-“ЭРЧИМ ХҮЧИЙГ АРАВ ДАХИН ӨСГӨХ ТӨХӨӨРӨМЖ” НЭРТЭЙ ДЭЛХИЙД ГАЙХАГДАХ ШИНЭ БҮТЭЭЛИЙГ МОНГОЛ ЭРДЭМТЭД БҮТЭЭЖЭЭ-
“Архимед групп”-ийн ТУЗ-ийн дарга Д.Баяраатай ярилцлаа.
-Танай багийнхан Монголын эрчим хүчний талаар судалгаа хийсэн гэсэн. Энэ талаар яриагаа эхэлье?
-Бид Монголын эрчим хүчинд судалгаа хийсэн. Монгол эрчим хүчний ачаалал маш их болоод гадаадаас эрчим хүч худалдан авч байна. Түүнийг Монголдоо хийх бүрэн боломж бүрдсэн. Энэ бүгдийг харахад эрчим хүчний технологид өөрчлөлт хийхээр болсон байна.
-Манай эрчим хүчний технологи одоо ямар түвшинд байгаа вэ?
-Монголын эрчим хүч хуучны технологиор л явж байна. Монгол нүүрсээр эрчим хүч гаргадаг технологитой байгаа. Нано технологи ашиглаж эрчим хүч үйлдвэрлэх боломж байна. Обама нүүрс хэрэглэж болохгүй гээд хэлчихсэн байна. Одоо үнэхээр хүлэмжийн хий бөгөөд нүүрс хэрэглэж болохгүй гэвэл Монгол Улсын эрчим хүч шууд зогсоно. Хэдэн дизель станцаас өөр юмгүй болно.
-Тэгвэл цаашид юу хийх ёстой вэ?
-Монгол Улс одоо эрчим хүчнийхээ бодлогыг эргэж харах цаг болчихсон. Дэлхий даяараа эрчим хүчний талаар ярьж байна. Том компаниуд нэгдээд эрчим хүчний талаар судалгаа хийж эхэлсэн. Бид хоцрогдоод байж болохгүй учраас шинэ эрчим хүчний талаар өөрсдийнхөө хэмжээнд судалгаа хийсэн. Бид 2014 онд хийсэн хамгийн том судалгаагаар эрчим хүчийг найм дахин хэмнэсэн төхөөрөмж хийсэн. Эрчим хүчийг найм дахин хэмнэхдээ давтамжийг нь өөрчлөөд 400 Гц болгочихсон юм. Түүнийг халаалтын хэрэгсэл дээр хэрэглэнэ үү гэхээс электрон хэрэгсэл дээр хэрэглэх боломжгүй. “ЖАЙКА”-гийн судалгаанаас харахад эрчим хүчийг өвлийн улиралд зөвхөн халаалт дээр хамгийн их зарцуулдаг юм байна. Халаалтынхаа асуудлыг шийдчих юм бол эрчим хүчний доголдоод байгаа асуудал шийдэгдчихнэ.
Энэ судалгаагаар бидэнд Дэлхийн оюуны өмчийн газар “2014 оны шилдэг зохион бүтээгч”-ийн медаль олгосон. Бид одоо ч судалгаагаа орхичихоогүй үргэлжлүүлээд Архимедийн хуулийг ашиглаж эрчим хүч хэмнэх бололцоотой төхөөрөмж гаргасан. Энэ төхөөрөмжөө бид ирэх долоо хоногт олон нийтэд танилцуулна. Эхний ээлжинд бага чадалтай төхөөрөмж танилцуулсан нь эрчим хүчийг найм дахин хэмнэх боломжтой байсан. Харин одоо том хэмжээтэй нэг сум, нэг байгууллагын эрчим хүчийг шийдэх хэмжээний төсөл хийчихсэн байна. Энэ нь эрчим хүчийг арав дахин хэмнэх боломжтой гэсэн үг.
-Шинэ төслөө удахгүй хэрэгжүүлж эхлэх юм байна тийм үү?
-Төслөө хэрэгжүүлэхэд саад гарч байгаа. Бүтээл гаргахад унаж босож хийсэн судалгаандаа гол мөнгөө зарцуулдаг шүү дээ. Судлагдаад гараад ирсэн ихээхэн мөнгө зарсан бүтээл маань үнэ цэнгүй болж эхэлж байна. Бүтээл маань нэг кВт-аас 60 кВт, 60 кВт-аас 300 кВт цаашлаад хэдэн ч мВт гаргах бололцоотой төхөөрөмжүүд юм. Үүнийг эхний хэрэглэгч нэг кВт авахын тулд төвийн эрчим хүчнээс авна. Гэвч төвийн эрчим хүчнээс авсан эрчим хүчээ үржүүлээд цаашаа худалдаалах эсвэл хэрэглэх боломжгүй. Яагаад гэвэл хүний үйлдвэрлэж гаргасан эрчим хүчийг үржүүлж гаргаж байна шүү дээ.
Нэг кВт хэрэглээд 50 кВт гаргаж байгаа бол хэмнэсэн 49 кВт нь Сэргээгдэх эрчим хүч гэдгийг хуульд оруулчих хэрэгтэй. Тэгвэл Сэргээгдэх эрчим хүчний хуулийг хэрэглээд явж болохоор байгаа юм. Монгол Улс эдийн засгийн хямралд орчихсон л юм чинь үржүүлж хэрэглэж байгаа эрчим хүчийг нь зөвшөөрчих л хэрэгтэй. Үүнийг эдийн засгаа тогтвортой болтол тодорхой хугацаанд хэрэгжүүлэхэд болно шүү дээ.
Өөрөөр төслөө хэрэгжүүлэхийн тулд “Тесло” компанитай яриад аккумляторыг нь авчирч тавья гэхээр эрчим хүч үйлдвэрлэгч болчихож байгаа юм. Төвийн шугамнаас авахгүй байгаа ч гэсэн эрчим хүч үйлдвэрлэж байна гэсэн үг. Үйлдвэрлэсэн эрчим хүчинд заавал тусгай зөвшөөрөл авах ёстой болдог. Эрчим хүчний бизнес хийж байгаа том компаниудын эрх ашгийг хөндөх асуудал гарвал бид цаашаа явах боломжгүй болно. Тиймээс хэмнэлттэй тодорхой шалгарчихсан бүтээлүүдийг зовоогоод байлгүй цаашаа явуулчих л хэрэгтэй байгаа юм.
-Танай багийнхан салхин цахилгаан станцыг хийх боломж бий юу?
-Нар, салхины цахилгаан станц хийхэд удаан эргэлттэй соронзон генераторууд өртөг өндөртэй байдаг. Тэрийг бид дотооддоо үйлдвэрлэх технологийг гаргачихсан. Дотооддоо салхин болон усан цахилгаан станц хийвэл түүнийг бид хийж чадна.
Сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэх эрчим хүчийг төр худалдаж авна гэсэн хууль бий. Сэргээгдэх эрчим хүчний үнийн зөрүүг төр гаргана гэсэн заалт ч байгаа. Долдугаар сараас эхлээд сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр гээд өрх болгоноос цахилгааны мөнгөн дээр 800-1600 төгрөг авч байгаа. Энэ нь Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих хуримтлал бий болгож байгаа хэрэг. Гэтэл сэргээгдэх эрчим хүчийг үнэтэй болгоод байгаа гол зүйл бол тэр турбинууд шүү дээ. Түүнийг асар өндөр үнээр худалдан авдаг. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих хуримтлал ард түмнээс татахгүйгээр эрчим хүчний өртөг бага байх боломжтой байхад төр туслах хэрэгтэй. Төрийн онцгой дэмжлэг байх ёстой юм. Тэгэхгүй бол үүнийг нэг хүн, нэг байгууллага санхүүжүүлж дийлэхгүй. Бидний хувьд гаргасан төхөөрөмжөө хувь хүн, байгууллага санхүүжүүлж чадахгүй учраас гадагшаа худалдах арга л бий. Өмнө гаргасан эрчим хүчийг найман хувь хэмнэх боломжтой бүтээлээ бид гадагшаа худалдчихсан. Одоо гаргасан хүчин чадал илүү бүтээлээ худалдмааргүй байна. Үүнийг төр засаг дэмжиж ажиллах л хэрэгтэй байна.
-Эрчим хүчний үнэ чөлөөлөгдөх үү?
-Эрчим хүчний үнийг чөлөөлнө, эрчим хүчний үнийг хувьчилна гэж яригдаж байгаа. 1990 онд сонгосон зам бол хувьчлал. Шударгаар капитализмыг байгуулна гэсэн үг. Тиймээс бид капитал үйлдвэрлэх гэж байгаа бол эрчим хүчний үнийг чөлөөлөх хэрэгтэй. Эрчим хүчний үнийг чөлөөлнө гэдэг нэг талдаа үнэтэй болно гэж бодож байгаа боловч нөгөө талаас буурч болно. Яагаад гэвэл үүрэн телефоны компаниуд бүгд хувийнх байдаг. Анх гарч ирж байхдаа үнэтэй гарч ирсэн. Харин одоо бие биенээсээ уралдаад үнэ нь буурч байгаа. Эхний ээлжинд эрчим хүчний үнийг чөлөөлвөл үнэ нь нэмэгдэнэ. Хувьчлагдаад ирэхээр гадаадын өндөр технологитой олон компани орж ирнэ. Тиймээс эрчим хүч хямдарч эхэлнэ шүү дээ. Хүмүүс үүрэн телефоны компанийг сонгодог шиг өөрийн хэрэглэх эрчим хүчний компанийг сонгоно гэсэн үг. Ийм сонголт бий болвол эрчим хүч их амар болно. Нөгөө талаас харахад олон гадны компани орж ирлээ гэхэд ямар нэг улсын хараат болчих вий гэсэн болгоомжлол бий. Эрчим хүч хэний ч хараат байх ёсгүй. Тиймээс доголдолгүй, алдагдалгүй, хямд байлгах технологийг монголчууд өөрсдөө хийчихлээ шүү дээ. Үүнийг л тодорхой дэмжлэг үзүүлээд нутагшуулах хэрэгтэй. Жишээлбэл, гадны том их сургуулиудын лаборатори эсвэл хувийн эрдэм шинжилгээний байгууллагууд өөрийн бүтээлийг гаргасны дараа төр нь дэмжээд хэрэгжүүлчихдэг. Солонгост “Кипа” гээд шинэ инновацийн бүтээлийг дэмждэг төрийн байгууллага бий. Монголд “Кипа” шиг байгууллага байгуулах л дутаад байгаа юм. Тэр байгууллагыг бий болгож байж Монгол Улс хөгжинө. Долларын эсрэг төгрөг чангарна.
-Эдийн засгийн үр өгөөж нь өндөр юм байна?
-Эрчим хүчин дээр эдийн засгийн ач холбогдол үнэхээр их. Эрчим хүчийг хэн байгуулж, хэн үйлдвэрлэж байна. Тэр орон л хамгийн их хөгжилтэй байдаг. Японы эдийн засагч Сакаи “Хөгжил гэдэг ган, эрчим хүч, сахилга бат дээр л тогтдог юм” гэж хэлж байсан. Ийм гурван зүйл байж хөгждөг. Гэтэл манайд эрчим хүч нь алга. Хар төмөрлөгийн үйлдвэр байгаа ч хөгжихөөр хэмжээнд үйлдвэрлэхгүй л байх. Мөн сахилга бат ч алга. Тэгэхээр бид хөгжлийн гурван тулгуур руугаа л явах ёстой. Эхний ээлжинд эрчим хүчээ өөрсдөө гаргадаг болчихвол эдийн засаг сэргэнэ.
-Монголд төсвийнхөө 40 хувийг эрчим хүчдээ зарцуулдаг гэж байсан. Танай төхөөрөмжид үүнийг хэмнэх боломж бий юу?
-Аливаа улсын хөгжил хэмнэлт, технологийг дагуулдаг. Тэгэхээр эрчим хүчний илүүдлийг хэмнэе. Эрчим хүчийг хэмнэдэг төхөөрөмж тавих хэрэгтэй. Наад зах нь бид 220 В цахилгаан хэрэглэдэг бол япончууд 110 В цахилгаан хэрэглэдэг шүү дээ. Одоо 60-80 В болвол илүү хэмнэлт гарах л байх. Тиймээс бид хэмнэлтийн тухай ярихдаа технологиосоо эхлэх хэрэгтэй. Тавдугаар цахилгаан станцыг барихдаа болж өгвөл өндөр технологиор барьчихаасай. Одоо ажиллаж байгаа станцууд ашигт үйлийн коэффициент бага. Дулаан дамжуулах турбогоор дулаан алдаж 60 хувьтай ажилладаг. Энэ технологийг л болих хэрэгтэй. Бид найм дахин хэмнэх технологи гаргаад түүнийгээ туршчихсан. Дэлхийд энэ технологийг хүлээн зөвшөөрчихсөн. Бэлэн технологийг ашиглах хэрэгтэй. Төвийн шугам гэдэг үнэхээр хоцрогдсон асуудал. Японд төвийн шугам бараг алга. Бие даасан системтэй болчихсон. Улаанбаатарт нэг байшин барихад дулааны шугам татаад инженерийн байгууламж барьдаг. Бүр зун болгон тэрийгээ сольдог шүү дээ. Үүнийг халж байгууллага болгон, айл бүр өөрсдийн бие даасан инженерийн байгууламжтай болох хэрэгтэй. Дулаан, цахилгаан гэдэг тэр айлын л асуудал байх ёстой юм. Бидний төхөөрөмж ийм боломж өгч байгаа. Ийм байдалд орвол инженерийн олон байгууллагын зардал хэмнэгдэнэ.
-Бодит байдал дээр төхөрөөмждөө туршилт хийж үзсэн үү?
-Үзсэн. Монголд өвлийн хамгийн ачаалалтай үе арванхоёр, нэг, хоёрдугаар сар. Энэ гурван сард хамгийн их зардал гаргадаг. 27 м2 байшинд байгаа айл сард цахилгаан халаагуураар байшингаа халаавал 270 гаруй мянган төгрөг төлчихөөд юугаар амьдрах юм бэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш мөнгө цахилгаандаа төлдөг улс дэлхий дээр Монголоос өөр алга. Хямд учраас айлууд нүүрсээ түлэлгүй яахав. Бид 27 м2 байшинд туршилт хийж цахилгаанаар халаахад сард 250 мянган төгрөг гарсан. Гэтэл хэмнэлтийн төхөөрөмжөө тавихад цахилгаан, дулаандаа 29 мянган төгрөг төлсөн. Тэр айл сард 29 мянган төгрөг төлөөд халаалт шийдэгдэж байгаад дуртай байсан. Энэ мэт бидний төхөөрөмжийг суулгавал Улаанбаатар хотын утааны асуудал 100 хувь шийдэгдчихнэ. Түүний дараа “Орчлон” констранкшны төвийн шугамд холбогдоогүй байрны хоёр өрөө 50 м2 байранд туршиж үзсэн. Цахилгаанаар 500 гаруй мянган төгрөг гарч байсан бол бидний төхөөрөмжийг тавиад 80 мянган төгрөг гарсан. Нийслэлийн номын худалдааны төвд төхөөрөмжөө тавихад 400 мянган төгрөг л гарч байна. Өмнө нь дөрвөн сая 200 мянган төгрөг гардаг байсан юм. Ерөнхийдөө эндээс үзэхэд дунджаар 6-8 дахин эрчим хүч хэмнээд байгаа юм.
-Нэг сумыг эрчим хүчээр хангах хүчин чадалтай гэсэн. Тооцоо хийж үзсэн үү?
-Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ сум 2500 хүнтэй. 2500 хүнтэй суманд 100 км шугам татаж 20-30 тэрбум төгрөг зарж төвийн шугамд холбогддог юм. Тэнд үйлдвэрлэл одоог хүртэл явагдаагүй. Тэр сумаас бид нэмүү өртөг авч чадахгүй байна шүү дээ. Харин зарцуулсан 20-30 тэрбум төгрөгөө сумынхаа 2500 хүнд хуваагаад өгчих юм бол айлууд тус тусдаа үйлдвэр байгуулаад эрчим хүчнийхээ асуудлыг шийдчихнэ. Харин ч нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл гаргах магадлалтай. Үүнийг л маш зөв бодлогоор зохицуулах хэрэгтэй байгаа юм. 2500 хүнтэй сум руу эрчим хүч татах хэмнэлт мөн үү гэдэг асуудал шүү. Шугам татахгүй тэнд нь үйлдвэр байгуулчихвал яасан юм гэдгийг л бид яриад байгаа юм. Энэ байдлыг бид бүрдүүлэх боломжтой.
-Танай өмнөх бүтээлийг үнэгүйдүүлээд байгаа учраас гадаадад худалдсан гэсэн. Одооны төхөөрөмжийг чинь ашиглахын тулд ямар арга хэмжээ авахад болно гэж үзэж байна вэ?
-Оюуны өмчийн байгууллагын дэргэд “Кипа” шиг сайн оюуны өмчийг дэмждэг Төрийн сан байх ёстой. Монголчууд нэг төсөл бичээд банкаар дамжуулаад мөнгийг нь шууд эзэнд нь өгчихдөг. 100 тэрбумын төсөл хийсэн хүн эхлээд байшингаа барина гэдэг. Дараа нь “Land cruiser” авч унана гээд зардал гаргасаар байгаад нэг мэдэхэд өөрийнхөө төслийг хийх мөнгөгүй болчихсон байдаг юм. Тиймээс л Монголд хамаг юмыг нь барьцаанд аваад байдаг шүү дээ. Гэтэл Японд ямар ч барьцаагүйгээр төр нь бүх зүйлийг зохицуулаад эрсдэлээс хамгаалчихаж байгаа юм. Төр менежментийг нь хийгээд л ашиг гарах үед үйлдвэрийг нь эзэнд нь өгчихдөг юм. Ийм замаар явбал Монгол Улсын эдийн засаг босч хөгжинө. Анхны ийм менежментийг манай төсөл дээр хийгээсэй гэж хүсч байна. Тэгэх юм бол төр болон хувь хүн эрсдэлд орохгүй. Ашиг нь төрд үлдэнэ гэсэн үг. Цаашлаад эрчим хүчээ экспортлох бүрэн боломжтой.
-Танай төслийг дэмжээд ажиллана гэвэл төхөөрөмж чинь бэлэн үү?
-Бэлэн байгаа. Бид генератор, хэмнэлтийн төхөөрөмжийг үйлдвэрлэж болж байна. Хамгийн том давуу тал нь бие даасан инженерийн шугам сүлжээг төвийн сүлжээ барих мөнгөөр хийх боломж байна гэсэн үг. Хэн ч, хаана ч төвийн шугамд холбогдолгүй дуртай газраа байшин барьж болно гэсэн үг. Гэтэл эрчим хүчний хөнгөлөлтүүд сэргээгдэх эрчим хүчинд л олгогдоод байх юм. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих санд төвлөрч байгаа мөнгөнөөс судалгаанд дэмжлэг авмаар байна. Төр дэмжихгүйгээр инноваци хөгжихгүй. Инновацийн хууль гээд том хууль бий. Инновацийн бүтээлийг олон нийтэд танилцуулах гэж байгаа бол төр зардлыг нь хариуцна гэж заасан байгаа. Гэтэл энэ инновацийн бүтээл гэдгийг төр баталгаажуулж өгч чаддаггүй. Оюуны өмч “Энэ шинэ бүтээл” гээд гэрчилгээ өгчихдөг шүү дээ. Инновацийн хууль гэж байгаа юм чинь инновацийн бүтээл гэсэн гэрчилгээ өгөх хэрэгтэй. Бид тэр бичгээр ядаж хилээр давах материалаа үнэгүй оруулна. Энэ мэт хэрэгжвэл тэр хууль үндсэн утгаараа орших гээд байгаа юм. Одоо бол цаасан дээрх л хууль болчихоод байна. Тэгэхээр инновацийн хуулийг дахиж харах хэрэгтэй байгаа.