Categories
мэдээ цаг-үе

Алдарт Филаделфийн Оркестр Монголд тоглоно

-Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар Филаделфийн Оркестртой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа-

АНУ-ын Конгрессын ордон болох Капитолд гуравдугаар сарын 3-ны өдөр Монголын соёл урлагийн түүхэнд хийгээд Монгол Улс-АНУ-ын харилцааны түүхэнд тодоор бичигдэх нэгэн чухал үйл явдал боллоо. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Филаделфийн Оркестртой харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар 2017 онд тус оркестр Улаанбаатар хотноо тоглохоор болсон юм. Энэ явдлыг түүхэнд бичигдэх хэмээн тодотгосныхоо учрыг тайлбарлан, юуны өмнө Филаделфийн Оркестрыг товч танилцуулъя.

Их тавын нэг

Филаделфийн Оркестрыг 1900 онд Фриц Шийл үндэслэн байгуулсан бөгөөд өөрөө анхны удирдаачаар нь ажиллажээ. Байгуулагдсан цагаасаа хойш сонгодог хөгжмийн гайхамшгийг ард олонд мэдрүүлэхээр аялан тоглолт идэвхтэй хийж ирснээрээ алдаршсан байна. Эхэндээ АНУ-ын зүүн эргийн томоохон хотуудаар тоглодог байсан бол 1911 онд анх удаа галт тэргээр аялан, Охайёо мужид тоглосон аж. 1936 онд ерөнхий найруулагчаараа нэрт Леополд Стоковскиг сонгосноос хойш цар хүрээ нь улам тэлж, анх удаа хилийн дээс даван, Канад улсад тогложээ. 1949 оноос тив алгасан, Их Британид тоглосон бол Азийн орнуудаас анх удаагаа 1967 онд Японд айлчилжээ.

Филаделфийн Оркестр нь АНУ-ын симфони, найрал хөгжмийн түүхэнд “Их тав” хэмээх бүлэгт багтдаг. “Их тав” хэмээх нэр томьёог 1950-иад оны үед урлаг судлаачид гаргаж ирсэн бөгөөд “цар хүрээ, хөгжимчдийнх нь авьяас билиг, хөгжмийн суу, тоглолтын давтамж, цалин хөлс…” бүхнийг тооцсоны эцэст аргагүй таван симфони ялгарсны тул ийн нэрийдсэн байна. “Их тав”-ын гишүүдийг байгуулагдсан он цагаар нь жагсаавал Нью-Йоркийн филармони (1842), Бостоны симфони оркестр (1881), Чикагогийн симфони оркестр (1891), Филаделфийн оркестр(1900) болон Клевеландын оркестр (1918) болно.

Анхдагч, анхдагч, анхдагч

Филаделфийн Оркестр нь үргэлжид шинийг санаачлан, уламжлал шинэчлэлийг чадварлаг хослуулж, техникийн шинэ ололт, нээлтийг зоригтойгоор нэвтрүүлдгээрээ алдартай, түүгээрээ бахархдаг ажээ. Жишээ болгон заримыг нь тоочвоос:

Түүхэнд анх удаа цахим бичлэг хийлгэсэн оркестр- 1925 онд

Анх удаагаа радиогоор тоглолтоо нэвтрүүлсэн- 1929 онд

Анх удаагаа телевизээр тоглолтоо цацсан оркестр -1948 онд

Бетховений бүрэн бүтээлийг тоглож, анх удаа дижитал болгон бичсэн-1988 онд

Анх удаагаа интернэтээр шууд концертоо цацсан-1997 онд

Хүйтэн дайны үед анх удаа Хятадад, Вьетнамын дайны дараахан анх удаа Вьетнамд тоглосон… гэх мэт. Ингээд энэ удаад бас л нэг анхдагч болж, Монголд бүтэн бүрэлдэхүүнээрээ очиж тоглох Америкийн анхны оркестр болж байгаа юм.

Хөгжим бол улс гүрнүүдийг холбогч гүүр билээ

2016 оны гуравдугаар сарын 3-ны өдөр, АНУ-ын Конгрессын ордонд орших Гадаад харилцааны танхимд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцохоор Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд болон Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтнууд, АНУ-ын Сенат, Конгрессын гишүүд, албаны хүмүүс, Филаделфийн Оркестрын удирдлага, хөгжимчдийн төлөөлөл, Монгол Улсын урлагийн төлөөлөл цуглалаа. Ёслолыг нээж АНУ-ын сенатч (Пенсилваниа мужийн) Роберт Кэйси үг хэллээ. Тэрбээр тэртээ 1870 оноос хойш Сенатын гадаад харилцааны бүхий л чухал бичиг баримтыг үзэглэсэн энэхүү танхимд энэ чухал үйл ажиллагаа болж байгаа нь хоёр орны хувьд тэмдэглүүштэй үйл явдал болохыг, шинэ эрин, шинэ харилцаа үүгээр эхэлж буйг онцлов.

Сенатч Кэйси хөгжим урлаг, гоо сайхны чухлыг илтгэн ярихдаа Ерөнхийлөгч Кеннэдигийн буудуулахаасаа ганцхан сарын өмнө хэлж байсан яруу найргийн тухай үгээс эш татлаа. Кеннэди тэр үгэндээ урлагийнхан, боловсролтой хүмүүс, найрагчид нийгэмд хэр чухал үүрэг гүйцэтгэдгийг яруу найрагч Фростоор жишээлэн өгүүлж байжээ. Яг л үүний адилаар Филаделфийн Оркестр нь, ерөөс хөгжим гээч нь улс орны харилцаан дахь гүүр билээ хэмээн тэрээр яриагаа өндөрлөв.

Хэлмэрчгүй ойлголцох хэл-хөгжим

Дараа нь Филаделфийн Оркестрын зөвлөх, Элчин сайд Николас Платт үг хэлэв. Николас Платт нь бүх амьдралаа АНУ-ын гадаад харилцаанд, ялангуяа Азийн судлалд зориулсан хүн бөгөөд Замби, Филиппин, Пакистан улсуудад Элчин сайдаар сууж байсан, 1992 оноос хойш 12 жилийн турш Азийн Нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр ажилласан ахмад туршлагатай дипломатч юм. Элчин сайд Платт “Гадаад хүнд ер нь хэлмэрч хэрэгтэй байдаг. Харин хөгжмийн хувьд хэлмэрч хэрэггүй хэл гэдэг билээ. Филаделфийн Оркестрыг сонссон хүн бүр энэ үг хичнээн үнэн болохыг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг юм” хэмээв.

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл Монгол-АНУ-ын харилцааг цөөн үгээр дүгнэн өгүүлээд 2017 онд, хоёр улсын дипломат харилцааны 30 жилийн ойгоор тус оркестр Улаанбаатар хотноо тоглох болсонд, мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж, санамж бичигт гарын үсэг зурж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Дараа нь хөгжимчин У.Хатанболд морин хуур тоглож, бүжигчин Б. Дэлгэрмаа аягатай бүжиг бүжин, хүрэлцэн ирсэн зочдод монгол урлагийн дээжээс мэдрүүлэв.

Хөгжим бол өөрийгөө илэрхийлэх эрх чөлөө

Пенсилваниа мужийн төлөөлөгч, Конгрессын гишүүн, Конгресс дахь АНУ-Монголын бүлгийн дарга ноён Жое Питтс ардчилал, эрх чөлөө, урлаг соёлын төлөө Монгол-Америкийн ард түмэн мянга мянган бээрийг хамт туулсныг онцоллоо. Тэрбээр хөгжмийг хувь хүний өөрийгөө илэрхийлэх эрх чөлөө хэмээн үздэгээ хэлж байв.

Филаделфийн Оркестрын Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал хатагтай Аллисон Вулгамор хамт олныг нь Монгол Улсад тоглох боломж олгож байгаа бүх хүмүүс, Сенат, Конгрессын гишүүдэд хөгжимчдийнхөө өмнөөс талархал илэрхийлээд, Монгол Улсад айлчлахдаа зөвхөн тоглолт хийх бус, сургууль, эмнэлэг, театруудаар зочилно, бүх төрлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, боловсролыг дэмжихийг хичээх болно гэдгээ хэллээ.

Филаделфийн Оркестрыг төлөөлж, виолончель хөгжимчин Роберт Кафаро тоглолоо. Тэрбээр Балтиморийн Симфонид тоглож байгаад 1985 онд Филаделфийн оркестрт орсон юм байна. Дараа нь Монгол Улсын дуучин Эрдэнэбатын “Саран монгол” дуу дуулснаар удиртгал хэсэг өндөрлөж, гарын үсэг зурах ширээнээ төлөөлөгчдийг урив.

Харилцан ойлголцлын санамж бичигт Улаанбаатар хотыг төлөөлж Элчин сайд Булгаагийн Алтангэрэл, Филаделфийн Оркестрыг төлөөлж Ерөнхийлөгч Аллисон Вулгамор нар гарын үсгээ зурав. 2017 оны зургадугаар сард монголчууд дэлхийд алдартай энэ оркестрын бүтэн концертыг үзэх боломж ийнхүү бүрдэв.

Гарын үсэг зурсны дараа Ерөнхийлөгч Аллисон Вулгамор, Элчин сайд, оркестрын зөвлөх Николас Платт нартай уулзаж, цөөн хэдэн асуулт асуув.

М.Саруул-Эрдэнэ: Та бүхний ярианд Филаделфийн Оркестр зөвхөн хөгжим тоглох төдийгүй, харилцан ойлголцол, боловсролыг эрхэмлэн дээдэлдэг хэмээсэн тань их сонирхолтой байлаа. Тухайлбал Монголд очоод та бүхэн эмнэлэг, сургууль зэргээр мөн айлчилна гэв. Хөгжим боловсрол, гадаад харилцаа энэ бүгдийг оркестр хэрхэн зохицуулан, уялдуулж чаддаг юм бэ?

Аллисон Вулгамор: Манай оркестр аливаа гадаад улсад очиж тоглохдоо эхлээд концертоо тавих нь мэдээж. Дараа нь хөгжимчид маань хүмүүстэй уулзаж, гадуур явж туршлага солилцдог юм. Монголд үүнийгээ хэрхэн хийхээ Монгол дахь хамтран ажиллагч нартайгаа ярьж байгаад шийднэ. Уулзалт бүр, хувь хүн хоорондын яриа бүр утга учиртай, шинэ туршлага, шинэ санаа төрүүлж байдаг. Монголын төр засаг, ард түмэн чухам юу хүсч байгааг, юу хэрэгтэй байгааг бид олж мэдэхийг хичээж, хэрхэн цаашид хамтран ажиллахаа хамтдаа ярилцан боловсруулна.

Николас Платт: Ер нь манай оркестрын нэг чухал уламжлал бол хүн хоорондын харилцааг эрхэмлэдэг. Би энэ уламжлалыг бүр 1973 оноос хойш, анх Филаделфийн Оркестр БНХАУ-д тоглосноос харж, мэдэрч явна.

М.Саруул-Эрдэнэ: Тэгэхэд Ерөнхийлөгч Никсоны хүсэлтээр Хятадад тоглосон гэж байсан. Хөгжим бол улс хоорондын харилцааны гүүр гэдэг үг үүнд яг тохирохоор байна. Та тэгэхэд Хятадад ажиллаж байв уу?

Николас Платт: Тийм. Би тэгэхэд Бээжинд улс төр, соёл хариуцсан ажилтан байлаа. Сонин юм шүү, бүр тэгэхэд л улс төр, урлаг соёл хоёрыг нэг хэсэгт хамруулж, адилтган үзэж байсан байгаа юм. За энэ ч яах вэ, гол нь 1973 онд Филаделфийн Оркестр Бээжинд очиж тоглоход оркестртой холбогдох, өнөөг хүртэл хамтран ажиллах золтой байж. Одоо тэгээд анх удаа Монголд тоглоно гэдэг их сайхан хэрэг. Би чинь найман жилийн өмнө Монголд нэг очиж байсан хүн. Тэгэхэд би Азийн нийгэмлэгийн ерөнхийлөгч байсан юм.

М.Саруул-Эрдэнэ: Энэ том оркестрын зөвлөхөөр ажиллаж байгаа хүний хувьд хөгжим, урлагийн талын юм бас танд байгаа биз?

Николас Платт: Хооронд дуулдаг л байлаа. Гитар бас тоглоно. Гэхдээ мэргэжлийн түвшинд биш л дээ. Ямар ч байсан оркестрынхоо юу тоглож байгааг сонсоод мэдээд байдаг юм аа.

М.Саруул-Эрдэнэ: Танайх Азийн бусад ямар улсад тоглоод байгаа билээ?

Аллисон Вулгамор: Анх Японд тоглосон. Тэгээд Солонгос, Хятад, Вьетнам, Тайваньд тоглосон. Саяхан Хонгконгод тоглосон, маш сайхан тоглолт болсон шүү.

М.Саруул-Эрдэнэ: Одоо тэгээд Монгол Улсад тоглох гэж байгаад тань маш их баярлалаа. Монголын сонгодог урлаг сонирхогчдод аз завшаантай үйл явдал болох нь.

Аллисон Вулгамор: Үгүй үгүй, харин ч Монголд анх удаа тоглох оркестр болж байгаадаа бид бүхэн туйлын баяртай байгаа. Энэ бол нэр хүндийн хэрэг.

“Өдрийн сонин”-ы Вашингтон дахь тусгай сурвалжлагч

М.Саруул-Эрдэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *