Өнөөдрийн нэгдсэн чуулганаар Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэлэлцэж, баталлаа. Эдгээр хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д 2015 оны тавдугаар сарын 11-ний өдөр өргөн барьсан бөгөөд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа ахлан ажиллаж, өргөн хүрээнд хэлэлцүүлэг, судалгааны ажлыг зохион байгуулсан билээ.Хоёр хуулийн төсөл дээр иргэд, олон нийтийн саналыг нэлээд өргөн хүрээнд авах ёстой гэж УИХ дахь эмэгтэй гишүүд болон Хүн амын хөгжил, гэр бүл, хүүхдийн асуудлыг дэмжих лобби бүлэг үзсэний үндсэн дээр анх удаа орон даяар “Хүүхдийн эрхийн ногоон карт” аяныг өрнүүлж, хүүхэд, эцэг, эх, багш нарын саналыг хүлээн авч, хуульд тусгасан юм. Ингэснээрээ энэ парламентын түүхэнд иргэд олон нийтийнхээ саналыг хамгийн ихээр тусгасан хууль боллоо гэж хууль санаачлагчид үзэж байна. Тодруулбал, хууль батлагдсанаар Монгол Улсын хэмжээнд хүүхдийн эрхийг хангах үндэсний тогтолцоо бий болно. Мөн аливаа хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хэрхэн хамгаалах вэ, мөн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулах вэ зэрэг харилцааг зохицуулж байгаа юм. Түүнчлэн Монгол Улсад хүүхдийн эрх, хамгааллын талаар эрх зүйн цоо шинэ орчин бий болж буйг хууль санаачлагчид онцоллоо.