Categories
мэдээ нийгэм

Г.Шийлэгдамбын мэдээллээр П.Цогтбаатарыг шалгаж эхэлжээ

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хуралд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон, Судалгаа шинжилгээний албаны дарга н.Дуламсүрэн, Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар н.Сүх-Очир, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр тэргүүтэй албаныхан оролцов. Тэд мэдээлэл хийх үеэрээ Г.Шийлэгдамба, П.Цогтбаатар, Г.Дэнзэн, Н.Энхбаяр нарын хэргийн талаар тайлбар өгсөн юм.

Г.ШИЙЛЭГДАМБЫН МЭДЭЭЛЛЭЭР П.ЦОГТБААТАРЫГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

АТГ-ынхан “Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг манай байгууллага шалгаад прокурор руу шилжүүлсэн. Прокурорт очсоны дараа Г.Шийлэгдамбаас олон нийтэд хандсан сонордуулга гаргасан. Үүнд авлига авсан мөнгөө намын эрх бүхий албан тушаалтнуудад өгсөн тухай гарсан. Үүний үндсэн дээр өөрийнх нь гаргасан мэдээллийн дагуу АТГ-аас хэргийг дахиж шалгах шаардлагатай гэж үзсэн. Энэ дагуу МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг шалгаж байна. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэж тайлбар хийв.

ЭХ ОРОНДОО ИРЖ, ХЭРГИЙНХЭЭ ТАЛААР ЯРЬСАН ЗҮЙЛГҮЙ

Мөн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарын хэрэгтэй холбоотой эрэн сурвалжлах ажил үргэлжилж байгааг дуулгаад, “Анх цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн Улсын ерөнхий прокуророос АТГ-т харьяалал тогтоогоод цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг байгуулаад мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна. Интерполоор эрэн сурвалжлагдаж буй хүмүүс эх орондоо ирэх талаар мэдээлэл цацагдсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар эх орондоо ирж, хэргийнхээ талаар ярьсан зүйл байхгүй. Тиймээс эрэн сурвалжлах ажиллагаа хуулийн дагуу олон улсын хэмжээнд үргэлжилж байна. Тухайн этгээдүүдийн амьдарч буй улс оронтой Монгол Улс эрхзүйн харилцан туслах гэрээтэй тохиолдолд эргүүлэн авчрахад саадгүй. Ийм гэрээгүй тохиолдолд тухайн улсаас Монгол Улсад авчирч өгөхөөс өөрөөр бид очиж барих боломж тааруу” гэсэн юм.

Г.ДЭНЗЭНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОР РУУ ШИЛЖҮҮЛНЭ

Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2017 оны наймдугаар сарыг хүртэл төрийн албанд ажиллах боломжгүй гэсэн дүгнэлт хийж Засгийн газарт хүргүүлсэн тухайгаа мэдээллийн үеэр хэллээ. Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн заалтыг үндэслэн 2017 он хүртэл төрийн албанд ажиллах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан байна.
Мөн Г.Дэнзэнгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч байгаа бөгөөд удахгүй прокурорын байгууллага руу шийдвэрлүүлэх саналтайгаар шилжүүлэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *