Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Лхагважав: 7-8 их наяд төгрөгийн хөрөнгө орлого бүртгэгдэнэ гэж төсөөлсөн минь бараг доод хязгаар нь болж мэдэхээр байна

Ил тодын хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 1 хүртэл сунгасан билээ. Энэ хуулийн талаар Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцсаныг “Өдрийн сонин”-ы №306 (5258) дугаараас авч нийтэлж байна.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө.Ийм хуультай болсноор эдийн засагт ямар эерэг өөрчлөлт гардаг юм бэ?

-2008 оны нэгдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 30-ны хооронд Татварын зарим хуулиуд болон Нийгмийн даатгалын шимтгэлийг хэрэгжүүлэх хууль гэсэн өнөөдрийн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуультай төстэй хууль гарсан юм. Тэгэхдээ зөвхөн татвар, даатгалын хэмжээнд л гарсан хууль л даа.Тухайн үед 2856 компани хамрагдаад 5.6 их наяд төгрөг буюу дөрвөн тэмбум ам.доллартай тэнцэх хэмжээнй орлогоо ил гаргасан байдаг юм.Энэ нь дотоодын хөрөнгө оруулалт болоод явчихсан.Дараа нь 2010 онд Оюу толгойн гэрээ зурагдахад дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орсон.Гадаад, дотоодын энэ хоёр хөрөнгө оруулалт манай эдийн засгийг 17 хувьд хүргэсэн юм.Энэ бол цэвэр статистик баримт.Тэр үед нийт компанийн хоёр хувийг л хамруулсан.Бүгдийг нь хамруулж чадаагүй.Орлого оруулж байгаа НӨАТ-ын механизмыг ажиллуулж чадаагүй учир тэр ажил дутуу хагас болчихсон.Үүнийг л гүйцээх гэж явсаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлуулж, одоо хэрэгжээд явж байна.

Эдийн засгийн 17 хувийн өсөлт маань микро эдийн засаг руу шингээгүй.2013, 2014 онд манайх эдийн засаг руу мөнгөний бодлогоор мөнгө оруулаад буцаагаад эдийн засгаа сэргээе гэсэн чинь сэргээж чадаагүй.Бараг таван тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө орсон ч микро эдийн засаг руу бас шингээгүй, урсчихсан.Тэгээд энэ хоёр зүйл дээр дүгнэлт хийгээд ерөөсөө компани болон иргэдийнхээ санхүүг дахиад шинээр эхлэх хэрэгтэй юм байна.Компанийн гол хүч бол санхүү, татварын тайланг шинээр эхэлж, шинэ бололцоог аж ахуйн нэгжүүдэд олгосноороо аж ахуйн нэгжүүд маань тэр хөрөнгө оруулалтыг шингээдэг юм байна гэж дүгнэсэн.Эдгээр аж ахуйн нэгжүүд маань эдийн засгийн тэр 17 хувийн өсөлтийн үр дүнг өөр дээрээ нааж авдаг юм байна гэдгийг тогтоосон.Гэтэл манай аж ахуйн нэгжүүдийн 98 хувь нь тухайн үедээ хамрагдаагүй юм.Дахиад л 70, 80 хувь нь хуурамч тайлан, баланстай хоцорсон.Хуурамч тайлан баланстай байна гэдэг чинь ямар ч хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна гэсэн үг.Үүнийг засъя, санхүүгийн шинэчлэлийг хийе гээд л дахиж Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн хуулийг зэрэг хэлэлцүүлээд л явсаар байгаад өнгөрсөн наймдугаар сарын 17-нд батлагдсан юм.

-Хууль хэрэгжээд дөрвөн сар гаруй хугацаа өнгөрөөд байна.Энэ хугацаанд ямар ямар үр дүн гараад байна вэ?

-Хэрэгжиж эхлээд дөрвөн сар болж байгаа ч үр дүн нь 2008 оны макро эдийн засагт нөлөөлж байсан дүр зураг дахиад гарах нь гэж харагдаж байна.Арваад хоногийн өмнө Ерөнхий сайд зарлахдаа 3.5 их наяд төгрөгийн орлого, ажил үйлчилгээ ил боллоо гэж гэсэн.Хууль зүйн байнгын хороон дээр эл хуультай холбоотой зүйлийг ярьж байх үед Татварын Ерөнхий газрын дарга таван их наяд төгрөг бий болчихоод байна гэж байсан.Энэ байдлаар явбал он дуусах үед энэ тоо нэлээд дээшилнэ гэж үзэцгээж байна.Өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд 6.1 их наяд төгрөгийн орлого шинээр бүртгэгдлээ гэж зарлалаа.Би энэ хуулийг анх батлуулахаар явж байхдаа 7-8 их наяд төгрөг ил гарна, эдийн засагт байгаа гол хар зах зээлийн бүх мөнгө, ажил, үйлчилгээ бүртгэгдэнэ гэж төсөөлж байсан л даа.Миний тэр тооцож байсан 7-8 их наяд бол бараг доод талын хязгаар болох юм шиг байна.7-8 их наяд төгрөг ил болоод ирвэл буцаагаад дотоодын хөрөнгө оруулагч болоод явчихаж байгаа юм.Хүний өмч хөрөнгө, ажил үйлчилгээ нь албан ёсны бүртгэлтэй болж 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс татвар төлөгч болоод явчихаж байгаа юм.Ингэхээр манай эдийн засгийн нийтийн мөнгө, нийтийн санхүү буцаад л өсөөд явчихна.2009, 2010 онд бий болж байсан үр гарч ирэх гээд байгаа байхгүй юу.Оюу толгойн далд уурхайн гэрээнд хоёр тал гарын үсэг зурлаа.4.4 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг 17 банк гаргахаар боллоо.Нэг ёсондоо дэлхийн санхүү, мөнгөний зах зээлд Монгол буцаад очиж байгаа гэсэн үг. Ийм хүнд үед, дэлхий даяараа уул уурхай тэг заачихсан байхад 4.4 тэрбум ам.долларыг газрын доор хоёр км-ын цаана байгаа уурхай руу дэлхийн 17 том банк хийх гэж байна гэдэг бол маш том эерэг дохио байхгүй юу. Тэгэхдээ бид санхүүгийн шинэчлэлийн зөв зам руу орох гээд байна.Үр дүн нь асар хурдан гарах магадлал өндөр.Үүнд хувь хүний хувьд баярлаж байна.Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт хоёулаа сэргэнэ гэдэг маш чухал.Үүнд харин улс төрийн зөв удирдлага хэрэгтэй.Одоо бид өмнөх шигээ тэгж алдаж болохгүй.Мэдээж энэ нөхцөл дахиж гарч ирэхгүй учир бүгдээрээ ухаантайгаар менежмент сайтайгаар асуудлыг шийдэх ёстой л доо.

-Дотооддоо ил болоод гарч ирж байгаа тэр асар их мөнгийг юунд зарцуулах юм?

-2013, 2014 онд авсан зээл байгаа шүү дээ. Дараа жилийн 12 дугаар сараас эхлээд 500 сая ам.доллар төлнө.2017 он гарангуут нэг тэрбум ам.доллар төлнө.Бидний ойрын үед хийсэн ололттой ажил маань ерөөсөө л 1.5 тэрбум ам.долларыг төлөхийн төлөө байх эхний зорилготой.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдахын тулд олон бартаа саад туулсан.Хуулийн нэршлийг л анзаарахад далд, нууц байсан зүйлийг ил болгох шүү дээ?

-Нуугаад далд байсан, бүртгэгдээгүй ажил үйлчилгээ, хөрөнгийг ил болгож байгаа. Сүүлийн 25 жилд бий болгосон өмч хөрөнгөө бүртгүүлээд авъя, эзэнтэй болгочихъё, санхүүгийн тайлан балансаа шинээр эхэлье, компанийн засаглалаа шинэчилье, шинэ гараанаас 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс гаръя гэж байгаа юм. Нэгдүгээр сарын 1-нээс маш олон хууль шинээр хэрэгжиж эхэлнэ.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль шинээр эхэлнэ.Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын хуулиуд бараг батлагдчих байх.Манай татварын системийн гол хуулиуд бүгд шинээр эхлэх гэж байгаа юм.Мөн Нягтлан бодох бүртгэлийн хууль, Аудитын хууль нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ.Эрүү болон Зөрчлийн тухай хууль ирэх жилийн есдүгээр сарын 1-нээс эхэлж хэрэгжинэ.Эдгээр хуулиуд бүгд бизнестэй уялдаатай хуулиуд.Нэг ёсондоо Монгол Улс хууль эрх зүйн хувьд шинэ орчинд орох гэж байна.Тийм учраас шинэ орчинд орох гэж байгаа болохоор өмнөх системд явж байсан бүхнээ устгаад хааж, гортиг татаад улаан шугамнаас цаашаа хамт нэг гараанаас л гаръя гэж байгаа юм.Барианд яаж орох нь тухайн хүмүүсийн овсгоо самбаанаас хамааралтай.Социалист нийгэмд бариаг л тэгшлэх гээд яваад байсан бол одоогийн нийгэмд гарааг л тэгшхэн байлгах.

2008 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуультай төстэй хууль хэрэглэчихээд яагаад үр дүнг нь гаргаж чадсангүй гэвэл орлого олсон этгээд татвар төлдөг механизмыг ажиллуулж чадаагүй байхгүй юу.2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэх НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу НӨАТ-ынхаа тухайн татварын хорин хувийг буцааж авах эрх нь иргэдэд нээгдэж байгаа.Энэ хяналтын систем бол орлого олж байгаа бүх хүнийг хяналтад оруулчихаж байгаа юм.Орлого олсон бол татвараа төлдөг.Хэрэв татвар төлөхгүй этгээд байвал шууд л зах зээлээс шахагддаг тийм механизм ажиллах гээд байна л даа.Нэг ёсондоо цаагуураа хатуу механизм эхэлнэ гэж ойлгож болно.

-Хорин хувийг нь буцаагаад олгодог болбол компаниудын байдал хүндэрнэ гээд байгаа?

-Уучлаарай, Ил тод байдлын тухай хуулиар бүх юмыг нь гаргаад бололцоог нь олгочихлоо.Та татвараа төлөөд амьдар л даа.Татвараа төлдөг компанид энэ нэг их чанарын ялгаа байхгүй.Харин ч бүр эсрэгээрээ давуу талтай.Яагаад гэвэл хоёр хувийг нь буцаагаад өгчихнө, талоныг нь хэвлээд өгчихнө.Хэрвээ хажуух хөрш нь тийм үйлчилгээ өгөхгүй гэвэл тэднийхээр үйлчлүүлэгч орохоо больчихно.Эцсийн эцэст хэрэглэгчгүй бол ямар ч бизнес зогсоно.Та бизнесээ зогсоох уу, өрсөлдөөнд ялагдах уу, татвар төлөхгүй гэсэн цаанаа, мухартаа муу санаатай яваад байя гэж бодвол өөрийгөө жагсаалаас гарч байна гэж ойлгож болно.Тиймээс бий болж байгаа технологийг хурдан хэвшүүлээд талоныг нь хэвлэж өг.Энэ бол хийх ёстой ажил.Тэгээд өгөх ёстой татвараа л өгчих.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль нэлээд уян болж байгаа.Хялбаршуулсан юмнууд маш олон орох юм.Нэг ёсондоо аж ахуй эрхэлж байгаа хүний өсөх, хөгжих бололцоог нь хангахыг зорьсон заалтууд уг хуулинд орж ирэх юм.НӨАТ бол ажил, үйлчилгээ, хөрөнгийн хөдөлгөөнийг хянадаг систем шүү дээ.Энэ систем нэгдүгээр сарын 1-нээс ажиллаж эхлэх юм.

-Ил тод байдлын тухай хууль хар зэх зээлд байсан бүхий л зүйлсийг ил болгож, эдийн засгийг эрүүлжүүлнэ гэж ойлгодог.Энэ хуулиас айж байгаа, айдастай компаниуд олон бий байх?

-Хуучин системээр бол жаахан орлого олж байгаа хүн маш их дарамттай байсан.Хэрвээ татвар төлөхгүй бол нуусан орлогынхоо төлөө хэзээ чиг хэцүү нэртэй газар руу явахад бэлэн болчихоод байсан.Тэрийг чинь ашиглаж элдэв янзын хүнд дарамталдаг тийм систем бий болчихсон.Мафижсан систем л дээ.Та 100 сая төгрөгийн орлого нууснаар бараг 50, 60 сая төгрөгийг нь өгч байж буруу нөхдөөс салж, өөрөө нэг юм амьд гардаг.Тийм аюултай үзэгдэл Монголд бий болчихоод байгаа байхгүй юу.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль үүнийг таслан зогсоож байгаа юм. Одоо та энэ хооронд өмч, орлого, ажил, үйлчилгээгээ ил гарчих л даа. Өгөх ёстой татвараа өгчихвөл таныг хэн ч дарамталж чадахгүй. Татвараас хуурамч шалгалт орж ирдэг ч юм уу, цагдаа хүчний байгууллага дээр дуудагдах зэрэг тийм зүйл алга болно. Нэг ёсондоо хар зах зээл маш их авлига, дарамт, мафижсан юмны үүр болдог байхгүй юу.Ил тодын хуулийн гол онцлог нь энийг наранд ил гаргах.Наранд гарвал та дахиж харанхуй, сүүдэрт байгаа юм шиг айдас хүйдэст автахгүй гэсэн үг.Энэ алтан бололцоог олгож сүүлийн 25 жилд бий болгочихсон юмнуудаа одоо ил гаргачих.Бизнес хийдэггүй ч бай, өмнө нь байсан өмч хөрөнгөө албан ёсных болгоод өөр дээрээ юм уу, өв залгамжлагчдаа өгөөд нэг их сайхан, бардам болж, хаусандаа амьдарч, машинаа унаад морь мал худалдаж аваад дураараа тайван сайхан амьдраач.Сүүдэрт байгаа өмч хөрөнгөө өөрөө ч эдэлж чаддаггүй, өрөөлд ч өгч чаддаггүй байсан.Энэ бол сэтгэлийн там ш дээ.Тэрнээс нь л чөлөөлж байна.Энэ бол буяны ажил юм даа.

-Манай санхүүгийн бүртгэл болон татвар авах систем ер нь хүнд.Компаниуд бүгд ижил тайлан гаргадаг.Энэ нь жижиг компани дээрээ асар их дарамт болдог?

-Үүнээс нь ч чөлөөлөх процесс явж байна л даа.50 саяын орлоготой бол 500 мянган төгрөг тушаагаад жилдээ нэг удаа л тайлан гаргаж өгөөд боллоо.Санхүү, нягтлан бодох бүртгэл чинь өөрөө тусдаа нэг шинжлэх ухаан, тусдаа бизнес болох ёстой юм.Ирээдүйд тийм компаниуд бий болно.Тайланг нь гаргаж өгч тодорхой хэмжээний ажлын хөлс авдаг.Гаргасан тайлан нь албан ёсных болоод явдаг.Ингэж явбал жижиг, дунд хэмжээний аж ахуйн нэгж, гурван хүнтэй компани байлаа гэхэд 300 мянган төгрөг төлөөд албан ёсны тайлангаа гаргуулаад явах тийм зохицуулалт руу орох юм.Тэгж байж бид нягтлан бодох, санхүүгийн хүнд юмнаас жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүсээ чөлөөлөх ёстой.Одоо бид жижиг, том гэлтгүй адилхан юм өгөөд байхаар жижгүүд нь сөхөрчихөөд байгаа юм.Гэх мэтчилэнгийн зохицуулалтууд ирэх сарын 1-нээс эхэлнэ.

-Одоо хугацаа маш бага үлдлээ.

-Шинэ жилийн баяр, ёолк болдгоороо болно.Дараа жил ч болно.Яг энэ Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар гаргасан санхүү, татварын таатай орчин дахиж бий болохгүй шүү.Тийм учраас алтан боломжийг ашиглаж бололцоотой юмнуудыг хийгээд аваарай. Хугацаа дуусангуут цэвэр баланс тайлантай, бүх юм тэгээс эхэлсэн байх юм.Энэ хуулийн хүрээнд сайн дураар гэсэн айхавтар үг яваад байгаа.Үүнийг хүн болгон анхаарч унших хэрэгтэй. Хэрвээ сайн дурын үндсэн дээр таван төрлийн татвартай холбоотой тайлан балансуудаа ил болгоогүй тохиолдолд татвар, нийгмийн даатгалын шалгалт, гаалийн шалгалтад ороод зөрчил илэрвэл байх ёстой татварыг нь ч авна, хүү, алданги торгуулийг нь ч авна. Тэр байтугай эрүү, захиргааны хариуцлага хүлээлгэх бүх юм нээлттэй байгаа.

Танай компани зөв тайлан баланстай зөв, шударга явж байгаа ч гэлээ бүх компани сайн дураар ил тодын маягтыг бөглөж өгөөрэй. Сайн дурын үндсэн дээр өгсөн тэр маягтуудыг дахин аливаа юманд, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтад ашиглахгүй гэж хуулинд заачихсан байгаа.Бүх компани хамрагдах ёстой.Хэрвээ бүжиглэж, баярлаж яваад үүнд хамрагдаж чадалгүй үлдвэл харамсалтай байна.Энэ хууль шиг сурталчилгаа, танин мэдэхүйн сургалт явуулсан ийм хууль Монголд байхгүй шүү.Алтан боломжийг ашиглаж чадахгүй алдчихаад, дараа нь янз бүрийн зүйл болбол өөртөө л гомдоорой гэж хэлье.Хэрвээ үлдэж байгаа хугацаанд төрийн талаас хийх ёстой ажлаа амжуулаагүй тохиолдолд дараагийн авах арга хэмжээ байгаа ч үүнд нэг их битгий найдаарай.Үүнд хүмүүст найдаад орхичихож болохгүй.Хэдэн мянгаараа дугаарлаад амжихгүй таслуулбал төрөөс л юм гуйх хэрэг гарна л даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *