Агаарын бохирдлыг бууруулах олон төсөл хөтөлбөрүүдийн нэг болох гэр хорооллын иргэдийг хагас коксжсон шахмал түлшээр хангах ажил энэ жил зогссон. Үүнээс болж нүүрсний хэрэглээ нэмэгдэж, гэр хорооллын айл өрхийн галлагаанаас үүдэлтэй агаарын бохирлын хэмжээ эрс өссөн байна.
Нийслэлийн хамгийн их бохирдолтой хэсэг болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийг агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүс болгон тогтоосон. БГД-ийн бүх хороодод нүүрс түлэхгүй байх шийдвэр гарч, 2013-2015 оны хооронд нүүрсний хэрэглээг бүрэн зогсоосон юм. Нүүрсний хэрэглээ багасахтай зэрэгцэн агаарын бохирдол буурч байгаа судалгааны дүн гарч байсан хороодод энэ жил бохирдлын хэмжээ ахиад нэмэгджээ.
Энэ жил нийслэлийн төсөвт агаарын бохирдлыг бууруулах ажилд хөрөнгө оруулахгүй байх шийдвэр гарсан. Харин БОНХАЖ-ын сайдын багцад 5 тэрбум төгрөг суулгасан. Энэ хөрөнгийг агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэд хэдэн ажилд зарцуулахаар төлөвлөж байна.
Манай улс эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 95 хувийг нүүрсний цахилгаан станцуудаас гарган авдаг. Ийм нөхцөлд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хороололд сайжруулсан түлш тараах ажлын үр дүн маш бага байгааг ч албаныхан тайлбарлаж байна.