Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Арал худалдаж авах ч биш өөрсдөө арал байгуулъя

Өвлийн цагт жавар, утаанд хоёр талаасаа хавсруулаад ирэхийн цагт эрхгүй халуун орны дулаахан амьсгалтай арлыг мөрөөдөж байгаа биз дээ. Өвлийн ид хүйтнээр халуун газар руу яваад ирэх тэр олон хүний хүсэл мөрөөдөл, эрэлтийн дагуу хэд хэдэн газар руу чартер нислэг хийгддэг болоод удаж байна. Чадалтайнууд нь өвөл эхэлмэгц дулаан газарт өвөлжихөөр явдаг, дунджууд нь жилдээ нэг удаа ухасхийж далайн чийглэг агаарт 5-7 хоночихоод ирнэ. Харин бусад нь явахсан, очихсон, ирэх жил амжуулна даа гэж мөрөөдлийн жагсаалтаа нэгээр нэмсээр үлддэг. Явж байгааг нь ч, явалгүй үлдсэнийг нь ч гоочилж буруутгахын аргагүй. Бүх л хүмүүс явмаар байна, явах ч эрхтэй. Гэтэл тийм боломж нь хаана байна вэ. Далайд гарцгүй, өвөлдөө тэсгим хүйтэн ийм л газар төрсөн учраас бидний хохь гээд сууж байх хэрэг үү. Үгүй гээд иргэншлээ сольж, цагаач болж явах уу.

Хүүхэд, хөгшдөө өвлийн хүйтэнд аваачаад өвлийн ганц сард нь амсхийлгэх боломж бол арал худалдаж авах гарц хэмээн манай сонины зүгээс онцолж “Монгол Улс дулаахан арал худалдаж авмаар байна” гэсэн нийтлэлийг саяхан бичиж олон нийтэд хүргэсэн. Уг нийтлэлд “Баячуудыг гадагшаа, дулаан орон руу, Улаанбаатарын утаанаас зайлж нүүдлийн шувуу шиг нисчихдэг гэж нүд үзүүрлэдэг байсан бол бүх монголчуудад тэдэн шиг нисэх боломж байх юм. Хэрэв Монгол Улс өөрийн гэсэн аралтай болоод иргэдээ тийшээ хямд зардлаар хүргэдэг нислэгтэй болгочихвол манайхан өвлийн ид хүйтнээр ээлжийн амралтаа аваад тийшээ л зүтгэнэ. Ирж очих зардал нь 500 мянган төгрөг байхад л мөнгөө цуглуулж байгаад яаж ийгээд явахыг хичээцгээнэ. Өвлийн хүйтнээр тэнд нэг сар амарчихаад ирэхэд бараг л жавар уярч таарна даа. Хямрал, уур унтуу, утаанаас холдоод түр ч болтугай амгалан, дулаахан газарт амьдраад эхэлбэл сэтгэл санаа тайвширч, нийгэм маань жаахан ч гэсэн зөөлөрнө. Өвлийн жавар тачигнаад эхлэнгүүт хүн бүр л ам амандаа “Амралтаа аваад арал улсдаа очоод шинэ оноо угтана аа” гээд л ярьдаг цаг ирэх ч юм бил үү” хэмээн бичсэн. Үүний дараа олон уншигч бидэнтэй санал бодлоо хуваалцсан. Мөрөөдөл юм даа гэх нь байсан бол дийлэнх нь бид яагаад энэ талаар өмнө нь бодож байгаагүй юм бэ. Үнэндээ улсаасаа төсөв гаргаад ганц арал худалдаж аваад, хүмүүсээ ээлж ээлжээр аваачиж болохгүй нь юу байх билээ гэх хүмүүс олон байлаа. Харин зарим нэг нь худалдаж аваад байх ч зүйл байхгүй, барьж байгуулж болно шүү дээ гэж байв. Үнэндээ зарим нэг бүтэшгүй мэт саналыг хэвлэл мэдээллийн томоохон редакциуд хөндөн гаргаж, тэр нь цаашлаад бүх нийтийн анхааралд хүрч асуудал босгон, амжилтад хүрч байсан түүх бий. Манай сонины зүгээс дулаахан арал худалдаж авч болох боломжийн талаар өгүүлсэн нь дараагийн сэдэл, шийдлийг бий болгож байгаа юм.

Арал худалдаж авах боломжийн тухайд бид л төдийлөн анзаарч, хөндөж байгаагүй болохоос биш маш түгээмэл асуудал. Дэлхийд арал худалдаалагч хамгийн том брокер гэгддэг Фархад Влади өнгөрсөн дөч гаруй жилийн хугацаанд 2600 гаруй арал худалдаалжээ. Дэлхийн хамгийн сайхан байрлалд байх гайхалтай арлууд энэ хүний гараар дамжиж бусдад хүрсэн байдаг. Түүний худалдан авагчдын 40 хувь нь америкчууд, 40 хувь нь европчууд харин үлдэх нь япон болон арабууд гэнэ. Ерөнхийдөө бид энэ зах зээлээс хамаагүй хол хүмүүс гэдэг нь тодорхой. Влади 1971 онд анхны арлаа худалдаж байсан бөгөөд энэ нь Энэтхэгийн далайд байх Кузин арал байсан гэдэг. Далаад онд 350 мянган ам.долларын үнэтэй байсан бол арал эзэмшигч нь 2010 онд 10 сая ам.доллараар үнэлсэн гэхээр үл хөдлөх хөрөнгө дундаа арлын үнэ хэрхэн өсч байдгийн жишээ болох байх. Уг арал дээр 2002 онд “Битлз”-ийн алдарт Пол Маккартни хоёр дахь гэрлэлтийнхээ бал сарыг тэмдэглэж байсан гэдгээр нь хүмүүс мэддэг.

Энэ мэт арал бүр өөрийн түүхтэй, үнэ цэнтэй. Грек, Багамийн арлуудаас худалдаж авахад хууль эрх зүйн орчин жаахан тодорхойгүй. Харин Шинэ Зеланд зэрэг газар бүх зүйл нь тодорхой. Эхлээд иргэддээ худалдан авах давуу эрх олгож зарлаад авахгүй байвал гадаадын иргэнд шууд зарчихна. Элдэв яриа, гомдол байхгүй.

Гэхдээ монголчуудын хувьд дулаахан сайхан бас нэг их хол нисч буугаад баймааргүй арал зүгээр байж таарна. Газрын гачаалд орсон гэгддэг Японд хүртэл хүн амьдардаггүй арал байдаг гээд үзэхээр далайн их усанд боломж их бий. Япончууд 1929-1945 оны хугацаанд байлдааны зориулалтаар бактерологийн туршилт хийж байсан Окуношима арал дээр хүн амьдардаггүй. Гэхдээ туршилтын нөлөөгөөр хачирхалтайгаар өөрчлөгдсөн туулай зэрэг амьтдыг үзэхээр очдог хүмүүст саяхнаас нээгдсэн гэдэг юм билээ. Энэ мэт арлууд тойрсон яриа дуусахгүй биз ээ. Уншигчдын хөндөж байгаа гол сэдэв нь заавал арал худалдан авна гэлтгүй өөрсдөө бүтээн байгуулж болох тухай юм. Хүн төрөлхтөн хэзээнээс газар нутгаа өргөтгөж, эзэмшлээ өргөн дэлгэр болгохын төлөө тэмцэж ирсэн. Тэр зарчмаар эртний египетчүүд ч усан дээр газар бий болгох эхний алхмуудыг хийж байсан түүх бий. Гэхдээ орчин цагийн түүхээр бол Нидерландад хамгийн анхны хамгийн том хиймэл арлыг 1969 онд ашиглалтад оруулж байсан юм. Ингэснээр тус улсын 12 дахь аймаг тус арал дээр төвхнөжээ. Сүүлхнээс Арабын нэгдсэн Эмиратад 2006 онд байгуулсан Яс арлын талаар бид сонсч байсан. Амралт зугаалга, энтертайнмэнт төвүүдийн цогцолбор бүхий энэ арлын өртөг 40 тэрбум ам.доллараар хэмжигдэнэ гэдэг. Нийт 25 км2 бүхий энэ арал руу машин, онгоц, хөлөг онгоцоор гээд хүрэхэд хялбар.

Хиймлээр газар байгуулахдаа голдуу нисэх онгоцны буудал болгож ашигласан нь элбэг юм билээ. Осакагийн нисэх онгоцны буудал ачааллаа дийлэхээ байсан тул Осака буланд шинээр арал байгуулж, Кансай нисэх онгоцны буудлыг 1994 онд нээж байсан түүхтэй. Хуучин ус байсан газарт бий болгосон уг буудал бүс нутагтаа хамгийн том буудлын нэг болчихоод байгаа нь нэгийг хэлнэ. Ер нь япончуудын уснаас газар босгодог туршлага мундаг л даа. Шинийг байгуулах хөрс шороо нь хаана байна гээд хогоор л бүтээн байгуулаад байх нь тэр. Токио буланд байгуулсан хиймэл арлыг 12.3 сая тонн хогоор байгуулсан гэдэг. “Бидний гишгэж байгаа газар бол хиймэл газар. Үүнийг хог хаягдлаар байгуулсан юм” гэж хэлэхийг сонсоод чихэндээ итгэхгүй явсан үе ч бий. Яаж усан дээр газар босгож байна, тэр тусмаа хогоо газар болгож, түүн дээр нь өвс ногоо халиурна гэдэг төсөөлөмгүй л санагдаж байлаа. Тэр ч байтугай япончууд Тэнгисийн ойг бүтээж байна. 2016 онд үүдээ нээх хүний гараар бүтээсэн цэцэрлэгт хүрээлэнд 480 мянган зулзаган модыг 88 гектарт ургуулжээ. Өөрөөр хэлбэл хогон дээр босгож байгаа цэцэрлэгт хүрээлэн юм даа.

Магадгүй, далайн эргийн улс орнуудын хувьд усан дээр цэцэрлэгт хүрээлэн байгуулж, арал босгох нь боломжтой, харин бидний хувьд худлаа мэт санагдаж байж болох юм. Гэвч бидэнд ч бас боломж бий шүү дээ. НҮБ-ын Далай, тэнгисийн хуулийн конвенцид заасны дагуу далайд гарцгүй орнууд бусадтай адил далай тэнгисийг эзэмшиж, ашиглах эрхтэй. Бид бусад орнуудын адил далайн баялгаас хүртэж, үр шимийг нь авах ёстой. Түүнийхээ хүрээнд Номхон далайн хязгааргүй уудамд хэсэгхэн га газарт улсынхаа арлыг байгуулж болох байлгүй дээ. Энэ талаар мэргэжлийн хүмүүс гэрээ заалтыг нь судлаад үзэхэд олон боломж бидний өмнө нээгдэж таарна. Сүүлийн жилүүдэд далайд гарцгүй орнуудыг хөгжүүлэх, тэднийг далайд хүргэх боломжийн талаар олон улсын байгууллагууд ихээхэн анхаарч ажиллах болсон. Далайгаас хишиг хүртэж амьдардаг олон орон бий. Бид далайн гүнээс байгалийн баялаг олборлох биш, загас жараахай барьж идэх биш. Ганц авдаг ашиг нь далбаагаа түрээслүүлж хэдэн цаас олдгийг л хэлэх байх. Заримдаа далайн дээрэмчдэд түрээслүүлчихээд хэл аманд орчих гээд байдгийг эс тооцвол. Үнэндээ бид далайгаас авч байсан удаагүй. Тиймээс арал барьж, өвөлдөө ээлжээрээ өвөлжих гэсэн санааг маань буруутгахаасаа дэмжигсэд олон байх биз ээ. Улаанчулуутын хогоо аваачиж арал барина гэж томроод яахав. Чулуу, элс, хөрс шороо гээд захаас нь жаахан сэмлээд авааччихад нэг байтугай нэлээд хэдэн арал байгуулах боломж бидэнд байна. Ачаа тээврийн хөлс нь их болоод байдаг юм бол Сингапурыг өргөсгөхийн төлөө өөрсдийнхөө хэдэн зуун арлаас элс, шороо экспортолдог Индонезиэс ч авах боломж бий. Ер нь эхний санаачилга нь гараад ирвэл дараагийн боломжуудыг судлаад явчихаж болно шүү дээ. Манай сонины зүгээс санаачилсан арал худалдаж авах санал маань цаашлаад арлаа өөрсдөө байгуулах тухай болж нэмэгдэж байна. Хууль эрх зүйн хүрээндээ ямар боломж байгааг судлаад үзвэл илүү гарцууд хүлээж байхыг үгүйсгэх аргагүй. Өөрсдөө боомтоо байгуулж, далайд гарцтай улс болдоггүй юм гэхэд өвлийн утаанаар өвгөд хөгшид, хүүхэд багачуудаа аваачиж амсхийлгэдэг газартай болъё л доо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *