Монголчуудын эрийн гурван наадмын нэг, хэдэн зуун жилийн турш дамнан бидэнд уламжлагдан ирсэн их цэнгэлийн нэг бол морин уралдаан. Газар холыг туулан шандас заан ирэх хурдан морьдын уралдааныг үзсэн хэнбугай ч болов хоолой зангиран, өөрийн эрхгүй гарах нулимсаа арчин уухайлан суудаг билээ. Энэ бол ажнай хурдан хүлгүүдээрээ, уяа сойлгыг тохируулагч тод манлай уяачдаараа, гийнгоо хадаан дэрвэх унаач хүүхдүүдээрээ, ер нь бол монгол уламжлал, монгол хүн болж төрснөөрөө бахархах нэгэн их давхцал, сэтгэлийн цэнгэл. Харин сүүлийн жилүүдэд морин уралдаан уламжлалт гэдэг утгаа алдан, өнгө мөнгөтэй хэдхэн хүний зугаа болсны нэгэн жишээ нь өвлийн уралдаан юм. Хасах 30 градусын хүйтэнд чөмгөө царцтал даарах хүүхэд, хөлс нь хөлдөж цасан бүрхүүлтэй ирэх олон морины зовлонгоор наадах эрхмүүд харин чонон дах нөмөрч, дулаан жийпэндээ тухалж баярладаг. Тиймээс “Өдрийн сонин” өвлийн морин уралдааныг хамгийн их шүүмжилж, эсэргүүцсэн нийтлэл бичиж байсны үр дүнд өдгөө хасах гуч, дөчин градусын хүйтэнд морь уралдуулахаа бараг болиод байлаа.
Өнөө жилийн хувьд өвөл нь их цас орж, онцгой хүйтэрсэн, нөгөө талаар малын халдварт өвчин гарч байгаатай холбоотойгоор Хөвсгөл, Төв зэрэг зарим аймгийн Засаг дарга нар тавдугаар сар хүртэл нутаг дэвсгэртээ морин уралдаан зохион байгуулахгүй байх захирамж гаргасанд нь олон хүн талархал илэрхийлж байв. Гэтэл МАН-ын дарга М.Энхболдын тэргүүлдэг Монголын морин спорт уяачдын холбооны санаачилгаар Хурдан морины “Дүнжингарав-2016” Төвийн бүсийн хаврын уралдааныг энэ сарын 28-нд Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд, Хангайн бүсийн хаврын уралдааныг Өвөрхангай аймагт гуравдугаар сарын 6-ны өдөр тус тус зохион явуулахаар Засгийн газраас шийдвэрлэлээ. Мэдээж, дээд шатных нь байгууллага ийм шийдвэр гаргасан болохоор Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат өөрийн гаргасан захирамжаа өөрчилж, хугацааг нь цуцалсан байна. Тэрбээр энэ тухайгаа “Төв аймгийн нутагт хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон захирамж гаргах болсон гол шалтгаан бол малын гоц халдварт өвчин зарим сумын нутагт гарсантай холбоотой. Нийслэл Улаанбаатар хот болон Багануур дүүрэгтэй хил залгаа орших Эрдэнэ, Баяндэлгэр, Баянчандмань, Мөнгөнморьт суманд малын цэцэг өвчин гараад байгаа. Тиймээс хурдан морь уралдуулахгүй байхаар тогтсон юм. Гэвч Засгийн газар Дүнжингарав уралдааныг хийхээр шийджээ. Энэ бол буруу үйлдэл биш. Хуульдаа дээд шатны засаг захиргааны байгууллага нь доод шатны байгууллагын шийдвэрийг цуцлах эрхтэйгээр заасан байдаг. Тиймээс би захирамжаа цуцалж болно.
Гэхдээ орон нутгийн хэмжээнд гаргасан захирамжаа эргэн хэлэлцэх болно. Малын өвчний тархалт, цаг агаарын байдал ямар байхыг нягтална. Мөн Морин спорт, уяачдын холбоо болон Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагынхантай гурвалсан гэрээ хэлцэл хийнэ. Унаач хүүхдийн хамгаалалт, даатгалыг онцгой анхаарч ажиллахыг чухалчилна. Цаг агаарын байдлыг мөн харгалзана. Цасан шуургатай, салхи ихтэй зэрэг таагүй нөхцөл байдал үүсэхгүй тохиолдолд хурдан морь уралдуулахад татгалзах зүйлгүй” гэж тайлбарлажээ.
Хэдийгээр монгол тооллоор хаврын тэргүүн сар хэмээн бид Цагаан сараа тэмдэглэдэг ч яг жинхэнэ утгаараа дөрөв, тавдугаар сараас л монгол нутагт хавар эхэлдэг. Цас хайлж, ногоо цухуйж, энэ үеэс л хүн малын нуруу тэнийдэг. Тэгтэл М.Энхболд дарга тэргүүтнүүд Цагаан сар болов уу, үгүй юу төвийн бүсийг хамарсан том уралдаан зохион байгуулахаар яаравчиллаа. Өдийд дулаарлаа дулаарлаа гэхэд малгайгүй явахад чих тас хөлдөм хүйтэн хэвээрээ л байна. Хөндийн жаварт чөмөг царцмаар жавар хургасан янзаараа л байна. Юундаа яарна вэ, өвөл морь уралдуулахгүй бол үхлээ юу, М.Энхболд дарга аа. Үнэхээр тэгж их дурлаад, өвөл морь уралдуулах гээд байгаа бол морин тойруулгаа бариад, зориулалтын зам дээр, зохих заавар журмынх нь дагуу уралдаанаа хийх эрх нь нээлттэй байна. Дэлхий даяар яаж морь уралдуулж байна, тэр зарчмаар л явах хэрэгтэй.
Одоогийн нөхцөлд ядаж нэг сарын дараа морин уралдаан зохион байгуулсан бол цас ханзарч, цаг наашлах байлаа. Унаач хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндэд ч эрсдэл багасна. Ядаж уралдаж буй морьдод ч халгаа бага гарна. Нөгөөтэйгүүр морин уралдааныг үзэж сонирхох, хийморь юугаа сэргээх гэсэн үзэгч түмэнд тав тухтай байхсан. “Дүнжингарав” төвийн бүсийн наадамд оролцох уяачдын тоо ч нэмэгдэж, жинхэнэ утгаараа наадам болох байв.
Ирэх зургадугаар сард УИХ-ын сонгууль болно. Морь уралдуулж, монгол ёс мэддэгээ гайхуулж санал авах сонирхолтой нэр дэвшигчдийн цуваа ингэж эхэллээ. Ер нь тэгээд морь уралдуулж улс төр хийж сонгуульд ялдаг цаг өнгөрсөн шүү дээ.
Г.Дарамсүрэн