Олон улсын “Абилимп” буюу хөгжлийн бэршээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварын тэмцээн ирэх сард болох гэж байгаа аж. Эл тэмцээнд монголчууд анх удаа оролцох гэж байна. Дэлхийн 35 улсыг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын “Абилимп”-ийн холбоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн мэргэжлийн ур чадварыг бүх төрлөөр хөгжүүлэх, эзэмшсэн мэргэжилдээ хамгийн шилдгийг нь сонгох замаар тэднийг дэмжих зорилготой тэмцээнийг гишүүн орнуудынхаа дунд гурван жил тутам зохион байгуулдаг. Манай улс энэ байгууллагад 2015 онд элссэн аж.
Ирэх гуравдугаар сарын 23-28 нд Францын Бордо хотноо болох уг тэмцээнд 37 орны 700 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн 50 мэргэжлээр ур чадвараа сорих юм. Оролцогчдоос гадна шүүгч, үзэгч, дэмжигч гээд нийтдээ 80 мянга гаруй хүн цуглах дэлхийн хэмжээний энэ тэмцээнд Монгол Улс хог хаягдал дахин ашиглах, уран зураг, оёдол, арьсан урлал, компьютер угсрах, вэбсайт, системийн удирдлага, нарийн боов, хоол хийх, вааран эдлэл, модон сийлбэр, мотоцикл угсрах, хийх зэрэг 11 мэргэжлээр оролцох гэж байна.
Дэлхийн тавцанд анх удаа эх орноо төлөөлөх алтан гартай мэргэжилтнүүдийг өнгөрсөн арваннэгдүгээр сард зохион байгуулсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ур чадвар-2015” тэмцээнээс тодруулсан. Ур чадварын тэмцээнийг нийт 14 төрлөөр явуулснаас 11-ийнх нь ялагч Францыг зорих эрх гардсан.
Дэлхийд өрсөлдөх Монголын багийг тодруулах “Ур чадвар-2015” тэмцээний бэлтгэлээс эхлээд эзэмшсэн мэргэжлийнхээ ид хавыг олон улсын тавцанд гайхуулах 11 оролцогчийн шаардлагатай зардлыг санхүүжүүлэх зэргээр бүхий л үйл ажиллагаанд Хөдөлмөрийн яам дэмжин оролцож буй юм.