Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдааны их шөвгийн дөрөвт аварга Г.Эрхэмбаяр, арслан Н.Батсуурь, заан Ч.Санжаадамба, харцага Б.Пүрэвсайхан нар шалгарч үлдсэн. Г.Эрхэмбаяр аварга цолны эрэмбээр Ч.Санжаадамба зааныг амлаж, Н.Батсуурь арслан Б.Пүрэвсайхан харцага нар тунасан юм. Тунасан хоёр бөхийн барилдаан тун шуурхай болж харцага Пүрэвсайхан Батсуурь арслангийн хөлд нь орж унагалаа. Энэ хоёр бөх өнгөрсөн зун Увс аймагт болсон баруун бүсийн даншиг наадмаар хүч үзэн Батсуурь нь Пүрэвсайханыг бөхийн талбай дээр толгой руу нь цохиж, олныг дургүйцлийг хүргэж байсан удаатай. Батсуурь арслан даагаа нэхээд ийн өвдөг шороодлоо. Эрхэмбаяр аваргаас Санжаадамба заан барьц сонгож давснаар түрүү үзүүрт шалгараад байсан юм.
Ийнхүү үзүүр түрүүний барилдаанд Ч.Санжаадамба заан Б.Пүрэвсайхан харцага нар шалгарч барилдан, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлэв. Ийнхүү тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чансаа өндөр 128 бөхийн барилдаанд хоёр дахиа түрүүлж байна. Түүнд Ерөнхийлөгчийн зарлигаар түрүү бөхийн шагнал, цомыг гардууллаа.