Өнөөдөр Улсын төв нэгдүгээр эмнэлэгт “Цахим эрүүл мэнд” төслийн нээлт болов. Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр өнгөрөгч онд энэ төслийг батлаад байсан юм. Төсөл хэрэгжсэнээр өвчтөний түүхийг холбогдох эрүүл мэндийн байгууллагуудад нээлттэй болгож, иргэд дараагийн шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах боломжтой болж байгаа юм. Уг ажлын хүрээнд өнгөрөгч оны есдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд насжилт дууссан техникийг шинэчилж, бүрэн хэмжээнд цахимжуулжээ.
Энэхүү төслийн талаар, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хэлэхдээ: “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд иргэн төвтэй, өндөр чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэвтрүүлэх зорилготой маш чухал төсөл юм. Эрүүл мэндийн салбарын нэгдсэн мэдээллийн санг байгуулах зайлшгүй шаардлага тулгарсан. Мэдээллийн нэгдсэн санг байгуулж, эмнэлэг эмийн сангуудыг хооронд нь холбож цахимжуулснаар иргэд эмчийн өрөөний үүдэнд дугаарлаж цаг алдах, жоргүй эм олгох, эмийн замбараагүй хэрэглээг хянах цаашлаад бүр мөсөн арилгах гээд олон давуу тал бий.
Төсөл бүрэн хэрэгжиж дуусахад манай улсын эмнэлгийн үйлчилгээ тусламж дэлхийн түвшинд хүрнэ. Мөн хоёрдагч болон гуравдагч шатлалын эмнэлгүүдийг бүрэн цахимжуулахаар төлөвлөөд байгаа. Тэгэхээр аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг болон улсын бусад эмнэлэг багтаж байгаа юм. Эхний ээлжинд Улсын төв нэгдүгээр эмнэлгийг бүрэн цахимжуулж дууслаа. Бүх эмнэлэг цахимжаад ирэхээр эмч нар эмийн жорыг цахимаар өгдөг болно.
Иргэн зөвхөн эмчийн бичсэн цахим жороор үйлчлүүлэх учир эмийн сангуудыг мөн энэ мэдээллийн системд нэгтгэх болсон. Ингэснээр дур мэдэн эм хэрэглэдэг эмийн замбараагүй хэрэглээг багасгах юм” гэв.