Categories
мэдээ цаг-үе

А.Мурат хар тамхи нийлүүлдэг сүлжээнийхэнтэй холбоотой байсан бололтой

-БНХАУ-ЫН ХИЛИЙГ НЭВТЭРВЭЛ ТҮҮНИЙГ ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР БАРИВЧЛАХ АЖ-

А.Муратхар тамхины хэрэгтхолбогдсон уу

Монгол Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа ЭСЯ-ны консулын газрын ажилтнууд улс руугаа нэвтрэх визийг дамлан худалддаг гэх мэдээлэл өнгөрсөн хавраас сонсогдож эхэлсэн. Гадаад хэргийн яамны сайд виз дамлан худалдах явдал гаарсныг мэдээд дотоод хяналт шалгалтаараа хэд хэдэн хүнийг шалгуулахаар хуулийн байгууллагад өгч, зарим нэг Элчин сайд, консулын ажилтнуудыг эргүүлэн татах асуудлыг хөндсөн тухай манай сонин өмнө нь мэдээлж байсан билээ.

Мөн ийм хэрэг дахин гаргуулахгүйн тулд виз олгох журмыг шинэчлэн тогтоох 01 дугаартай албан тоот хүртэл гаргасан байдаг. Энэ үеэр Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газарт виз дамлан худалдах явдал эх захаа алдсан байсан гэдэг. Тухайлбал, 2014 оны зургадугаар сард УИХ-ын гишүүн асан А.Мурат Монгол Улсаас Эрээн хотод суух консулаар томилогдсон. Тэрбээр томилогдсон даруйдаа Монгол Улсад нэвтрэх визийг дамлан худалдах, хууль бусаар их хэмжээний орлого олох ажлыг зохион байгуулж эхэлсэн нь тогтоогдсон байна. Энэ тухай хэвлэлүүд ч мэдээлж байсан юм. Бидэнд олдсон мэдээллээр А.Мурат нь БНХАУ-аас Монгол руу хар тамхи нийлүүлдэг сүлжээнийхэнтэй холбоотой байсан бололтой. Тэрбээр консулын машинаар хар тамхи зөөвөрлөж байсан гэнэ. Үүнийхээ хөлсөнд ч чамгүй мөнгө авдаг байсан гэх мэдээлэл байна. Харин оргон зугтахаасаа өмнө гурван кг хар тамхи зөөвөрлөж явсан иргэдэд тусалсан аж. Тэд нь БНХАУ-ын хил дээр саатуулагдсан байна. Хаанаас, ямар аргаар хар тамхи зөөвөрлөв, үүнд нь хэн туслав гэсэн асуудал гарсан байна. Харин хар тамхи зөөвөрлөж байсан иргэд “Монголын консулын машинаар зөөсөн, А.Мурат гэх хүн тусалсан” хэмээн мэдүүлсэн гэнэ. Ингээд БНХАУ-ын хуулийн байгууллагынхан түүнийг эрэн сурвалжилж эхэлсэн аж.

Тэрбээр хар тамхи зөөврлөж байсан хүмүүс нь баригдсаныг сонсоод оргон зугтсан бололтой. Хэрэв тэрбээр БНХАУ-ын хилээр нэвтэрвэл баригдах аж.

Тэрбээр зугтахдаа консулын албанд зарцуулах мөнгийг ч аваад явжээ

А.Мурат оргон зугтахдаа консулын албаны ажилд зарцуулах бүх мөнгийг хамж аваад явсан гэдгийг эх сурвалж хэллээ. Мөн түүнийг Монгол Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа ЭСЯ-ны консулын газарт очсон даруйдаа өөрийн эхнэр С.Кулзада, хүргэн дүү С.Сапарбек, багш Хөхөөгийн хүү Х.Нарангэрэл нарыг виз олгох ажилд томилсон. Гадаад хэргийн яамнаас томилогдсон ажилтнуудыг бичиг хэргийн ажилтан, хашаа цэвэрлэгчийн ажилд томилж байсан гэх хэл ам гарч байсан билээ. Танил тал хамаатан саднаа виз олгох гол ажилд томилсноор виз олгох ажлыг бүрэн хяналтдаа авч чадсан гэдэг. Виз дамлан худалдаж, их хэмжээний ашиг олсон гэж ярих хүн ч байдаг. Түүний виз дамлан худалдаалдаг тухай зарим хүн хуулийн байгууллагад хандаж гомдол гаргаж байсан удаатай. Уг гомдлын дагуу А.Муратыг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн юм. Мөн түүнийг Улаанбаатарт ирж мэдүүлэг өгөхийг шаардаж байв. Гэвч тэрбээр хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тогтсон цагт хуулийнханд ирж мэдүүлэг өгөөгүй гэнэ. Иргэдийн гомдлын дагуу А.Муратыг хууль хяналтын байгууллагаас шалгахаар очиж ажлын өрөөнд нь ороход виз дамлах ажлыг эхнэрийн хамт хийж байсан гэнэ. Үйлдэл дээрээ баригдсан А.Мурат шалгалтын явцад захиа үлдээгээд эхнэр, хүргэн дүү нараа дагуулан Эрээнээс явсан гэдэг. Захидалдаа “Амралтаа авлаа. Би сарын дараа эргэж ирнэ” гэж бичсэн байжээ. Ингээд А.Мурат сураггүй болсон байна. Хожим нь түүнийг эхнэр С.Кулзада, хүргэн дүү С.Сапарбек нараа дагуулан ээлжийн амралтаа авах нэрээр Казакстан руу явсан гэдгийг тогтоосон аж.

Ах А. Марат дээрээ очиж амьдарч байгаа гэнэ

Гэвч тэрбээр захидалдаа дурдсан шигээ сарын дараа эргэж ирсэнгүй. Түүний амралтын хугацаа дуусч буцаж ирэхгүй байгаа учир хийсэн хэргээсээ болж оргон зугтлаа гэж үзэхээс өөр аргагүйд хүрчээ. Тэрбээр оргон зугтахдаа их хэмжээний бэлэн мөнгөтэй явсан гэдгийг тогтоосон байдаг. Мөн түүнийг гэр бүлийн хамтаар Казахстан руу явж тэндээсээ АНУ руу гарсныг олж мэджээ. Түүний ах А.Марат нь тус улсад амьдраад олон жил болж байгаа бөгөөд өөрийн хувийн бизнестэй нэгэн юм байна. Түүнийг ах дээрээ очиж амьдарч байгаа мэдээлэл саяхан ирсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *