Төв цэнгэлдэхэд 6002 хүчтэн зодоглуулж үндэсний бөхөө, 5000 ардын авьяастан бүжүүлж бий биелгээгээ “Гиннес”-т бүртгүүлсэн монголчууд тэмээн сүргээ дэлхийн дээд амжилтын номонд бүртгүүлэхээр зэхэж байна. Тодруулбал, “Монгол тэмээ 999” тэмээний уралдааныг гуравдугаар сарын 6-7-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд зохион байгуулахаар болжээ. Тус аймгийн Баян-Овоо сумын засаг даргын санаачилгаар зохион байгуулах гэж буй энэ уралдаанд аймгийн 15 сумаас гадна бусад тэмээчид урилгаар оролцох аж. Тэмээ өсгөн үржүүлэх, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд ч уралдаанд оролцох боломжтой гэнэ. Саяхан, ингэнд ботго авахуулах зан үйлийг ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах соёлын биет бус өвд бүртгэсэн.
Тэгвэл удахгүй 1000 тэмээний уралдаан хийж, хоёр бөхт тэмээг “Гиннес”-т бүртгүүлэх нь ээ.