Өнгөрсөн оны сүүлээр Налайх дүүргийн Гордокт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн “Ми-8” нисдэг тэрэг осолдсон харамсалтай хэрэг гарсан билээ. Тодруулбал, оройн 20.00 цагийн үед МИ-8 онгоц сургуулилтын нислэгийн үеэр осолдсон бөгөөд улмаар албан үүргээ гүйцэтгэж явсан 37 настай ахмад Б амиа алдсан. Харин хамт явсан 10 албан хаагч гэмтэж Батлан хамгаалах салбарын албан хаагчдын эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн юм.
Батлан хамгаалах яамнаас амиа алдсан ахмадын ар гэрийнхэнд байр өгөх талаар хэлэлцэж байгаа гэж зарим эх сурвалж өгүүлж буй юм. Энэ талаар эх сурвалж хэлэхдээ “Амиа алдсан ахмадын ар гэрийнхэнд тусламж үзүүлнэ. Гэхдээ ямар тусламж үзүүлэх нь тодорхойгүй байгаа” гэв. Амиа алдсан талийгаач ахмад Б нь зэвсэгт хүчинд 17 жил ажилласан байдаг.
Ослын улмаас гэмтсэн 10 албан хаагчийн тавынх нь биеийн байдал сайжирч эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа юм.