдаа япончуудтай ойр байсан гэж хардаж, сэрджээ. Ямар сайндаа цэргийн шүүхийн дарга Махцэнд гэгч “Дамдинсүрэн чи, Мал, тариалангийн яамыг эсэргүү зэвсэгт бослогод бэлдэж байсныгаа тодорхой мэдүүл” гэсэнд “Тэр яам чинь эсэргүү бослогод бэлдэх байтугай манаандаа барих буугүй газар шүү” гэж аав зэвүүрхсэн удаатай. 1939 оны аравдугаар сарын тавны шөнө гэнэт гэрээс нь баривчилсан. Аав тэр тухайгаас “Эхнэр хүүхэд, хөдөө гэрт очсон учир эзгүй. Эцэг Цэнд над хань болж ирсэн байв. Тэр өдрийн албанаас оройтосхийн гэртээ ирж цай хоол ууж идэж базаагаад ор дэрээ засаж тавлав. Дуг нойронд гэрийн хаалга хэмхлэх нь холгүй хүчтэй дэлдэв. Дотоод явдлын яамны буу зэсэг агссан хоёр гурван ажилтан сүр үзүүлэх байдалтай орж ирлээ. Намайг орон дээрээ эргэж суутал нэг нь өврөөсөө алгын чинээ хуудас гаргаж өгөв. Дайчлан баривчлах хуудас. Улсыг аюулаас хамгаалах газрын дарга Жамбалдоржийн гарын үсэг харагдсан шиг санагдана. Намайг баривчлагч этгээд бос, хөдлөлгүй зогс гэж зандрав. Аав маань дээрх яриа чимээнээс цочин сэрэв. Их л айсан сүрдсэн дүртэй өндийж суув. Нөгөөдүүл авдар сав, ор дэр онгичин нэгжив. Аль л өнгөтэй өөдтэй үнэ цэнтэй хувцас хунар, эд өлөг, ээмэг бөгж, аяга таваг, шүр сувд төгрөг мөнгө, ном судар, тэмдэглэлийн дэвтэр, хүүхдийн шинэ тоглоомыг хүртэл хуу хаман хураав. Тэр бүх зүйлийг нүд ирмэхийн зуур жигтэйхэн сурамгай дансалсан болж баригдаж нэгжигдэгчийн балмагдлыг далимлан гарын үсэг зуруулсан нэр зүүв. Тэгээд үүдэн зүг зааж “Явъя” гэж ширүүн дориун өгүүллээ. “Байз хө” гэж хэлсэн би, галаа сэргээв. Данх цай буцалгав. Эцэгтээ аяга дүүрэн цай хийж бариад, өөрөө нэг аягыг уув. “За аав минь, хүүгээ хэрэг хийж баригдлаа гэж бүү бодоорой. Миний өмнөх явдал ариун, зам мөр цагаан. Гэвч хүний гарт орсон хүүгээ амьд мэнд гарч ирнэ гэж тэгтэл битгий горьдоорой. Миний адил аавын олон хөвгүүд сүйдэж байгаа юм шүү. Бэр, ач хүүхдээ сайнаар асарч тэтгэж байгаарай, баяртай” гэж хэлээд түлхүүлж туугдан гэрээсээ гарсан” гэж “Цээжинд хөтөлсөн тэмдэглээ” дурдатгалдаа бичсэн.

Өвгөөдэй Дамдинсүрэн хүү Энхсайхан, бэр биологийн ухааны доктор Г.Отгон нарын хамт. 1968 он

Уг дурдатгалд До яамны “Мангас” Дорж гэгчийн хатуу хахирган ноён зан, харгислалыг, мөн хэн хэн гээч сэхээтнүүдийг хэлмэгдүүлж, тарчлаан зовоож, эцэст нь халуун амийг нь аван ар гэр, үр хүүхдийг нь өнчрөөн хоцроосныг өр шимширмээр бичсэн байдаг. Ингэж ачит эцэг минь улс төрийн хилс хэрэгт тулгагдан 10 жилийн ял сонсч, бүтэн зургаан жил яс суусан даа. Шоронд байх хугацаанд Зөвлөлтийн улаан армид бэлэглэх нэхий дээл, бээлий хантааз өдий төдийг оёсноо, нэг ёсны олз, ялалтад оруулсан хувь нэмэр минь гэдэг сэн. Дөчин таван онд шоронгоос суллагдаад хэвлэх үйлдвэр, сонины газар ажиллаж байгаад 1956 оноос зохиолчдын хороонд ирж “Утга зохиол” сонин, “Цог” сэтгүүлийн нарийн бичгийн дарга, мэргэжлийн зохиолчоор ажилласан. 1991 онд ардын хувьсгалын 70 жилийн ойгоор 79 насандаа Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.

-Зохиолчдын хороонд ажиллаж байсан он жилүүдийнх нь тухай одоо ярья. Өвгөөдэй гуайг бичгийн их утгач гэдэг. Энэ бол яг зохисон тодорхойлолт санагддаг. Зохиолчдын бүтээлийг редакторлох ажилд олон жилийн хөдөлмөрөө зориулсан?

-Аавынхаа нийтлэл, тэмдэглэл, бүтээлүүдийг нь уншихад монгол хэлний үгийн сан ийм гайхамшигтай юм уу гэж эрхгүй бодогддог. Жинхэнэ үгийн сондрыг хэлхэж, яг оносон үгийг нь шигтгэж өгдөг байснаараа аавын бүтээл, найруулан боловсруулах эрдэм нь оршиж байж. Бусдын зохиолыг утга санааг нь алдуулалгүйгээр оносон үгийг нь зоож, хоёр гуравхаан гайхам үгээр тухайн зохиолыг босгоод ирнэ. Тийм л эрдэм чадалтай, монгол хэлний ундарга байж дээ, аав минь. Ерэн насных нь ойгоор бид мөн л зохиол бүтээлийг нь хэвлүүлж, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Тэгэхэд соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Чойсүрэнгийн Дагвадорж аавыг “Бичгийн их утгач” хэмээн өргөмжилж, түүнийг нь үе үеийн зохиолч, найрагчид талархан хүлээж авсан. Аав минь сэрүүн тунгалагтаа энэ алдрыг сонсоогүй ч зохиолч нөхдийнхөө дунд хамгийн нэр хүндтэй байлаа. Эрдэнэ, Явуухулан нарын авьяас билигтнүүд аавыг машид ихээр хүндэтгэн хайрлаж, “Өвгөөдэйн дэргэд халамцуу харагдахгүй юм шүү” гэж болгоомжилж байсан байдаг. Ахмадаас С.Дашдэндэв гуай, Бааст гуай, Мишигийн Цэдэндорж гуай бүгд манайхаар ирнэ. За тэгээд Явуухулан, Эрдэнэ, Дашдооров, Мягмар гээд үе үеийн мэргэд ирнэ. Аав минь хэзээний л монгол дээл, памбагар цагаан гуталнаасаа салахгүй. Зохиолч нөхдийгөө ирэхэд унд, цай болж хөл хөөрт умбана.

Зохиолчид гадагшаа яваад ирэхдээ аавд тэмдэглэлийн дэвтэр ихэвчлэн дурсгадаг байлаа. С.Дашдэндэв гуайн “Улаан наран”, Ц.Уламбаяр гуайн “Зовлон жаргал”, Ж.Лодой гуайн “Дайн” гээд аварга романуудыг аав редакторлосон байдаг. Ухаандаа, Лодой гуайн тоосго шиг зузаан гурван дэвтэр романыг нэгд нэгэнгүй уншиж, засч залруулж редакторлоно гэдэг амаргүй. Бодохоос халширмаар. Гэвч аав минь огтоос залхууралгүй уншдаг байлаа. Ажилдаа өглөө арван цагийн алдад яваад орой ирнэ. Хоол цайгаа идэж уугаад сонин, сэтгүүл бага зэрэг үзээд есөөс арван цагийн хавьд нөгөө зузаан хавтастай бичгүүдийг уншаад үүрээр дөрөв, таван цаг хүргэж унтдаг тогтсон цагийн хуваарьтай байсан. Манай гэр бүлийн хүн бид хоёр тэр зохиолуудын эхийг аавыг засахаас өмнө унших дуртай. Зассан хойно бол бараг ухаан хүрч унших аргагүй. Улаан хар харандаагаар зассан байдаг сан.

-Эрдэнэ баавайн “Диваажинд суугаа Өвгөөдэйд” хэмээх уярам нийтлэл бий. Ингэхэд яагаад “Өвгөөдэй” гэж нэрлэх болов. Овог нэр ижил эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн гуайгаас ялгах гэж тийн нэрийдсэн болов уу?

-Аугаа их эрдэмтэн, төрийн гурван удаагийн шагналт Цэндийн Дамдинсүрэн гуай аав хоёр овог, нэр ижил. Үндсэндээ Дамдинсүрэн гуайгаас ялгах гэж аавыг Өвгөөдэй хэмээн нэрлэсэн байдаг. Жараад оны үед Эрдэнэ гуай тэр нэрийг өгсөн юм билээ. Зохиолчдын хороонд тухайн үед хамгийн ахмад нь аав байж л дээ. “Танаас нямбай хичээнгүйг хамгийн олзтой нь мартах шахсан монгол бичгээ сэргээн хэл найруулгын уран нарийнд суралцан, тэр үеийн болоод хожмын олон тууж, өгүүллэгээ шүүлгэж ариутгуулсан ачийг тань мартахгүй. Таны ариутгаж шүүсэн анхны тууж минь “Хөх хулгана жил” байлаа. “Хөх хулгана жил”-ийг ариутгуулснаас хойш би адаглахад “байна, байгаа” гэдэг үгээр өгүүлбэрээ төгсгөдөг улигт зангаа орхисон” гэж Эрдэнэ гуай “Диваажинд суугаа Өвгөөдэйд” нийтлэлдээ бичсэн нь бий. Эрдэнээ гуай аавыг багшаа гэж хүндэтгэдэг байсан. Мөн төрийн шагналт Дарамын Батбаяр, соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Ж.Саруулбуян нарын зохиолчид, түүхч Баярсайхан зэрэг олон хүн ааваар монгол бичиг заалгасан. “Монгол бичгийн дөт зам” хэмээх Шагж багшийн анхны толийг аав олон хүнд гараараа бичиж өгсөн байдаг. Сүрэнжав гуайн “Ерэн баатрын дууль”-ийг хуучин монгол бичгээр бичээд өөрт нь дурсгасныг гурван ботид нь оруулсан. Явуугийн шүлгийг ч хуучин бичгээр бичиж дурсгаж байж. Тэмдэглэлийн дэвтрийг нь бид нэгийг ч хаяагүй. Тэр ч бүү хэл завсар нь хавчуулаастай байсан цаасыг ч үрэгдүүлээгүй. Зохиолчийн өв гэж үүнийг л хэлнэ дээ гэж хүмүүс хэлдэг. Харин гучин есөн оноос өмнөх тэмдэглэлүүдээ хөтөлсөн дэвтрийг нь Дотоод яам шатаасанд өөрөө ихэд харамсдаг байлаа. Ааваараа бахархах нэг зүйл бол туйлын даруу зан. Гаднаас нь харсан хүнд дээлтэй, өндөр янхигар өвгөн харагдана. Дотроо эрдэнэ хадгалсан тийм л хүн байв. Чадраабалын Лодойдамба, Чойжилжавын Лхамсүрэн, Цэгмидийн Гайтав, Мишигийн Цэдэндорж, Намсрайн Банзрагч гээд аавын гараар ороогүй зохиолч гэж ховор. Тэр олон зохиолчийн ном редакторлож, бусдынхаа бүтээлийг ариутган шүүгээд өөрт нь зохиолоо бичих зав зай гарсангүй дээ гэж жаахан харамсдаг юм.

-Өвгөөдэй гуайд олон сайхан баримтад зохиол бий. Мөн орчуулгын бүтээлүүд ч их байдаг даа?

-Монгол Улсын хөдөлмөрийн баатар, алдарт хоньчин Ч.Нацагдоржийн тухай өгүүлсэн “Газар тэнгэрийн заагт” намтарчилсан тууж бий. Мөн Шагдарын Гонгор баатрын амьдрал тэмцлийн тухай “Тамсагбулагийн хязгаарт”, Лодонгийн Дандарын тухай “Гал дөлөн дунд” дурдатгалын номууд байна. Чойбалсангийн үүрэг даалгаврын дагуу 100 гаруй партизанын намтар түүхийг бичсэн. 1968 онд “Мандах нартай үлгэрлэе” түүвэр зохиолоо хэвлүүлсэн байдаг. Уг номын редактор нь Чойжилын Чимид гуай. Эл номонд “Эрдэмтэн генерал”, “Домогт хүний мөр”, “Цагаан хусны дэргэд” тэргүүт хорь гаруй томоохон найруулал нь багтсан юм. Жаран дөрвөн онд Халимагийн нэрт зохиолч Аксен Сусеевтэй уулзаж, дараахан нь Халимагийн яруу найрагчдын “Зүрхний дуулал” номыг орчуулсан. Халимаг, буриад гээд монгол туургатны шилмэл зохиолуудыг халх аялгуугаар утгачлан найруулж, монгол хэлний яруу гайхамшгийг үзүүлэн эх хэлнээ буулгасан гавьяатай. “Хамбуудай мэргэн хаан”, “Цагаадай мэргэн хөвгүүн”, “Луу мэргэн хаан” зэрэг туульсыг латин галигаас шинэ үсэгт буулгасныг бид бүрэн эхээр нь хэвлүүлж, уншигчдын хүртээл болгосон. Уг туульсууд Ринчен гуайн өмнөтгөл үгтэй учир тухайн үед хэвлэхгүй байсан юм билээ. Миний мэдэхийн манайд тавиад жил болсон юм даг.

-Хоёр Дамдинсүрэн гуайг андуурч байсан нь мэдээж. Тэр тухай сонирхуулахгүй юу?

-Цэндийн Дамдинсүрэн гуай “манай амьдай” гээд аавд их сайн байсан. Баялаг сайхан монгол хэлтэйг нь үнэлж, бахаддаг байсан. Аавд ирсэн захидал Дамдинсүрэн гуайд оччихно. Түүнийг өөрөө авчирч өгдөг сөн. Хүмүүс “Та хоёрыг их андуурах юм аа” гэхэд “Энгийн хүмүүс байтугай До яам хүртэл андуурч байсан юм аа хө” гээд инээд алдана. До яаманд хоёул зэрэг шахам баригдаж, шоронд хамт байсан юм билээ. Шоронд эргэлтээр орос хоол ирэхэд аав “Энэ миний хоол биш байна. Нөгөө Дамдинсүрэнгийн хоол байна” гээд харгалзагчийг нь явуулдаг байж. Өөрсдийг нь ингэж андуурахаас гадна бүтээлийг нь их андуурна. “Ахун уулын цамхаг”, “Мөнхийн сэрүүн тунгалаг дүр” тэмдэглэл нийтлэлүүдийг Цэндийн Дамдинсүрэн гуайн “Бүрэн зохиол”-ын гуравдугаар ботид оруулснаа Дожоогийн Цэдэв гуай сүүлд мэдэж аавын ботид оруулсан. Тэдгээрийг “Өвгөөдэйн бүтээл” гэдгийг нь Бааст гуай гэрчилсэн. 2002 онд Мөнгөнморьтын сургуулийг аавын нэрэмжит болгосон доо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *