Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, нойтон цас орохыг Ус, цаг уурын хүрээлэнгээс анхааруулав. Маргаашнаас нэгдүгээр сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр, 17-нд зарим газраар, 18-нд зүүн зүгийн нутгаар, 19-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 20-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 17,18-нд зарим газраар, 19, 20-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 31-36 хэм, Увс нуурын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 26-31 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 21-26 хэм хүйтэн байна. Тиймээс жолооч нар шатах тослох материалын нөөцтэй, тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдпыг хангуулж замд гарах, онцын шаардлагагүй бол аян замд гарахгүй байх, мал аж ахуй эрхэлдэг иргэд, малчид малын өвс тэжээл, түлээ, нүүрсээ сайн базаах, малаа дагаж явж осгож хөлдөхөөс урьдчилан сэргийлэх, малаа аль болохоор ойр бэлчээх, дулаан хувцаслахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулав.