Categories
мэдээ цаг-үе

Надад үлдсэн найз

Тайзнаа дөрвөн найз гарч ирэн, Итгэлийгээ Америкийн виз авсныг баяр хөөртэйгөөр тэмдэглэж, насан туршийн андууд байхаа андгайлан тангараглацгаана. Тэд хөгжил цэнгэлтэйгээр нэгэн үдшийг өнгөрөөж байтал алс хол явах найрын эзэн тархиа барин ухаан алдан унана. Хоёрдугаар үзэгдэлд эмнэлгийн орчинд хоёр найз нь Итгэлийн эмчтэй уулзахад тархины бичлэгийн зураг үзүүлж “Хорт хавдартай. Ямар ч найдваргүй. Зургийг өөр эмч нарт үзүүлсэн ч адилхан л онош хэлнэ” гэж эмчид тоглох төрийн шагналт, гавьяат жүжигчин Цэгмидийн Төмөрбаатар баттайгаар нотлон өгүүлнэ. Итгэлийн тархины баруун тал хавдартай гэх агаад хоёр жилийн өмнө дөрвөн найзын нэг болох Азаа найзыгаа түлхэж унагаснаас үүдэлтэй гэх зохиолын зөрчил гарч ирэв. Хоёр найзад нь учирлан хэлсэн найдваргүй гэх оношийг өвчтөн Итгэл ч сонссон байв. Бүр өөр эмнэлгийн эмч нар ч зургийг хараад адилхан онош хэлснийг мэдэв. Итгэл бол Пагма хэмээх ядруухан авгайн наран мэт нандин ганц хүү нь. Найз нар нь эмнэлэгт хэвтсэнийг ээжээс нь нуусаар эцэст уулзуулахаас аргагүй байдалд орцгоов. Пагма авгайнд гурван найз ирвэл найзынхаа гэмтэлд өөрийгөө буруутай гэж гэмшсэн Азаа Итгэлийн ээжид тусалж хүүгийн адил аж төрж байх ажээ.

Пагма “Та гурвыг бодох нь ээ энэ муу Азаа л надад тусалж, гар хөлийн үзүүрт зарагдаж байна. Тэгэхэд Итгэл чи ямар муухай хатуу сэтгэлтэй хүүхэд вэ. Төрсөн эхээ ч тоохгүй чам шиг чулуун зүрхтэн бас байдаг аа” гэсээр угтлаа. Өвчтөн Итгэл ээжтэйгээ удаан байх ч тэнхэлгүй болжээ. Тиймээс найзууд “Өнөө орой Америк нисэх гэж байгаа” гэж хөөрхий эхийг хууран, сүү өргүүлэн гарцгаана. Эмнэлэгт эмч “Чи одоо ямар ч нэмэргүй болсон. Охиных нь бие маш муу байгаа нэгэн эхэд тус болох хэрэгтэй” гэх мэтээр өвчтөн Итгэл рүү сэтгэл зүйн дайралт хийнэ. Үзэгчдэд шулам мэт санагдах эмэгтэйн дүрийг соёлын тэргүүний ажилтан, УДЭТ-ын жүжигчин Цэрэндоржийн Баясгалан бүтээжээ. Тэрээр Итгэл хүүтэй уулзан “Миний охин ухаангүй, бие нь муу байна. Элэгний хорт хавдартай охиныг минь аврах ганц бурхан нь чи. Чиний элэг л яг таарч байгаа. Миний дүү бурхныг бодож хүний амь авраач дээ. Би чиний ачийг огтхон ч мартахгүй. Юу хүссэн бүхнийг чинь биелүүлье” гэнэ. Эцсийн мөч ирж байгаа хүн юу хүсэх сэн билээ. Гэвч, хорин тавхан настай Итгэлд амьд үлдэх ямар нэгэн итгэл найдвар үлдсэн гэж бодон “Таны охинд тусалдаг бурхан гэж байхад надад туслах бурхан тэгвэл хаа байгаа юм бэ” гэж уйлна. Уйлна гэдэг нь мюзикл болохоор мэдээж дуулна л гэсэн үг шүү дээ.

Итгэл хэдийгээр амьд мэнд сайхан аж төрөхийг хүсэвч хувь заяа түүнээр даажигнажээ. Тэрээр эцсийн эцэст хөөрхий охины ээжтэй уулзаж охинд нь донор болохоо хэлнэ. Тэртэй тэргүй хүний хорвоод амьдрах насны зогсоолд ирсэн юм чинь бүжигчин охинд элгээ өгөхөөр шийджээ. Тэр охины ээжээс “Таны охин амьдарч байна аа гэдэг би амьдарч байна аа гэсэн үг. Ээж минь надад хүнд туслахдаа элэг зүрхний гүнээс ач болж яваарай гэсэн. Ээжийн минь элгийг дэвтээж охиныхоо бүжиглэхийг ганцхан удаа ч болов харуулаарай. Ээж минь хүүгээ амьд явааг элгээрээ мэдрээд баярлах байх” гэж хэлнэ. Эмч гуай энэ үед зуучилж гүйгээд, жигтэйхэн баяртай. Гурван найз нь Итгэлийгээ эргэж ирээд шинэхэн байранд ээжийг нь оруулснаа гар утасны бичлэгээр үзүүлж сэтгэлийг нь үелзүүлээд авна. Тэд барилга дээр гурвуул ажиллаж Пагмад сайхан байр авч өгөн “Итгэл маань Америкт ёстой эр хүн шиг эрвэлзэж, эмээлтэй морь шиг дэрвэлзэж ээждээ ийм сайхан байр авч өглөө” хэмээн итгүүлнэ. Итгэл найз нартаа талархаж эцсийн хүслээ хэллээ. Тэр нь маргааш өглөө ирэхдээ багадаа идэцгээдэг байсан зайрмагийг нь авчирч өгөх. Найз нарыг нь гарсны дараахан эмч орж ирж түүнийг түрдэг тэргэн дээр суулган авч явахаар зэхлээ.

Тэгтэл… гаднаас Төмөрөө, Сэргэлэн хоёр найз нь Итгэлийнхээ дуртай зайрмагийг нь барьсаар бөөн баяр гүйн орж ирлээ. Эмч ч царай нь зэвхийрэн хувьсхийж гарч одов. Хоёр найз нь Итгэлээс эмч өөрийг нь хаашаа авч явсныг шалгаав. Хүнд туслах ёстой гэж ээжийнхээ сургаалаар хүмүүжсэн Итгэл чухам үнэнийг өгүүлэх нь үгүй. Энэ үеэр Азаа найз нь гаднаас Итгэлийн ээж Пагмыг дагуулан орж ирлээ. Хүний амьдралын баяртай ч гэмээр, бас гунигаар дүүрэн эгзэгтэй хором мөчүүд. Ээж нь хүүгээ хүнд өвчтэйг сая л жинхэнэ утгаараа мэдэрчээ. Гэвч, Итгэл хүү ээждээ, найз нартаа сайн сайхныг хүсэх л үлджээ. Хорвоогоос буцаж буй түүнд нэг ч гэсэн хүний алтан амийг аврах хүндтэй агаад эрхэм үүрэг хувь тавилангаар оногджээ. Үзэгчдийн танхимд чив чимээгүй, гагцхүү хааяа нэг шугшран уйлах сонстож, эрчүүд ч хацар дагах халуун нулимсаа арчих сөгөөгүй сууцгаана. Урлаг гэгч хүний сэтгэл зүрхийг уяруулан бөмбөрүүлэх ийм увидастай зүйл аж.

Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийн залуус “Надад үлдсэн найз” мюзиклээрээ сонсогч, үзэгчдэдээ бэлэг барина гэж зарласан нь ийнхүү биеллээ олов. Тэд хэлсэндээ хүрч Улсын драмын эрдмийн театрт уг мюзиклээ амжилттай толилууллаа. Тоглолт эхлэхээс дуусах хүртэл үзэгчдийг огшоож, танхим дүүрэн алга ташилт нижигнэнэ. Тэдний тоглолт хүчтэй сайхан хоолойноос гадна жүжиглэлт нь үзэгчдэд урлагийн сайхныг мэдрүүлж чадаж байсныг энд дурдахгүй байж үл болно. Түмний сэтгэлийн таашаалд нийцсэн эл мюзиклийн зохиолч нь “Милл” кино компанийн зохиолч Д.Мөнхбат. Ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, туслах найруулагчаар Ц.Баясгалан, зөвлөх найруулагчаар Х.Энхболд нар ажилласан бол хөгжмийн зохиолч найруулагчаар соёлын тэргүүний ажилтан, продюсер Б.Алтанхуяг, бүжиг дэглээчээр Д.Ганбаяр, тайзны зураачаар Т.Түмэн-Өлзий нар ажиллажээ. Мюзиклийн дууны үгийг Л.Таванбаяр, жүжгийн дүрүүдэд “Увертюра” хамтлаг, Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Нармандах, Ц.Баясгалан, бүжигчин Э.Эрдэнэцэцэг нар оролцсон юм.

Мюзиклийн төгсгөл нэн гунигтай бөгөөд эмч өөрийн охины амийг аврахын тулд Итгэл хэмээх гэнэн цагаан сэтгэлт залууд ямар ч найдваргүй хэмээн итгүүлж амь насыг нь хөнөөснөөр өөрөө галзуурч үхэж байна. Амиа хоохойлогчийн эл өчүүхэн шинж чанарын эсрэг талд амьдрахын төлөө чин сэтгэлээсээ тэмцэж буй ариун цагаан сэтгэлтэй залуусын хүн чанар, сэтгэл зүрх, ирээдүйд итгэх их гэрэл гэгээг цацруулан үзүүлсэн нь энэ мюзиклийн хамгийн гол ололт байлаа. Үзэгчид тоглолтоос гарч явахдаа “Тэр дуунууд нь бүгд л шинээр зохиосон мөртлөө чихэнд ямар наалдацтай, сэтгэлд ямар дотно сонсогдов оо” гэж байсан нь “Увертура” хамтлагийн уран бүтээлч залууст тохирох үнэлэлт байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *