2009 онд ЮНЕСКО-ийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад багтсан монгол туулийг сэргээж, язгуур зан үйлийн байдлаар нь уламжлуулахаар Богд хааны ордон музейд 2014 оны есдүгээр сард Хаан туульсын өргөө нээгдсэн билээ. Энд жилд хоёр удаа тууль хайлдгийн нэгийг ирэх бямба гаригт буюу билгийн тооллын өвлийн дунд сарын 30-нд зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал, “Долоон түмэн настай довон хар бөх” догшин туулийг Жилкерийн удмын ес дэх үеийн туульч А.Балдандорж бүрэн эхээр нь хайлахаар болжээ. Өвөл мал хотолж, бүрэнхий болох үед хайлж эхэлдэг уг туулийг 11.00 цагт эхлүүлэх гэж буй учрыг А.Балдандорж тайлбарлахдаа “Хэл ам, үхэл зовлон, гай барцад өвчин гээд хар буруу бүхнийг засдаг бэлгэдэлтэй уг баатарлаг туульсыг тасралтгүй хайлбал 24 цаг үргэлжилдэг. Хэрвээ үдээс хойш хайлбал ирсэн зочид хоёр өдөр зарцуулах тул зан үйлийг бага зэрэг гажуудууллаа” гэжээ.
Туулийн завсарлагаа бүрийн дараа хайлсан хэсгийн тухай тайлбарлаж, баруун монгол ардын бий бийлгээ, морин хуур, икэлийн татлага, цуур, хөөмэй толилуулах юм байна.