“Сайдын цаг” уулзалтад Сангийн сайд Б.Болор оролцлоо. Тэрээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн юм. Энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар гаргасан урьдчилсан мэдээллийн хүрээнд 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж, 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль, алдангиас тус тус чөлөөлжээ.
Энэхүү орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд 21275 санхүүгийн тайлан, 89394 татварын тайлан, 4165 нийгмийн даатгалын тайлан, 8140 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 647 төрлийн эд хөрөнгийн болон 744 хуулийн этгээдийн бүртгэлд 1176 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй учраас ил болж буй цалингийн сантай холбоотой 15.6 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төсөвт төвлөрчээ.