Categories
мэдээ улс-төр

Тавин сум зудтай, 120 сум зудархуу байна гэв

Өнөөдөр “Сайдын цаг” уулзалтад Шадар сайд бөгөөд Ц.Оюунбаатар оролцлоо.

Тэрээр эхлээд өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв.

Улсын хэмжээнд 21 аймгийн 330 сум, нийслэлийн 4 дүүргийн 149 мянган малчин өрхөд 56 сая орчим мал өвөлжинө. Манай орны нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос, 15 аймгийн 50 суманд цасан зудтай, 20 аймгийн 120 суманд зудархуу байна. Малчдад улсын нөөцийн өвснөөс үнэгүй болон 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэснийг дуулгав.

Засгийн газрын шинэ оны анхны хуралдаанаар 2016 оныг “Хэрэглэгчийн жил”-ээр зарлаж, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хөтөлбөр”-ийг батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Шадар сайдад үүрэг болгосон. Энэ талаар ярихдаа “Нийгмийн үйлчилгээний бүх салбарын байгууллагын хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээний эцсийн үр дүн нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийн хангалттай түвшнээр хэмжигддэг байх, хүн рүү чиглэсэн шинэчлэлийг менежментийн илүү дэвшилттэй түвшинд тодорхой үр дүнд хүрэх боломжтой гэж үзэж байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон хэрэглэгчийн эрхтэй холбогдох багц хуулиудад шинэчилсэн найруулга хийх, нэмэлт өөрчлөлт оруулах замаар эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор төлөвлөсөн бөгөөд хуулийн төслүүдийг энэ оны нэгдүгээр улиралд багтаан УИХ-д өргөн барина” гэлээ.

Мөн Эрүүл мэнд, спортын яамны тухайд өнгөрсөн онд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Биеийн тамир, спортын тухай хууль, Нялх балчир насны хүүхдийн хоол ундны бүтээгдэхүүний тухай хууль, Эх хүүхдийн тухай хууль, Хариуцлагын даатгалын тухай хууль зэрэг хууийн төслүүд, үзэл баримтлалыг боловсруулсан.

Эрүүл мэндийн даатгалын хууль батлагдсанаар эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагч сард 55 мянган төгрөгийн оношилгоо, шинжилгээ хийлгэдэг байсныг өөрчилж, нэг удаад улирлын дүнгээр буюу 165 мянган төгрөгийн оношилгоо шинжилгээ хийлгэх боломжийг бүрдүүлсэн.

Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтын Эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтийг бүрэн биелүүлсэн найман орны нэг болсон. Эхийн болон тав хүртлэх насны хүүхдийн эндэгдлийн түвшин буурсан. Анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагад олгох санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлсэн. Эрүүлжүүлэх байрыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн зэрэг мэдээллийг Ц.Оюунбаатар сайд өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *