Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөөл оршиг ээ…

Монголчууд бэлгэтэй түмэн. Жил жилийн цагаан сараар үгийн сайхныг хэлэлцэж үйлсээ тэгшилдэг нандин ёстой үндэстэн. “Амны бэлгээс ашдын бэлгэ” гэсэн сургаалыг төдийгөөс өдий хүртэл ам дамжуулсаар ирсэн нь өнөө ч янзаараа. Монголчууд өөр зуураа бэлгэтэй үгсийг хэлэлцэн гал бичин жилээ угтаж сайхан шинэллээ. “Даага далантай бяруу булчинтай онд мэнд тарган тавтай оров уу” гэж учран золгоод “Төрлөөрөө төвшин амгалан элгээрээ энх амгалан юу хүссэн бүхэн тань биелэх болтугай” хэмээн ерөөлийн сайхныг хэлж сар шинийн золгуут үргэлжилдгээрээ үргэлжлэв. Хариу үг нь ч их бэлгэтэй. “Ерөөл оршиг ээ”. Сайхан үг сонсох бүрдээ хүн бүр л ингэж хэлнэ. Өмнө нь ч, одоо ч яг л янзаараа. Жилийн турш биедээ хэлж завдаагүй сайхан үгсийг хаврын эхэн сарын анхны өдрүүдэд ингэж солилцоно. Ойлголцоогүй танилтайгаа уулзаж буруу зөрүү санаагаа цэгцэлнэ. Хэн нэгнийг гомдоосон бол уучлал эрж амар мэндийн ерөөлтэй үгс хэлэлцэнэ гэдэг сайхаан сайхан. Хар бүхнийг цайруулна гэсэн бэлгэдэлтэй учраас сар шинийн нэгэн, хоёрон, гурван утга төгс сайхан өдрүүд.

Аль тэртээ XIII зууны үеэс монголчууд цагаалж байсан талаар Марко Пологийн зохиолд тодоос тод дурайж буй. Хүн бүр цагаан сараар цагаан зүсмийн морь унаж, цагаан хувцас өмсч, цагаан хадаг өргөж, цагаан идээ зооглодог нь цаанаа нарийн учиртай байж. Хэн хэндээ хиргүй цагаан сэтгэлээр хандъя гэсэн бэлгэдлээ ингэж илэрхийлж байжээ. Алгаа дэлгэнэ гэдэг “надад зэр зэвсэг алга, миний сэтгэл ийм шүү” гэдгийг нь илтгэж байж. Ингээд яривал энэ баярын үйл, ёс бүхний бэлгэдлийг тоочоод барахгүй. Энэ цагаан сараар цахим ертөнц бэлгэдлээр дүүрэн байсан нь олзуурхал төрүүлсэн. Жирийн өдрүүдэд хараал, ерөөл хосолдог, хатуу үг нь зөөлнөөсөө давдаг цахим ертөнц үндэсний дээл хувцсаараа гоёсон хүмүүсийн зураг, ерөөлийн үгсээр дүүрэн байсан. Зарим нь бүр битүүлэх, цагаалах ёс, хадаг барихын учир утга, хадаг барихдаа хэлэх учиртай үг гээд танин мэдэхүйн мэдээллийг ч найзуудтайгаа хуваалцана лээ.

Цагаан сар гэдэг угтаа монгол түмний дархлаа. Дэлхийн олон улсаас Монголыг Монголоор нь харагдуулдаг онцгой өдрүүд. Монгол Монголоороо оршихын дархлаа гэдэг утгаараа эрхэмлэн дээдлэхээс аргагүй утгатай цаг хугацаа. Өвгийн үеэс уламжилж ирсэн төрт ёсны хамгийн том баяр гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Түүх сөхвөл 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулж, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгасан гэдэг. Үүнээс өмнө энэ баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэж байсан хэмээн түүх шастирт үлдээсэн нь бий. XVII зуунд Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны цагаан сарын баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон түүхтэй. Хаврын эхэн сарын шинийн нэгнээс шинийн 15 хүртэлх өдрүүдийг бурхан багшийн эрхэт хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрийддэг. Энэ өдрүүдэд ном хурах ёсыг Өндөр гэгээн тогтоосон юм билээ. Энэ баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог хэмээдэг. Тиймээс бие биедээ заавал зочилдог эрхэм заншилтай.

Олзуурхмаар нь монголчууд өмнөх оных шиг гашуун дарсанд мөн л бултаараа дурласангүй. Айлуудын зоогийн ширээн дээрх идээний дээж савтай сархад шинийн нэгэнд ямар байсан яг тэр янзаараа мэлтэлзсэн нь сар шинийн бас нэгэн гэгээн өнгө байлаа. Монголчууд ирсэн зочдодоо айраг цагаа сөгнөн сайхан шинэллээ. Миний нэг танил энэ жил таксинд явснаа ярьсан юм. “Архи үнэртүүлсэн хүн гарын таван хуруунд ч хүрэхгүй байна шүү. Хүмүүс бэлгээ боддог болжээ. Цагаан сарын өдрүүдэд ямар байна, яг тэр өнгөөрөө жилийг өнгөрөөнө гэсэн сайхан бодолтой болчихож” гэж сэтгэл хангалуун гэгч нь аминчилсан. Мань хүнд архи уугаагүй хүн такси барих нь таатай байхаас аргагүй. Зон олноороо бэлгэдлээ эрхэмлэж байна гэдэг л юутай ч зүйрлэмгүй олзуурхам сайхан хэрэг.

Цагаан сараар цээрлэх ёстой гурван зүйл бий гэж ээж минь аль багаас сануулдаг байж билээ. Уур, шунал, мунхаглал гурвыг тэвчиж, буян үйлдэх нь цагаан сарын хамгийн чухал зан үйл гэж ойлгуулсан нь өнөө ч сэтгэлд тод үлджээ. Цагаан сарын өдөр зүггүйтсэн ч ээжээс зэмлэл хүртэхгүй өнгөрнө. Одоо эргээд бодох нь ээ ээж минь бэлгэдлийг эн түрүүнд тавьж байж. Цагаан сарын өдрүүдэд муу үг ярихгүй, сонсохгүй, бэлгийг эрхэмлэдэг минь ээжээс, өвөөгөөс, элэнц өвгөөс улбаатай эрхэм дадал. Цагаан сараар уурыг тэвчихийн үлгэрлэлийг хотын замаас төвөггүй харж болно. Хоорондоо шүргэлцэнгүүт жирийн цагт барилцаж авах шахдаг залуус сар шинийн өдрүүдээр бол харин ч нэг ондоо доо. Дээл, хантааз, малгайгаар гоёсон залуус “За яахав ээ хө, сар шинэ шүү дээ” гэсгээд инээмсэглэн салцгаадаг. За тэгээд жил жилийн цагаан сараар зам тээврийн осол жирийн өдрүүдээс эрс багасдаг нь ч монголчуудын уурыг хазаарладаг бэлгэтэй холбоотой. Уурлаж, шунаж, мунхаглахгүй л бол хэн ч машинаа эвгүй жолоодож элдэв осолд өртөхгүй нь тодорхой л доо.

Энэ жилийн цагаан сараар бас нэг сайхан зүйл мэдэрлээ. Орсон айл бүр Монголд үйлдвэрлэсэн ”Янмал”,”Тод”, “Монгол”, “Гэр”-ийн оймснууд, “Хатан сүлжээ”, “Говь”, “Гоёо”-гийн ноолуур, “Эрдэнэт хивс”-ийн сандлын зөөлөвчнөөс эхлээд шалны хивс хүртэлх бүтээгдэхүүнүүд, ”Made in Mongolia” гэсэн шошготой оймс, саван, элдэв үнэртэн, эсгий углаашийг бэлгэндээ сонгосон байна лээ. Оймс л гэхэд сав баглаа боодол нь хүнд бэлэглэхэд нүүр улайхааргүй. Саван энэ тэр нь импортынхоос дутахгүй чанартай нь харваас илт. Ноос, ноолуурын компаниудын бээлий, оймс гэхэд л импортын оймс, бээлийтэй үнэ, чанараараа өрсөлдөхүйц. Хонины ноосон хивсний хувьд Монголд үйлдвэрлэсэн нь ямар чанар, хэр үнэтэйг дэлхий мэднэ. Хамгийн гол нь Монголдоо үйлдвэрлэсэн барааг бэлгэндээ сонговол мөнгө нь бидэнд үлдэнэ, өчнөөн хүний амьдрал ахуйг залгуулна гэдгийг бултаараа ухаарсанд байгаа юм. Өмнө нь чанар нь жаахан тийм гэж голонгуй ханддаг байсан бол өнөө жил өөрчлөгдсөнийг онцлохоос аргагүй. Цагаан сарын бэлгэнд хоёр их наяд гаруй төгрөг зарлагаддаг монголчууд энэ жил лав ийм их хэмжээний мөнгийг Эрээн, Солонгосын бараанд зараагүй.

Сар шинийн гоёл дээр хүмүүс элдвээр л ханддаг. Жил жилийн цагаан сараар үндэсний хувцсаараа гоёх хүсэлтэй хүмүүс олширч байгаа нь л хамгийн том олзуурхал. Мөнгөтэйгөө гайхуулж булган малгай, үнэтэй торгон дээл өмслөө гэж адалж, шүүмжилсэн үгс сар шинийн дараа ёс юм шиг сонсогддог л юм. Гэхдээ үнэтэй, хямд нь хамаагүй, үндэсний гоёлоо өмсөж, хөөрөг зөрүүлж, хадаг барьж, ерөөлийн сайхан үгсийг хэлэлцэж байгаа нь л цагаан сарын үнэ цэн, Монгол Монголоороо оршиж буйн эрхэм учир билээ. Ерөөл оршиг ээ….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *