Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 1997 онд үйлдэгдсэн хүн амины онц ноцтой хэргийн эзэн холбогдогчийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэргийг шалгах хэлтсийнхэн илрүүлсэн байна. Тус дүүргийн оршин суугч 32 настай эрэгтэй Э одоогоос 19 жилийн өмнө гэртээ бусдад дөрвөн удаа хутгалуулан амиа алдсан байдалтай байхыг нь олж байжээ. Энэ хэрэгт сэжиглэн 41 настай Б-г өнгөрсөн сарын 29-нд гадаадаас ирэхэд нь баривчилсан байна.
Б нь 2000 онд төрсөн эцгийгээ хутгалсан хэргээр шалгагдаж байсан бөгөөд энэ хэрэгт зохих шийтгэлээ эдлээд 2010 онд гадаад руу явсан аж. Төрсөн эцгийгээ хутгалсан хэрэг нь хуулийн байгууллагаар шалгагдаж байх үед түүний 1997 онд үйлдэгдсэн хэргийг хуулийнхан олж мэдээгүй байсан юм байна. Харин түүнийг гадаад явсны дараа 1997 онд үйлдсэн хэргийнх нь талаар иргэдээс мэдээлэл ирсэн аж. Б нь бүрэн дунд боловсролтой, Монголд байхдаа ямар нэгэн тодорхой эрхэлсэн ажилгүй байсан бөгөөд түүнийг буудлаар биеэ үнэлдэг байсан гэх мэдээлэл байгаа юм.