Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөгжлийн банкийг шалгах нь, хурай хурай гэх үү бас

-МАН-ЫГ ОДОО УДИРДАЖ ЯВАА АЛБАН ТУШААЛНУУД БОЛОН ЗАЛУУЧУУДАД НЬ ХОЛБОГДОХ “ХАДГАЛАМЖ” БАНКНЫ ХЭРГИЙГ СЭРГЭЭН ШАЛГАМААР БАЙНА-

Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаас эхлүүлээд захирал, газар, хэлтсийн дарга нарыг Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэнэ. МАН-ын залуучуудын шахалтаар Хөгжлийн банкныхны удирдлагуудыг ийн шалгахаар болж байгаа юм байх. МАН-ын залуус сошиал ерөнцөд энэ тухай мэдээллийг онцолж, “Хөгжлийн банкныхны захирлаас авахуулаад газар, хэлтсийн дарга нарт эрүүгийн хэрэг үүсгэж шалгахаар болжээ, хурай хурай” гэж жиргэжээ. Хуучин цагт төрийн өмнөөс бусдыг матаж, шоронд явуулах гэж оролдсон нэгнийг “Матаач, “Бууны нохой” гэдэг байв. Харин шоронд бол “Харх” гэж хэлдэг. ”Харх” гэдэг нь нийгмийг ялзруулж, бохирдуулж буй хэсэг бөгөөд нэгнээ матдаг мууг нь үздэг хэсгийг үзэн ядаж нэрлэсэн үг гэдэг. Товчхондоо ёс суртахуун, ёс зүйгүй нэгнийг ингэж хэлдэг. МАН-ын залуусын энэ үйлдлийг харвал одоо цагт ёс суртахуун ингэтлээ эргэжээ гэж бодогдохоор байгаа юм. “Хөгжлийн банкны удирдлагуудыг шалгаад өг” гэж сар гаруй шилэн дансны “но”-той гүйлгээ хэмээн жиргэж, цахим ертөнцөөр нэг шуугиан тарьсан. Авлигатай тэмцэх газрынхан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байж мэдэхээр юм. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах боллоо гэсэн хариу өгөхөөр нь тэд дахиад л шуугиан тарьж шалгахаар боллоо, хурай хурай гэж бусдынхаа мууг үзэж суух юм. МАН-ын залуусын гомдол өргөдлөөр Хөгжлийн банкны “но”-той гэх 200 орчим тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг шалгахаар болжээ, АТГ. Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгалт хийж дээрх өргөдөлд тусгагдсан мөнгөн дүн гүйлгээ нь хууль бус хэмээн үзэж, гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзсэн бололтой.

Өмнө нь Эдийн засгийн хөгжлийн яам гэж байхад тэндхийн зарим албан тушаалтан болон Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг “Засгийн газрыг хууран мэхэлж их хэмжээний мөнгө завшсан” гэх асуудлаар Авлигатай тэмцэх газар шалгаж байсан байдаг. Шалтгаан нь “Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл ердөө 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт төрүүлж тогтоол батлуулсан. Нэмж нийт 43.6 тэрбум төгрөгийг гаргуулж аваад “Монроуд” ХХК-д шууд шилжүүлж өгсөн. Мөн Замын-Үүд хилийн боомтын ачааны шалган нэвтрүүлэх цогцолборт 8.7 км хатуу хучилттай автозамын ажлыг гүйцэтгэхээр өмнө нь техник, эдийн засгийн үнэлгээ хийж үзэхэд 20 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх боломжтой гэж байхад 33 тэрбум болгож батлуулсан. Түүнчлэн Халзан бүргэдэй, Солонготын давааны 100 км замыг шинээр тавих асуудлыг шийдсэн тэр өдрийн Засгийн газрын хуралдаанаараа Замын-Үүдийн 20 тэрбумын ТЭЗҮ-тэй автозамыг 33 тэрбум байхаар баталж Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид санхүүжилтийг шууд шилжүүлж олгосон. Эдгээр нь хууль дүрэмд нийцэхгүй, сэжиг бүхий үйлдэл учраас Н.Мөнхбат нарт эрүүгийн хэрэг ийн үүсгэсэн байдаг. Гэвч энэ нь сөрөг хүчний хардалт төдий зүйл болоод өнгөрч байв.

Монгол Улсын хөгжлийн гэсэн тодотголтой асар их мөнгө төвлөрөн эргэлддэг энэ банктай холбоотой дуулиан шуугиан үе үе гардаг. Харин тэр шуугианыг тус банкны захирал Н.Мөнхбат үгүйсгэж, хэвлэлийн хурал хийснээр төгсгөл болдог. Саяхан тус банкинд шалгалт орж аудитын дүгнэлтээр ноцтой зөрчлүүд илэрсэн хэмээн шуугиж байсан. Тэр зөрчлүүдийг тус банкныхан үгүйсгэж байсан билээ. Хамгийн сонирхолтой нь энэ банкийг төрд ажиллаж буй албан тушаалтнуудын хамаатан садан ойр тойрныхны компанийг санхүүжүүлдэг гэсэн яриа хардлага байнга явдаг. Монголчууд цөөхөн учраас шалгалт хийж буй хэн нэгний ойр дотнын компани энэ банкнаас санхүүжилт авч байсан байдаг л биз. Шалгаад үзэхээр хууль бус зүйл энэ банктай холбоотойгоор одоогоор илэрсэн юм алга. Тэгэхээр улс төр орчихоод байдаг юм уу гэж хардахаар. Үнэндээ Монголд хэрэгжиж байгаа олон жил яригдаж буй томоохон төслүүдийг санхүүжүүлж хөдөлгөж чадсан банк. Урьд нь төрийн олж ирсэн их мөнгийг дээгүүрээ хувааж хүртээд доогуураа эх орны хишиг хувь маягаар иргэн бүрт 21 мянган төгрөгийг амсуулаад өнгөрдөг байсан. Ингээд бодохоор Хөгжлийн банкныхны хийж бүтээж байгаа зүйл нь хавьгүй их бодитоор харагдаж байгаа юм.

МАН-ын залуусын хүсэлтээр Авлигатай тэмцэх газрын одоогийн шалгагдаж буй 200 орчим тэрбум төгрөгийн асуудал нь шилэн дансан дахь гүйлгээтэй нь холбоотойг дээр хэлсэн. Тухайлбал, Монголын Банкны холбоонд шилжүүлсэн гишүүнчлэлийн татвар болох 6.000.000 төгрөг, “Euromoney Institutional In­vestor Limited”-д 50.956.102 төгрөгийг ТУЗ-ийн гишүүдийн сургалтын төлбөр, “Price­waterhouse advisory LLC”-д 55.711.880 төгрөгийн Зээлжих зэрэглэл тогтоолгох зөвлөх үйлчилгээний төлбөрийн 70 хувь, “Интернэшнл инвестмент” банкинд 1.140.199.677 төгрөгийн хадгаламжийн хүү төлөлт, Сангийн яамнаас “Эрдэнэс Оюу толгой” 192.591.000 төгрөгийн хуулийн зөвлөх үйлчилгээ-зээл олгосон гүйлгээ, Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд 18.200.000 төгрөгийн 2/181 тоот гэрээний МҮОНРТ-ийн нэвтрүүлэг цацалтын төлбөр, “Эрдэнэс Оюу толгой” ХХК 680.496.386 төгрөгийн зээл олголт-зөвлөх үйлчилгээний төлбөр, “International invest­ment bank”-д 1.134.371.250 төгрөгийн хадгаламжийн хүү төлөлт зэрэг гүйлгээ нь асуудал дагуулж болохоор хардлага бий гэнэ.

Түүнчлэн Монголбанк 144.786.809.891 төгрөгийн векселийн төлбөр, Монголбанк 1.944.353.401 төгрөгийн векселийн төлбөр-алданги, С.Ган-Эрдэнэ гэгч этгээдэд өгсөн 55.000.000 төгрөгийн ТУЗ-ийн №41 тогтоолын дагуу санхүү дэмжлэг олгосон гүйлгээ, Standart and Poor’s Limited – 168.938.813 төгрөгийн Зээлжих зэрэглэл тогтоолгох зардал, “Эрдэнэс Оюу толгой” ХХК 622.888.979 төгрөгийн зээл олголт гэх зэрэг “но”-той гүйлгээнүүд хуулийнхны анхаарлыг татжээ. Мөн энэ гүйлгээнүүд дунд Монгол Улсад бүртгэлгүй компаниудад зээл олгосон, аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа зээлүүдэд БНХАУ-ын 100% болон бусад оролцоо бүхий компаниудад зөвхөн олгож байгааг шалгуулах, Хөгжлийн банкны дээрх гүйлгээнүүд нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг зөрчсөн, УИХ-ын тогтоолыг зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэнэ. Үнэхээр хууль бус зүйл илэрсэн бол хуулийн байгууллага шалгаж мухарлах нь зүйн хэрэг биз. Хамгийн гол нь МАН-ын залуусын энэ ёс зүйгүй авир харин “Хадгаламж” банкны 14 тэрбумын хэргийг сөхөж дахин шалгуулах ёстой юм шиг харагдаж байгаа юм. “Хадгаламж” банкны энэ хэрэг бол харин ч нүдэнд харагдаж, баримтаар ил болсон зүйл. Тус банкны 14 тэрбум төгрөгөөр казино тоглож шамшигдуулсан нь одоогийн энэ МАН-д ажилладаг залуус шүү дээ. Тэгэхээр “Хадгаламж” банкны энэ хэргийг сэргээн дахин шалгаж эхэлмээр байна.

Хэргийг сөхвөл “Хадгаламж” банкны 14.2 тэрбумын хэрэг нь Ш.Батхүүгийн одоо шалгагдаж буй Эрдэнэт үйлдвэрийг гадаадын банкинд барьцаалж хуурамч баримт, гэрээгээр их хэмжээний мөнгө шамшигдуулсан хэргээс цаг хугацааны хувьд хол зөрүүтэй. Гэхдээ эдгээр хэргүүд хоорондоо ямар нэгэн далд сэжмээр холбогдон “нууцлагдаж” үлдсэн зүйл цөөнгүй бий. Тухайлбал, УИХ-ын 2005 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах үндсэн чиглэл”-ийн дагуу 2006 онд Засгийн газрын шийдвэр гарсан байдаг. Энэ шийдвэрээр төрийн эзэмшлийн “Хадгаламж” банкийг хувьчлах шалгаруулалтыг Төрийн өмчийн хороо зохион байгуулсан байдаг. Шалгаруулалтад “Чингис хаан” банк, ОХУ-ын Братскийн ардын банк, “Монгол даатгал” ХХК-ийн консерциум ялсан. Төрийн өмчийн хороо үүргээ муугүй биелүүлсэн. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2006 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн Төрийн өмчийн хорооны тогтоолоор өмчлөх эрхийг шилжүүлсэн. Гэвч ингэж хувьчилсны дараа тус банкны актив хөрөнгөөс их хэмжээний мөнгө дутагдсан асуудал гэнэт босоод ирсэн юм. Хувьчлалд сайн бэлтгэх нь хэдийгээр Төрийн өмчийн хорооны чиг үүрэгт хамаарах боловч нөхцөл байдлыг сайтар анзаарч харвал “Хадгаламж” банкны тухайн үеийн удирдлага 14.2 тэрбум төгрөг дутаасан будлиантай баримтаа яагаад олж илрүүлсэнгүй вэ гэдэг асуулт зайлшгүй гардаг.

Үүнийг баримтаас харъя. “Хадгаламж” банкны Бүртгэл тайлан тооцооны газрын орлогч, нягтлан бодогчоор толгойлуулсан гэдэг боловч чухамдаа хяналтын албаныхан юугаа харж суусан юм бэ. Тэгээд эцсийн дүнд хэрэг шалгагдаж, шүүхээр шийдэгдэхэд хэргийн эзэд буруугаа хүлээн, зохих ял шийтгэлээ биеэр эдлэхэд яагаад заавал тэрхүү 14.2 тэрбум төгрөгийн хохирлоос 13.2 тэрбумыг нь Төрийн өмчийн хороо хариуцах болов. 2008 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн тогтоолд “…тус банкийг хувьчлагдахаас өмнө Ц.Чимэдцэрэн нарын учруулсан 13.5 тэрбум төгрөгийн хохирлыг Төрийн өмчийн хороонд, хувьчлагдсаны дараахь 700 сая төгрөгийн хохирлыг шинэ худалдан авагч “Хадгаламж” банкинд тус тус олгуулах…” гээд “…иргэний хуулийн 497, 498, 510 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагч Төрийн өмчийн хорооноос 13.5 тэрбум төгрөгийг гаргуулж хохирогч “Хадгаламж” банкинд олгосугай” гэжээ. Банкийг луйвардсан уг хэрэгт 12 хүн оролцсон байдаг. Тэдгээрийн дотор Ц.Чимэдцэрэнгээс тухайн үед Хөвсөл аймагт болсон УИХ-ын нөхөн сонгуульд пургон автомашин хандиваар авсан УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх байлаа. Анхан шатны шүүх түүнд 5.1 жилийн ял оноож, гурван жилийг нь Өршөөлийн хуульд хамруулсан бөгөөд удалгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

Ц.Чимэдцэрэн нарын дараагаар “Хадгаламж” банкийг “Жаст” группийн Ш.Батхүү худалдаж авсан. Ц.Чимэдцэрэн нь хэдэн жил шоронд суугаад гарсан. Харин улсад учруулсан дээрх 14.2 тэрбумын хохирол төлөгдсөнгүй. Төрийн өмчийн хорооны дансанд 13.5 тэрбум төгрөг нь орж ирээгүй. Төрийн өмчийн хороо ч ийм хэмжээний мөнгийг “Хадгаламж” банкинд төлөөгүй. Хамгийн гайхалтай нь “Хадгаламж” банк иргэний шүүхэд маргаан үүсгэж, өнөөх 13.5 тэрбум төгрөг төлөхийг шаардсан бичгээр Төрийн өмчийн хороог “дарж” байсан. Энэ мэтээр “Хадгаламж” банкны олонд алдаршсан 14 тэрбум төгрөгийн хэргийг сөхөж, ул суурьтай мухарлах зүйл их байдаг. Мөн “Хадгаламж” банкны энэ хэргээс улбаалж олон хүн хохирч тэр дотор төр ч хохирсон байдаг. Нөгөө талаараа тухай үеийн МАН-ын залуус, одоогийн тус намыг авч яваа нөхөд ч энэ хэргээс мултарч чадсан. МАН-ынхан тухайн үед төрийн эрх барьж байсан болохоор залуусаа аваад гарч байв. Харин АН-ынхан өөрснийгөө өмөөрдөггүй, хамгаалдаггүй. Тэд энэ залуусыг тэр чигт нь явуулчихаж мэдэх л улс.Тийм болохоор хэрэг хуучирдаггүй гэдгийн жишгээр “Хадгаламж” банкны энэ хэргийг Хөгжлийн банкны удирдлагуудтай холбоотой хэрэгтэй хамт шалгах хэрэгтэй байна.

Г.Ялгуун

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *