Categories
мэдээ цаг-үе

Дараагийн сайдад дайх 5 үг

Салбарын шинэчлэлийг хуулиараа, эрх мэдлээрээ, дэд сайд биш, төрийн нарийн биш сайд л хийдэг гэдгийг маш сайн ойлгож байгаа тул тун удахгүй томилогдох шинэ сайдад дайж хүсэх хэдэн үг байна.

Эрүүл мэндийн салбарт амьдралынхаа сүүлийн 20 жилийг зориулж түүнээс 10 жилийг нь харийн оронд сурч боловсорч, ажиллалаа.

Эх орныхоо эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдалд сэтгэл хангалуун бус байдаг нь энэ салбарыг хөгжүүлэх гэсэн хүсэл эрмэлзэлтэй минь холбоотой бизээ. Доорх чиглэлээр шийдэл гарц бий болгох тал дээр анхаарах хэрэгтэй байгаа юм.

1. Эрүүл мэндийн салбар үндсэн зорилгоо эргэн нэг харж тэрэндээ тохирсон бүтэцтэй болох.

Бидний эрхэм зорилго чанартай тусламж үйлчилгээгээр ард иргэдээ өвчнөөс урьдчилан сэргийлж, өвдсөн нэгнийг зөв оношилж, бүрэн төгс эмчилж ард иргэдийг өвчингүй, эрүүл урт наслуулах мөн гэдэгтэй санал зөрөх хүн олдохгүй бизээ.

Гэтэл өнөөгийн эмнэлгийн бүтэц өвчтөн биш эмнэлгийн дотоод менежмэнтэд тохируулж хийсэн бүтэц загвартай юм. Эмч, тасгууд тус тусдаа хүлээн авахтай, орон зайн хувьд хол байдаг. Өвчтөн хүнийг эмч хүн латин нэр томьёо бүхий өвчний онош төдийгөөр хардаг нь түгээмэл байна. Гэтэл ихэнх өвчтөнгүүд маань олон төрлийн өвчин, дээр нь бие, хэл, сэтгэлээрээ шаналсаар орж ирдэг. Өнөөдрийн салбарын бүтэц тэр шаардлагыг биелүүлэх бүү хэл хүлээж авах чадваргүй болтлоо үндсэн зорилгоо умартжээ. Японы нэгэн эмч улс төрч хэлсэн байдаг юм. Жижиг эмч өвчин эмчилдэг, дунд эмч хүнийг эмчилдэг, том эмч улс орноо эмчилдэг гэж. Өнөөгийн анагаах ухааны хөгжил эмч нарыг маань олон нарийн мэргэжилд хувааж улам жижигрүүлсээр байгааг бид харсаар байж гар хумхиж суух нь зохисгүй байнаа. Өвчтөн өөрөө тэр олон нарийн мэргэжлийн эмч нарын хооронд учраа олохгүй бөмбөг шиг шидэгдэх биш ороод ирсэн өвчтөнд шаардлагатай бүх нарийн мэргэжлийн эмч нарыг нэг дор цуглуулж чаддаг бүтэц бидэнд нэн үгүйлэгдэж байна. Тэр олон нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, дүгнэлтийг нэгтгээд өвчтөнд тайбарлаад анх эмнэлэгт орж ирээд гаран гартал нь тусалж дэмждэг, эмч мэргэжилтэй эмчилгээний менежер үгүйлэгдэж байна.

Эрүүл мэндээс бусад олон салбарт нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлсээр л байна. Олон салбарт хүнд суртал арилж төрийн үйлчилгээ хурдан шуурхай болсоор л байна. Бид яагаад болохгүй гэж? Өнөөдрийн эмнэлгүүдийг өвчтөн төвтэй бүтэц, үйл ажиллагаатай болгоход нэг их мөнгө шаардагдахгүй. Зориг хүсэл байхад болох л асуудал.

2. Өрсөлдөөнд тулгуурлаж тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах.

Эхлээд хаана яваагаа тодорхой болгох. Аливаа юмыг харьцуулахад заавал хэрэгтэй хийх алхам бол хэмжих байдаг. Хэмжих зүйл нь тодорхой биш байхад харьцуулах тухай бодоод ч хэрэггүй. Бид өөрсдийгөө хааяа магтаж урамшуулах дуртай ард түмэн. Би ч бас эрүүл мэндийн салбарын ололт амжилтаар омогшиж бахархах дуртай нэгэн. Гэтэл бид олон тохиолдолд хэмжихээ мартаад зүгээр л сэтгэлийн хөөрлөөрөө магтаад байдаг шүү дээ.

Гэтэл яг юуг хэмжих ёстой гэж? Буцаад л нөгөө эрхэм зорилго дээрээ очно доо. Эцсийн зорилго нь ард түмнийг эмчлэх биш ард түмнийг эрүүлжүүлэх биш гэж үү? Тэгвэл бид энэ салбарын үйл ажиллагааг хэдэн хүн хэвтүүлснээр нь биш, хэдэн хүнд дусал зоосноор нь биш, чухамдаа хэдэн хүн эдгээснээр нь үнэлэх нь чухал байна. Гэтэл эмч, эмнэлгийн хэдэн хүн эдгээсэн тухай тайлан хуруу даран цөөхөн. Эдгээсэн хүн нь эмчилгээний үр дүнд хэдэн жилээр нас нь уртассан тухай мэдээлэл байхгүй гэж хэлэхэд буруудахгүй хэмжээнд байна. Эмч болгон дээр эмчилсэн болон эдгээсэн хүний мэдээллийн сан бий болгоод тэрийгээ олон нийтэд ил болговол хүссэн хүсээгүй тусламж үйлчилгээний өрсөлдөөн бий болдог юм билээ. Энэ тогтолцоог гадны олон орон туршаад үр дүнтэй нь батлагдсан. Энэ өрсөлдөөнөөс тусламж үйлчилгээний үнэ буурдаг, эмчилгээ оношилгооны чанар сайжирдаг, эмч, эмнэлгийн ажилчдын хандлага соёлтой боловсон болдог, алдаа дутагдлууд цөөрдөг байна. Үнэтэй болгон чанартай байдаг гэдэг буруу ойлголт юм. Тусламж үйчилгээ зөв, оновчтой байх тусам илүүдэлтэй, буруу эмчилгээний зардал багасч харин ч хямдардаг юм. Гар утас, компютерийн үйлдлийн систем сайжрах тусам үнэ нь нэмэгдээд байдаггүй, харин ч хямдраад байдагтай адилхан юм. Зөв өрсөлдөөн гэдэг өөрөө ийм ид шидтэй зүйл.

Энэ зөв өрсөлдөөн мэдээллийн ил тод байдлаас л эхэлнэ. Жишээ нь мэс заслын эмч 100 хүнд хагалгаа хийгээд хэдэн хүндрэл гарав. Хэд нас барав. Хагалгаанаас хойш хэвийн амьдралдаа эргэн орж чадав уу. Хагалгаанаас хойш хэд насалсан бэ. Хагалгаанаас хойш амьдралын чанар нь сайжирсан уу. Нас барахдаа ямар өвчний оношоор нас барав? Гэх мэт энгийн судалгаагаар ил тод байдал бий болох юм. Энэ мэдээллийн санг бий болгоход бас их мөнгө шаардагдахгүй гэдгийг онцолж хэлмээр байна. Энэ бол хүсэл зоригийн асуудал юм. Энэ нь өөрөө эдгэрэлтэнд суурилсан тогтолцоог бий болгох хамгийн анхны алхам байх болно. Эмч нар, эмнэлгүүд үүнийг хийх дуртай ч байж болно дургүй ч байж болно. Дургүйцэх шалтгаан бас бий л дээ. Тухайн эмнэлэг, эмчийн чадвар ард түмний нүдэн дээр ил харагдах юм. Чадвар муутай зарим нь олны шүүмжлэлд өртөж болзошгүй. Зарим иргэд тусламж үйлчилгээний чанарыг зөвхөн дотооддоо ч биш гадны эмнэлэг, эмчтэй харьцуулж эхлэх байх. Тэгсэн хэдий ч энэ ажлыг хийх л хэрэгтэй. Мэдээлэл ил тод болсны дараа чанар сайжирдаг нь хууль юм. Мэдээлэл ил тод болсны дараа эрүүл өрсөлдөөн бий болдог нь бас хууль юмаа.

3. Цогц багц үйлчилгээг үзүүлье.

Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчилгээний бэлтгэл хангах, эмчлэх, сэргээж засах, эмчилгээний дараах хяналт хийх гэдэг бол нэг цогц үйчилгээ юм. Энэ үйлчилгээг ямар ч өвчтөн багцаар нь, цогцоор нь авах сонирхолтой байдаг. Гэтэл өнөөдөр, өрхийн эмнэлэг урьдчилан сэргийлэх, онош тогтоох нь дүүрэг, болон төв эмнэлгүүд, эмчилгээг нь мөн гуравдугаар шатлалын эмнэлэг хариуцах жишээтэй. Хамгийн хэцүү нь тэдний хооронд ажлын уялдаа холбоо маш сул байгаа юм. Цахим эрүүл мэндийн шийдлээр энэ салангид олон үйлчилгээг нэгтгэх боломжтой юм. Энэ нь өвчтөний сэтгэл ханамжид нөлөөлөх чухал шийдэл юм. Эрүүл мэндийн яаманд чадах зүйл чадахгүй зүйл гэж бий. Үе үеийн салбарын сайд нарын гаргадаг хамгийн том алдаа бол бүгдийг зэрэг шийдэх гэж оролддог явдал юм. Өнөөдрийн эрүүл мэндийн яамны хүний нөөц, санхүү хөрөнгө оруулалт нь бүгдийг зэрэг шийдэх боломжгүйг харуулсаар байна. Нас баралтын шалтгаанаар нь ажил бодлогоо эрэмбэлдэг болмоор байна. Уг нь энэ асуудлыг Удвал сайд олон удаа зөвөлсөн билээ.

Жишээ нь зүрх судасны өвчнөөр монголчууд бид хамгийн их нас барж байна. Гол анхаарал хөрөнгө оруулалтыг тийш нь чиглүүлмээр байгаа юм. Транс тосны асуудлыг хөндөөд байгаа нь зүрх судасны өвчлөлийг нэмэгдүүлдэг учраас л тэр. Хорт хавдар нас баралтын хоёр дахь шалтгаан, түүний дотор бараг талыг нь элэгний хорт хавдар эзэлдэг шүү дээ. Тиймээс вирусын эмчилгээг миний бие чухалчилж ирсэн билээ. Осол гэмтэл гуравдугаар шалтгаан юм. Бусад яамтай хамтарч энэ асуудлыг анхаармаар байна. Зөвхөн Эрүүл мэндийн яам дангаараа энэ асуудлыг шийдэх боломжгүй билээ. Бүгдийг биш чухлыг нь гэдэг санааг Эрүүл мэнд, спортын яам л ойлгомоор байгаа юм.

4. Оношилгоо эмчилгээний хөндлөнгийн хяналт

Оношийг цэгцэлж сайжруулах ажил өмнөх олон Засгийн газруудаар хийгдсээр ирсэн. Тэгсэн хэрнээ одоог хүртэл гажуудал ихтэй хэвээрээ л байгаа. Тоног төхөөрөмж байлаа гээд энэ асуудал шийдэгдэхгүй. Түүнийг ашиглаж чаддаг боловсон хүчин хэрэгтэйгээс гадна урвалж оношлуур, засвар үйлчилгээний тогтвортой байдал чухал юм. Цөөхөн оновчтой шинжилгээгээр оношийг зөв, өндөр нарийвчлалтай хиймээр байна. Буруу оношилж, буруу эмчилсэн ажилтанд тодорхой хариуцлага хүлээлгэдэг (хууль хяналтын байгууллагаар биш) салбарын хөндлөнгийн хяналтыг бий болгох хэрэгтэй. Өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан алдаа хийсэн нэгэндээ тогоондоо хариуцлага тооцож чадахгүй байдалд ортлоо ялзарчээ.

Монголд оронд жилд хэдэн эмч, эмнэлгийн мэргэжилтний алдаа гардаг вэ? Түүнээс хэдэд нь дотооддоо хариуцлага тооцдог вэ?

Ижил мэргэжлийн эмчээр тухайн эмчийн оношилгоо эмчилгээг давхар хянуулдаг, санал нийлэхгүй тохиолдолд яагаад санал болгосон онош, эмчилгээн дээрээ өөртөө тийм их итгэлтэй байгаагаа тайлбарладаг тогтолцоо бидэнд хэрэгтэй байна. Өнөөдөр Монгол оронд манай салбарын хөндлөнгийн хяналтыг ижил мэргэжлийн эмч биш мэргэжлийн бус телевиз юм уу сонингийн сэтгүүлч хийдэг болжээ. Энэ нь өөрөө нэг талаасаа хэвлэлийн эрх чөлөө боловч нөгөө талаасаа нийгмийн сэтгэл зүйг буруу зүг рүү чиглүүлэгч, эмч өвчтөний зөв харилцаа, хоорондын итгэлцлийг үгүй хийх хүчин зүйл болсон байна. Аливаа оронд эмч өвчтөний итгэлцэл үгүй болсноор “Хамгаалалтын анагаах ухаан” хөгжих суурь тавигддаг байна. Энэ нь эмч өвчтөний төлөө чин сэтгэлээсээ эдгээх зорилгоор тодорхой хэмжээний эрсдлийг өөртөө үүрээд ч болов бүрэн төгс эмчлэх гэж зүтгэх биш харин арьсаа хамгаалж, сүүлд нь элдэв асуудалд орохгүй байхаар, хамгийн наад захын стандарт эмчилгээг хийхийг хэлдэг байна. Эмчээ шүүхэд өгөх дуртай орнуудад ийм анагаах ухаан хөгжин цэцэглэдэг. Үүнээс эмч өвчтөн хэн ч хождоггүйг дэлхийн бусад орны туршлага харуулж байгаа юм. Монгол оронд эмчээ шүүхэд өгдөг явдал бусад оронтой харьцуулахад харьцангүй бага юм. Энэ нь ч зөв. Тэгэхдээ салбарын яам нь хүчтэй хариуцлагын тогтолцоогоо бий болгож чадаагүйн балгаар хариуцлага нэхсэн маш том хоосон орон зай бий болжээ. Цаашид энэ байдлаар удаан үргэлжилбэл тун удахгүй эмч өвчтөний хооронд мөсөн хана босоход бэлэн болсон гэж анхааруулмаар байна. Хайнга, хариуцлагагүй, мэдлэггүйн улмаас буруу онош эмчилгээ хийж байгаа эмч нартаа салбар дотроо шуурхай, хатуухан арга хэмжээ авчихдаг байсан бол өвчтөн, хэвлэл мэдээллийнхэн энэ асуудалд оролцох байсан гэж үү?

5. Эмчилгээ оношилгооны шинэ технологи нэвтрүүлэх

Дэлхийн анагаах ухааны хөгжил өдөр сараар урагшилж байна. Бид тэрхүү шинэ техник, технологийг нэг өдрийн ч болов өмнө оруулж ирж гэмээнэ ард иргэдийн эрүүл мэнд хожно. Хүний гений мэдээллийг уншаад ямар өвчнөөр өвдөх магадлалтай, ямар эмчилгээ хийвэл үр дүнтэйг тогтоох жишээтэй. Нуруу нугас нь гэмтээд тал бие нь мэдээгүй болсон хүнд имплант суулгаад мэдээтэй болгох, гар утастай холбоод зарим энгийн шинжилгээг гэрийн нөхцөлд хийх, биедээ зүүсэн бичил мэдрэгчийн ачаар цус харвах аюулаас урьдчилан сэргийлэх, эсвэл 3D принтерийн технологийг ашиглаад хүний зарим эд эрхтнийг захиалгаар дуурайлган хийх, хорт хавдрыг эмчлэх Cyber Knife, Мэс заслын Робот Да Винчи, гений эмчилгээгээр зарим удамшлын өвчнийг эмчлэх, дусал цусаар биохимийн бүх нарийн шинжилгээгээр 5 минутын дотор хийдэг гэх мэт олон шинэ технологийг нэвтрүүлэхэд эрүүл мэндийн салбарт нэг их дарамт болохгүйгээр шийдэх боломж байгаа. Тэр нь эрүүл мэндийн салбарт хэрэглэгдэхгүй байгаа, тоосонд дарагдсан тоног төхөөрөмжүүдийг дуудлага худалдаагаар зарах, мөн салбарын шаардлагагүй зарим орон тоо тусламж үйлчилгээг цөөлж, зарим ажлыг эрүүл мэндийн даатгалаар санхүүжүүлснээр улсын төсвөөс ихээхэн мөнгө хэмнэж, тэр мөнгийг шинэ технологи нэвтрүүлэх ажилд зориулж болно гэж харж байгаа юм. Шинэ технологи нэвтрүүлснээр маш олон хүний амийг аварч болно гэдгийг онцолж хэлмээр байна.

6. Хүний нөөцийн тал дээр

Эмчийн лицензийн шалгалтыг улам чанаржуулж, ар өврийн хаалгаар эмчлэх эрх авдаг явдлыг үндсээр нь арилгах хэрэгтэй байна. Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байхдаа хүссэн өөрчлөлтүүдээ бүрэн хийж чадаагүй ч эмчлэх эрхийн лицензийн шалгалтыг чанаржуулах асуудлыг нэг шат ахиулсан билээ. Шалгалтын тестийн санг нэг мянгаас 10 мянга болтол өргөжүүлсэн нь чанартай эмчтэй болох эхлэлийг тавьж чадсан боловч харамсалтай нь ар өврийн хаалгаар зовлонгүй тэнцдэг тогтолцоо бас давхар бий болсон гэж албан бусаар яригдаж байна. Уг нь энэ ажлыг цааш нь улам эрчимжүүлж, чанаржуулах хэрэгтэй юм.

Улаанбаатар хот, хөдөө орон нутагт ажиллаж буй боловсон хүчний мэдлэг чадварын ялгаа их болсонтой холбогдуулж, улсын томоохон эмнэлэгт ажиллаж байгаа зарим боловсон хүчнийг богино хугацаагаар хөдөө орон нутагт томилолтоор ажиллуулж хэвшүүлэх хэрэгтэй байна.

Эмчийн ёс зүйн асуудалд онцгой анхаарч ашиг сонирхлын зөрчилтэй шинжилгээ, эмчилгээг санал болгох асуудалд цэг тавих цаг болжээ. Үүний эсрэг хууль олон оронд байдаг (жишээ нь АНУ-д эмчийн ашиг сонирхлын эсрэг Stark ийн хууль гэж байдаг) боловч манай оронд байхгүй байгаа нь шаардлагагүй эмчилгээ, эм, шинжилгээ санал болгох түүнээс эрүүл мэндийн ажилчид хувь хүртэх асуудал нь даамжирч эцэстээ хэрэглэгчийн эрх , эрүүл мэнд хохирох хэмжээнд хүрээд байна.

Үнэн худал нь мэдэгдэхгүй олон үзмэрч, ид шидтэнгүүд гараад ирлээ. Тэр хүмүүс үнэхээр эдгээгээд байна уу? Ард иргэдийн эрүүл мэндээр тоглоод байна уу? Үүнийг анхааралдаа авах л хэрэгтэй. Нотолгоожуулж баталгаажуулах л хэрэгтэй.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр худлаа, буруу, ашиг сонирхлын зөрчилтэй мэдээлэл хийж ард иргэдийг төөрөгдүүлсэн эмчийн хүн эмчлэх эрхийг цуцалдаг хууль олон оронд хэрэгжиж байна. Бид хариуцлагагүй, худлаа зөвөлгөө өгсөн хүмүүстэй ямар хариуцлага тооцох вэ? Энэ асуудлыг цэгцлэх цаг бас болсоон.

Дадлагажигч эмч (резидэнт) ээс төлбөр авдаг систем дэлхийн аль ч улс оронд байхгүй байтал зөвхөн манай оронд ийм тогтолцоо байсаар байна. Дадлагажигч эмч нь оюутан биш бөгөөд 6 жил төлбөр төлж төгссөн эмчлэх эрхтэй эмч хүн билээ. Бусад улс орнууд резидент эмчид цалин өгдөг болохоос төлбөр авдаггүй. Дадлагажигч эмчийн сургалтыг нэгдсэн системд оруулах цаг болжээ. Дадлагажигч эмчийг бэлтгэх 2 тогтолцоо зэрэг яваад байгааг яаралтай зогсоох цаг болсон. Ийм гажуудал зөвхөн Монголд л амь бөх оршсоор байна.

7. Уламжлалт анагаах ухааныг зөв хөгжүүлж дэлхийд гаргах

Монголын уламжлалт анагаах ухаан нь манай ард түмний үнэлж баршгүй үндэсний өв соёл юм. Гэтэл салбарын яаманд нь энэ асуудлыг эрхэлсэн 1 мэргэжилтэн байх бөгөөд тэр хүн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламж үйлчилгээ гэх мэт давхар 3 асуудал хариуцдаг байх жишээтэй. Уг нь Монголын уламжлалт анагаах ухаан нь аливаа өвчтөнг бие хэл сэтгэлээр нь бүхлээр нь харж оношилж эмчилдэг, хямд өртөг бүхий, гаж нөлөө багатай, олон зууны турш амьдралаар туршигдсан анагаах ухаан билээ. Үе үеийн салбарын сайд нараас яаман дотроо энэ асуудлыг хариуцсан газар биш юмаа гэхэд хэлтэстэй болохыг хүссэн боловч өнөөг хүртэл шийдэгдсэнгүй ирлээ. Уламжлалт анагаах ухааны зөв хөгжүүлж чадвал Монгол орон дэлхийн брэнд болж, цэвэр байгалын гаралтай органик эм танг дэлхийд экспортлож, валютын урсгалыг Монгол руу татах бүрэн боломжтойгоос гадна ард иргэдийг эрүүл зөв амьдрах сургаалиар соён гэгээрүүлэх боломжтой юм. Нийгмийн эрүүл мэндийн олон чухал сургаалийг бид гадны соёл биш чухам уламжлалт анагаах ухаанаас тусгах хэрэгтэй. Уламжлалт анагаах ухаан хүчтэй хөгжсөн зарим олонд энэ асуудлыг хариуцсан тусдаа яам хүртэл байдаг юм шүү.

Олныг нуршилгүй, нэн яаралтай анхаарал хандуулах асуудлыг бичлээ.

Таныг хүндэтгэсэн, АУ доктор Ж. Амарсанаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *