Саяхан Норвегид болсон Залуучуудын өвлийн олимпийн наадмаас Монголын тамирчин, ОУХМ Б.Сумъяа эх орондоо өвлийн олимпийн анхны алтан медалийг авчирсан билээ. Түүнийг нутагтаа ирээд байхад нь ярилцлаа.
-Монголчуудынхаа өмнөөс, уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Өөрийг тань онгоцны буудал дээрээс олон хүн угтаж авлаа шүү?
-Тэглээ. Их сайхан угтаж авлаа. Ийм олон хүн байна гэж төсөөлсөн ч үгүй. Сая онгоцны буудалд гэр бүлийнхэн болоод Монголын үндэсний олимпийн хороо, Ч.Наранбаатар даргатай “Олимп хөгжил” сан, Дарханы дулааны станц, “Алдар” спорт хороо, Монголын тэшүүрийн холбооны хамт олон сайхан угтаж авлаа. Та бүхэндээ баярлалаа. Мөн Осло дахь монголчууддаа маш их баярлалаа. Норвегийн Осло хотод амьдардаг монголчууд бидэнд маш их тусалсан. Тэмцээний дараа биднийг хүлээж авсан.
-Залуучуудын өвлийн хоёрдугаар наадамд орох эрхийг хэрхэн авсан бэ?
-Залуучуудын өвлийн олимпод 2013 оноос эхэлж Д.Энхбаяр багштайгаа бэлтгэл хийсэн. Тэмцээнд орохын өмнө дэлхийн цомын эрхийг хийх ёстой. Тиймээс 2015 оны гурав, арванхоёрдугаар сард болсон цуврал тэмцээнүүдэд оролцож эрхээ авсан. Энэхүү залуучуудын өвлийн олимпод оноогоороо эхний 28-д орсон тамирчин оролцох эрхтэй байсан. Би 28 буюу хамгийн сүүлийн тамирчин нь болж байлаа.
-Ганцаарчилсан төрөлд ямар амжилт үзүүлэв. Улсын рекордыг шинэчилсэн гэсэн үү?
-500, 1500 метрт гүйсэн байгаа. 500 метрт хоёр удаа гүйсэн. Ганц удаа гүйсэн амжилтаараа хувийн, хоёр удаа гүйсэн Монгол Улсын насанд хүрэгчдийн рекордыг шинэчлэн тогтоосон байгаа. Миний хувьд багийн төрөлд алтан медаль авсандаа үнэхээр их баяртай байна.
-Багийн төрөлд алтан медаль хүртсэн. Хамт уралдаж амжилт гаргасан багийнхныгаа танилцуулаач?
-Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай нэг баг болж оролцсон. Манай багийн гурван тамирчин их мундаг залуус. Тухайлбал, Итали улсаас оролцсон охин 1500 км-ийн төрөлд гуравдугаар байрт орсон. Солонгос улсын тамирчин залуу 500 км-ийн төрөлд бас гуравдугаар байрт шалгарсан.
-Аль баг илүү хүчтэй санагдсан бэ. Багийн хуваарилалтыг хэрхэн сонгосон юм бэ?
-Багийн төрөлд хамгийн сүүлийн гараанд гарч уралдсан баг хүчтэй өрсөлдөгч байсан. Баг тус бүр хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчнаас бүрдсэн. Тус багийн хоёр эрэгтэй 500 метрт алт, мөнгөн медаль хүртсэн бол нэг эмэгтэй нь 500 метрт хүрэл медаль хүртсэнээрээ бусдаасаа илүү шилдэг санагдсан. Зохион байгуулагчдын зүгээс тухайн тамирчны үзүүлэлтээс хамаарч багийн хуваарилалт хийсэн байсан.
-Багийнхантайгаа хамтарсан бэлтгэл хийсэн үү, хэр ойлголцож байв?
-Багийнхаа итали охиныг өмнө нь тэмцээн дээр харж байсан. Ерөнхийдөө бид 1998 оны нэгдүгээр сараас 2000 оны арванхоёрдугаар сарын хооронд төрсөн тамирчид л даа. Тэмцээний өмнөх өдөр л хамтарсан бэлтгэл хийсэн. 13 баг гарч уралдсан. Минут 57 сек 87 долийн үзүүлэлттэй түрүүлсэн. Хоёр дахь баг минут 58 сек 80 долийн үзүүлэлттэй байсан. Бусад багууд ихэвчлэн долиор зөрүүтэй байсан. Бүгдээрээ эн тэнцүүхэн өрсөлдсөн.
-Өөрийн тань багш Д.Энхбаяр багийн төрөлд өрсөлдөхөд дасгалжуулагчаар хуваарилагдсан гэсэн. Энэ нь бас давуу тал болжээ?
-Тэгсэн.Багш дасгалжуулагчдыг мөн цаанаас нь багуудад хуваарилсан. Азаар багш маань манай багт дасгалжуулагчаар хуваарилагдсан.Тэмцээний үед багш байнга зааж, зөвлөж байсан.
-Багийн дүнг танилцуулахад их догдолж байв уу?
-Нийт 13 багаас манай баг гуравт гарсан. Дараа дараагийн баг манай амжилтыг эвдчих болов уу яах бол гээд их айдастай байсан. Багаараа тойрч зогсоод бусад багийн үзүүлэлтийг харах их хэцүү санагдсан. Самбар дээр манай баг тэргүүлсэн хэвээр л байсан. Хамгийн сүүлийн баг гүйхэд нь ямар ч байсан медаль авах юм байна гэж хүлээж байлаа. Тухайн үед багийнхаа нөгөө хоёр гишүүнтэйгээ байсан. Хятадын тамирчин гадаа гүйх гээд гарчихсан байсан л даа. Тэгээд хамгийн сүүлийн гараа барианд ороход бид их баярлаж, хөөрч, хоорондоо тэврэлдэж баярласан.
-Өөрөө багаасаа хамгийн түрүүнд гараанд гарсан байсан. Тэгэхээр бүх зүйл өөрөөс тань шалтгаалж байсан болов уу?
-Багийн уралдаанд гишүүн бүр л эн тэнцүү чадвартай байх ёстой. Тэрнээс нэг тамирчин нь сайн байлаа гээд багийн үзүүлэлт дээшээ гараад ирэхгүй шүү дээ. Бүгд л жигд сайн байж л амжилтад хүрнэ. Ялангуяа миний хувьд хамгийн эхэнд гараанаас гарсан. Багш хамгийн түрүүнд гарч байгаа тамирчны гараа маш чухал. Чи сайн байж бусад чинь ч гэсэн сайн байх болно. Тиймээс эхний салхийг маш зөв хагалах ёстой гэж захисан. Багшийнхаа хэлснийг биелүүлж, бусдынхаа итгэлийг алдахгүй байх хариуцлага надад ногдсон. Би нэг тойрчихоод замаас гарна. Дараагийн тамирчин миний хурдаас шалтгаална гэсэн үг. Эхний хурдыг яаж авахаас манай багийн амжилт шалтгаалсан. Тиймээс би хамгийн хүнд ачааг үүрсэн гэж хэлж болно.
-Гэр бүлийнхэн тань спортод их элэгтэй хүмүүс шиг санагдлаа. Энэ спортоор хичээллэхэд бас нөлөөлсөн болов уу?
-Би 1999 онд Дархан-Уул хотод төрсөн. 2008 оноос тэшүүрийн спортоор хичээллэж эхэлсэн. Одоо зэвсэгт хүчний “Алдар” спорт хороонд харьяалагддаг. Намайг багаас л аав, ээж их дэмжиж янз бүрийн дугуйланд явуулдаг байсан. Нэг хэсэг хөгжмийн дугуйланд явсан. Нэг удаа дугуйлангийнхаа мөнгийг өөрөө аваачиж тушаах боломж гарсан. Аав амжихгүй нь, намайг өөрөө багшдаа аваачаад өгчих гэсэн юм. Би тэр мөнгөөр нь замдаа мөсөн каток дээр тоглочихсон. Манай сургуулийн хажууханд каток байдаг байсан. Түүнээс хойш гулгах их дуртай болсон. Тэр үед Мандах, Нацагдорж багш нар маань намайг ер нь ирээдүйтэй юм байна гэж харсан юм билээ. Ер нь зургаан настайгаасаа л ээжтэйгээ хамт сургуулиас харих замдаа нэг цаг эсвэл 30 минут гулгачихаад харьдаг байсан.
-Гэр бүлээ танилцуулаач. Танай ах бас тамирчин гэж сонссон?
-Манай аавыг Г.Буянтогтох, ээжийг Г.Цэцэгээ гэдэг. Манай ээж физикийн багш. Аав жолооч. Эхээс дөрвүүлээ.Нэг эгч, хоёр ахтай. Манай гэр бүлийнхэн спортод хайртай. Ээж цанаар хичээллэж байсан. Олон ч спортод сонирхолтой, тоглох ч дуртай. Манай ах Хатанбаатар мотоспортын тамирчин, дэд мастер.Би бас дугуйн спортоор хичээллэдэг.
-Тэшүүрчин охины мөрөөдлийг сонирхмоор байна?
-Онгоцны нисгэгч болох хүсэлтэй. Одоохондоо спортдоо анхаараад мөрөөдлөө түр хойш тавьсан. Гэхдээ бодсон юм байгаа. Их, дээд сургуульд ч хараахан сурч амжаагүй байна. Тамирчин хүнд цаг зав бага гарах юм. Бэлтгэл сургуулилтаас эхлээд. Энд бас нэг юм хэлж болох уу?
-Тэгэлгүй яахав?
-Гадаадад олон тэмцээн уралдаанд оролцож байхад их гоё битүү мөсөн ордонтой байдаг. Тэмцээн болоод дуусангуут жирийн иргэд нь чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Би Монголд тийм гоё битүү мөсөн ордонтой болоосой гэж хүсдэг. Заавал тамирчид, мэргэжлийн хүмүүст зориулсан ордон гэлтгүй бүх хүмүүст зориулсан мөсөн ордонтой болчихвол сайхан шүү дээ. Тамирчид нь бэлтгэлээ хийгээд бусад цагаар иргэд нь гулгана.
-Бэлтгэлээ хаана, яаж хангасан юм бэ?
-Хандгайтад нэг талбайтай болсон байна лээ. Солонгост бэлтгэл хийсэн. Мөн Хятадын Чанчун хотод цугларалтад оролцоод ирсэн. Ингэж явна гэдэг зардал мөнгөнөөс эхлээд хүндрэлтэй. Тиймээс Монголд битүү мөсөн талбайтай болчихвол хүүхэд бүрт ирээдүйд сайн тамирчин болох боломж байгаа шүү дээ.
-Одоо ямар тэмцээнд оролцох гэж байна?
-Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн байгаа. Мөн бүх ард түмний спартакиад болно. Миний хувьд 2011, 2015 оны хүүхдийн наадмын аварга болж байсан. Тэшүүрээр улсын аваргад 2011 оноос хойш оролцож түрүүлээд байгаа.