Categories
мэдээ улс-төр

2030 он хүртэл гурван үе шаттайгаар хөгжинө

УИХ-ын
даргад УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, гишүүн
С.Одонтуяа, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн
С.Дэмбэрэл нар өнөөдөр “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл
баримтлал батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв. Монгол Улсын
төрийн бодлого нь оновчтой, алсын хараатай, залгамж чанартай, уялдаа холбоо нь
хангагдсан, хууль тогтоомжид нийцсэн, стратегийн ач холбогдолтой байх нь зүйтэй
гэсэн үндэслэлээр “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл
баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг
боловсруулсан болохоо А.Бакей гишүүн танилцуулсан юм. Эх орондоо хүмүүнлэг,
иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх Үндсэн хуулийн заалтыг иш үндэс
болгон Монгол Улс 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын
тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай,
нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, унаган
байгаль, экологийн тогтвортой байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан
засаглалтай улс болно хэмээн тус баримт бичгийн төсөлд тусгажээ.

Монгол Улс урт
хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2016-2020, 2021-2025, 2026-2030
он гэсэн 3 үндсэн үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. Тогтвортой хөгжлийн үзэл
баримтлал нь НҮБ-аас батлан гаргасан Тогтвортой хөгжлийн үзэл санаанд суурилсан
бөгөөд Монгол Улсын өөрийн онцлог, тулгамдаж байгаа асуудлуудтай нягт уялдаатай
байхаар тооцож боловсруулжээ. Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн
үзэл баримтлал нь 4 үндсэн бүлгийн хүрээнд дараахь зорилтуудыг дэвшүүлсэн.
Үүнд: Нэг. Эдийн засгийн бодлогын хүрээнд хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, дэлхийн
зах зээлд Монголын органик бүтээгдэхүүний брэндийг бий болгож, экспортлох; аж
үйлдвэрийн салбарт түүхий эдийг боловсруулан нэмүү өртөг шингээсэн эцсийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэх; уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх,
дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих таатай орчин бүрдүүлэх; Монголын
унаган байгалийн хосгүй газруудыг сурталчлах, аялал жуулчлалын төрөл, дэд
бүтэц, зохион байгуулалт, үйлчилгээг сайжруулан ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх;
эрчим хүч, түлш шатахууны хангамжийн дотоодын найдвартай эх үүсвэрийг бий
болгох, эрчим хүчний экспортыг нэмэгдүүлэх; Хоёр. Нийгмийн тогтвортой хөгжлийн
хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, иргэдийн
эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, бүх нийтийн эрүүл мэндийн
боловсролыг дээшлүүлэх; иргэн бүрт хүртээмжтэй, чанартай боловсрол олгох, насан
туршийн боловсролын үндэсний тогтолцоог бүрдүүлэх; ядуурлын бүх төрлийг эцэс
болгох; хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажилгүйдлийн түвшинг бууруулах; нийгмийн
дундаж давхаргын эзлэх хувийн жинг тууштай нэмэгдүүлэх; Гурав. Байгаль, орчны
тогтвортой хөгжлийн хүрээнд усны нөөцийг хамгаалж, хомсдолоос сэргийлэх; эрүүл
ахуйн шаардлагад нийцсэн ундны усан хангамж, ариун цэврийн байгууламжийн
хүртээмжийг нэмэгдүүлэх; уур амьсгалын өөрчлөлтөд дасан 1зохицох үндэсний
чадавхийг бэхжүүлж, сөрөг нөлөөллийг сааруулах; байгаль орчинд ээлтэй дэвшилтэт
технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэл, хэрэглээнд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах;
цаг агаарын аюулт үзэгдэл, байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх
тогтолцоог бэхжүүлэх; хот суурины ногоон байгууламжийн төлөвлөлтийг
боловсронгуй болгож, хог хаягдлын менежментийг сайжруулах; Дөрөв. Тогтвортой
хөгжлийн засаглалын хүрээнд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх
салбар, орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжилтийг хангах, хяналт
тавих хариуцлагатай, чадварлаг засаглалын бүтцийг бүрдүүлж, бэхжүүлэх; төр,
засгийн бүх шатны байгууллагын удирдлагын манлайллыг дээшлүүлэх, бүх нийтийн
оролцоо, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангасан ил тод, хариуцлагатай
засаглалыг үндэсний болон орон нутгийн түвшинд бүрдүүлэх; улс төрчид, төрийн
албан хаагчдын ёс зүйн талаарх хууль тогтоомж, дүрмийг чанд мөрдүүлэн, бүх
хэлбэрийн авилга, хээл хахуулийг устгах; тогтвортой хөгжлийн зорилтуудад
чиглэсэн олон улсын хамтын ажиллагаанд идэвхитэй оролцох зэрэг зорилтыг тус тус
хэрэгжүүлэхээр тодорхойлсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *