Хууль зүйн
байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай
хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх
ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын
чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн
анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж
шийдвэрлэлээ. Хуулийн төсөлд Цэцийн гишүүний насны дээд хязгаарыг 60-аар
хязгаарлаж, мөн зургаан жилийн хугацаатайгаар томилохоор заасан юм. Дээрх
асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн О.Баасанхүү байнгын хорооноос ажлын хэсэг
байгуулж, бүлэг, эвсэл бүрээс төлөөлөл оруулж ажиллах ёстой гэж горимын санал
гаргасан ч олонхийн дэмжлэг хүлээсэнгүй. Харин Ц.Нямдорж гишүүн нарын гаргасан
Цэцийн гишүүнээр томилогдох насны дээд хязгаарыг Төрийн албаны тухай хуульд
заасан заалтаар жишиг болгоё гэсэн санал олонхийн дэмжлэг хүлээв. Ингэснээр
Үндсэн хуулийн цэцийн гишүүний насны дээд хязгаарыг 65 болгож өөрчиллөө. Мөн
төсөлд Цэцийн гишүүнийг нэг удаа улираан сонгохоор заасан учраас дээд тал нь 12
жилийн хугацаатай ажиллах боломжтой юм.