УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга С.Ганбаатар өөрийг нь Ерөнхийлөгч болгохгүйн төлөө зүтгэж байгаа бүлэглэлүүд намыг нь оролдож байгаа тухай олон нийтэд мэдээлсэн. Тэрээр ХҮН-д ямар нэг хагарал гараагүй гэж мэдээлсэн ч ажиглагчид намын жагсаалтаар улс төрд орж ирэх сонирхолтой залуу гишүүд нь өөрсдөө дотроосоо хагарал гаргаж байгаа ч гэж үзэж байгаа юм.Түүнийг мэдээлэл хийсний дараа тус намын гишүүдийн төлөөлөл Хэвлэлийн хүрээлэнд хурал зарлаж, хууль бус тушаал гаргасан намын дарга С.Ганбаатарыг огцрох ёстой гэсэн юм. Энэ үеэр ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга Ө.Мөнхбаттай ярилцлаа.
-Танай намын дарга мэдээлэл хийхдээ нам дотроо хагарал гараагүй, бүх зүйл хэвийн байгаа гэж хэлсэн. Гэтэл та бүхэн арай өөр зүйл яриад байх юм?
-ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн даргыг ажлаас нь чөлөөлөх, ХҮН-ын Хариуцлагын ерөнхий хороог түдгэлзүүлэх тушаалд С.Ганбаатар дарга гарын үсэг зурсан, энэ сарын 8-ны өдөр. Тэгэхээр үүнийг “Манай нам дажгүй байгаа” гэх нь ташаа мэдээлэл болов уу гэж харж байна.
-Ерөнхий нарийн бичгийн даргаа чөлөөлж, дээр дурдсан хороог түдгэлзүүлэх болсон шалтгаан нь юу байсан юм бол?
-Нэгдүгээрт, намын дарга Хариуцлагын ерөнхий хороог татан буулгах эрхгүй. Ямар ч үндэслэлгүй тушаал гаргасан. Уг тушаалд нь ямар ч тамга байхгүй. Аливаа албан байгууллага албан ёсны бланк дээр гарын үсэг, тамгатай баримт үйлддэг биз дээ. Гэтэл үүнийг хар. Ямар ч тамгагүй, зүгээр л цаас. Энэ нь манай намын дүрмийг зөрчөөд байгаа байхгүй юу.
-УИХ-ын гишүүн С.Ганбаатар намынхаа дүрмийг бүрэн гүйцэд уншиж танилцаагүйгээс ийм тушаал гаргачихлаа гэж үү?
-Дүрмээ уншмаар л юм. Энэ чинь 01 дугаартай тушаал нь шүү дээ. Би хэрвээ намын даргын оронд байсан бол битүүний бэлгэшээлтэй өдөр, эрхэм хүндэт гишүүд, ахмадуудтайгаа хэрхэн хэзээ яаж золгох вэ, золголтоо яаж зохион байгуулах вэ гэж төлөвлөгөөгөө ярилцаад суух байсан. Гэтэл С.Ганбаатар даргын гаргасан уг тушаал нь шууд л хүнийг ажлаас нь халж, бүхэл бүтэн намын хамгийн том байгууллагыг түдгэлзүүлсэн. Үүнийг байж болохгүй зүйл гэж үзээд байна л даа.
-ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Доржхандыг улс төрийн талаасаа нэлээд төлөвшсөн, цаашаа явах залуу гэж харж байсан ч түүнийг зориуд унагачихлаа гэж үзэх хүмүүс байна?
-Манай намд сайн сайн залуус зөндөө байлгүй яахав. Гэхдээ би У.Доржханд ийм тийм гэж яримааргүй байна. Бид дүрэмтэй, зарчимтай. Зөвхөн дүрэм, зарчмынхаа дагуу л үйлдэл хийх ёстой.
-Та намын даргадаа нээлттэй захидал илгээсэн?
-Хариу ирээгүй байгаа. Хариуцлагын ерөнхий хороондоо үүсээд байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд маань асуулга тавих байх аа. Болж байгаа үйл явдлыг хүмүүс өөр өөрсдийнхөө өнцгөөс харах байх. Тэгэхдээ бид дүрэм, журамтай нам юм чинь түүнийхээ дагуу асуудлаа шийдэж чадна. Маш олон хүний итгэлийг хэн нэгэн хүн хагалан бутаргаж болохгүй. Манай дарга намын хурал дээр “Би Ерөнхийлөгчид нэр дэвшинэ” гэж хэлсэн. Энэ нь зөв. Гэхдээ Ерөнхийлөгч гэдэг бол эв нэгдлийн бэлгэдэл. Айлаар бол аав нь шүү дээ. Цагаан сарын урд өдөр, битүүнд энэ асуудлыг эвлэрүүлж, гишүүдээ уулзуулж, ойлголцохгүй байгаа асуудлыг нь шийдүүлэх нь намын даргын үүрэг байсан. Гэтэл үүний эсрэг явж байгаад маш их харамсч байна. Ерөнхийдөө бол С.Ганбаатар дарга ч тэр, бид ч тэр дүрмийнхээ дагуу зохих хороондоо асуудлаа шийдүүлээд явах болно.
-ХҮН-ын залуу гишүүд болж байгаа үйл явдалтай холбогдуулж үзэл бодлоо янз бүрээр илэрхийлж байна л даа. Тэр дундаа таныг хүмүүс онцолж “УИХ-ын гишүүн асан Ц.Өөлдийн хүү Мөнхбат ч чигтэй юм ярих залуу” гэж харж байх шиг байна?
-Бид хариуцлагатай байх ёстой. Намын гишүүн болохоороо хариуцлагатай байгаад гишүүн биш болчихвол хариуцлагагүй байна гэж болохгүй шүү дээ. Бид бүгд сайхан ээж, аавууд. Бид хариуцлагатай байх ёстой. Хариуцлагатай, зарчимч байхын тулд л энэ алхмыг хийгээд явж байна, миний хувьд. Тийм болохоор зарчмаасаа хазайчихгүй юмсан. Ноён нуруугаа алдчихгүй юмсан. Энэ олон хүний итгэлийг буруу тийш нь залчихгүй юмсан гэдэг хатуу байр суурин дээрээ л байна. Түүнээс биш хувь хүн рүү чиглэсэн байдлаар хандахгүй. Ерөөсөө л зарчим ярина. Дүрмээ л ярина.
-С.Ганбаатар гишүүн өөрийг нь Ерөнхийлөгч болгохгүй гэж зүтгэж байгаа бүлэглэлүүд байгаа тухай ярьсан?
-Аливаа асуудал баримттай л байх ёстой. Хэн тэгээд байгаа юм, яачихсан юм гэдгийг мэдэхгүй байна. Тэр бүлэглэлээ олох нь С.Ганбаатар даргад гэрийн даалгавар болоод л үлдэх шиг боллоо. Ер нь баримттай байх ёстой.
-Цагаан сараас хойш та бүхэн намынхаа даргатай уулзаагүй байгаа хэрэг үү?
-Уулзаж амжаагүй байна. Ажлаас чөлөөлөгдсөн гээд байгаа У.Доржханд, уг нь чөлөөлөгдөөгүй л дээ. Генсек маань хамт олонтойгоо золгох гээд очтол намын байр руу оруулаагүй байх жишээтэй. Монгол хүн байна даа, сайхан золгоцгоож болох л байсан. Үүнийг харахаар бас л жаахан зарчимгүй юм уу даа л гэж бодогдож байна.
Д.САРУУЛ