Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Болд: Бизнес эрхлэх, санхүүгийн харилцаа хөгжих таатай нөхцөл 13 жилээр ухарсантай адилхан болчихлоо

Хасбанкны гүйцэтгэх захирал М.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Орон сууцны зээл зогслоо. Банкууд зээлийн жилийн хүүгээ 20 хувь хүртэл өсгөх нь. Банкууд зээл өгөхгүй байна гэж олон нийт үймэлдэж байна. Монголын банк, санхүүгийн салбарт чухам юу болоод байна вэ?

-Зээлээ зогсоож байгаа гол шалтгаан нь зээлийн эргэн төлөгдөх баталгааг хангадаг үл хөдлөх хөрөнгө барьцаалах хууль эрхзүйн орчин байхгүй болсонтой холбоотой. Энэ бүхнийг ойлгомжтой болгохын тулд зээл гэж юу юм бэ гэдгээс тайлбарлавал зүйтэй байх. Нэг хүнээс нөгөө хүнд мөнгө зээлдүүлэхийг зээл гэж байгаа юм. Мөнгөтэй хүн мөнгөгүй хүндээ мөнгө зээлдүүлэхийг зээл гэж ярьж байгаа юм. Банк байгуулагдахаас өмнө хувь хүмүүс нэг нэгэндээ зээл өгч аж ахуйн харилцаанд орж байсан. Өнөөдөр ч иргэд хоорондоо, нэг нэгэндээ зээл өгдөг, авдаг. Компани, аж ахуйн нэгж хоорондоо зээл өгдөг, авдаг харилцаа явсаар байгаа. Зээлээ эргэн төлүүлэхийн тулд ямар нэгэн зүйл барьцаанд нь авдаг. Тэр бол хүн бүхэнд ойлгомжтой болсон. Тэгэхээр барьцаа гэдэг зүйл үл хөдлөх хөрөнгө байж болно, хөдлөх хөрөнгө байж болно. Гэтэл үл хөдлөх хөрөнгийг барьцаалах хууль эрхзүйн орчин үгүй болсон учраас барьцаалах зүйл байхгүй боллоо. Барьцаалах зүйл байхгүй учраас зээл эргэн төлөгдөх баталгаагүй болж байна. Тийм учраас зээлийн харилцаа үндсэндээ түр зуур зогсч байна л даа.

Үндсэн хуулийн Цэцийн гаргасан дүгнэлтийг УИХ буруу гэж үзээд зөвшөөрөөгүй. Банк санхүүгийн салбарын зогсолт Цэцийн дүгнэлтээс боллоо гэж үзэж байна уу?

-Зээлийн барьцаанд авсан үл хөдлөх хөрөнгө чинь барилга, газар, орон сууц нь мөнгө зээлдүүлсэн хувь хүн, компани, банкны хатуу хяналт дор байж байх ёстой. Гэтэл зээлийн барьцаанд тавьсан хөрөнгийг банкны хяналтаас гадуур бусдад шилжүүлэх, түрээслүүлэх, тэр байтугай худалдан борлуулах нөхцөл үүсч байна л даа. Тэгэхээр мөнгө зээлдүүлсэн хувь хүн, иргэн, аж ахуйн нэгж, банкны хувьд тухайн зээл найдваргүй болох эрхзүйн үндэс үүсч, бүрдэж байгаа юм. Энэ бол зөвхөн банкны асуудал биш болж хувирч байна. Өнөөдөр ч гэсэн та бид найз нөхдөдөө иргэн хүний хувьд мөнгө зээлдүүлдэг. Өрх гэрийн гишүүд өөр хоорондоо мөнгө зээлдүүлдэг. Зээлдүүлэхдээ зарим тохиолдолд нэг нэгнээсээ барьцаа авдаг. Тэр барьцаа нь хөдлөх хөрөнгө болох машин унаа байж болно, эсвэл газар, байшин барилга, газар, орон сууц ч байж болно. Ийм харилцаа өргөн байна шүү дээ. Банк бус санхүүгийн байгууллагууд ийм харилцаанд байна. Хадгаламж зээлийн хоршоод ч байна. Тэгээд банкнууд энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Эдийн засаг, санхүүгийн харилцаанд өргөн хэрэглэгддэг байсан барьцааны найдвартай байдлыг алдагдуулж байгаа ийм шийдвэр болчихлоо л доо. Тиймээс зээлдүүлэгч байгууллагууд бүгд одоогийн үүссэн эрхзүйн орчныг ойлгож, үүсч бий болсон нөхцөлийг үнэлж цэгнээд зарим нь зээл олгохоо түр зогсоож байна. Зарим нь олгох нөхцөлд зээлийн гэрээ, журам, дүрэм бусад зүйлээ эргэн харж байна. Эргэн харахын тулд хугацаатай хэрэгтэй.

Цэцийн дүгнэлтийг УИХын чуулганаар хэлэлцэх үеэр гишүүдТэгвэл одоо иргэд ломбарданд тавьсан үнэт эдлэл, эд хөрөнгөө шууд авах болж байна уугэцгээж байсан?

-Ломбарданд тавьчихсан эд хөрөнгөө аваад бусдад шилжүүлж, борлуулахтай ижил төстэй л дээ. Тийм эрхзүйн орчныг үүсгэчихэж байгаа юм. Мөнгө зээлдүүлсэн хүнээсээ асуулгүй, зөвшөөрөлгүйгээр шилжүүлэх эрхзүйн орчин бүрдээд байна. Барьцааны үл хөдлөх хөрөнгийг баталгаатай байлгах эрхзүйн орчныг бүрдүүлснээс хойш орон сууцны зээлийн харилцаа маш их идэвхжсэн. Орон сууцыг барьцаалаад оронд нь зээл өгөөд үүний дүнд иргэд орон сууцанд амьдрах үйл явц хурдассан. Нөгөөтэйгүүр үл хөдлөх хөрөнгө болох газар, байшин барилгыг барьцаалаад эдийн засгийн эргэлтэд оруулах эрхзүйн орчин сайжирснаар мөнгө санхүүгийн урсгал түргэсч эдийн засгийн өсөлт улам хурдасч эхэлсэн юм. Хууль эрхзүйн уг орчин 13 жилийн өмнө тавигдсан байгаа байхгүй юу. 2002 оноос хойш иргэний хууль болон бусад суурь хуулиудад үл хөдлөх хөрөнгийг барьцаалах, баталгаатай барьцаалах эрхзүйн орчныг алхам алхмаар сайжруулж бүрдүүлж ирсэн. Үүний ачаар Монголын иргэд, аж ахуйн нэгжүүд түүний дотор банкуудын зээлийн хэмжээ эрс нэмэгдсэн. Эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй байсан хөрөнгүүд үнэ цэнтэй болж, түүнийгээ барьцаалан хэн нэгнээс зээл авах, мөнгөн хөрөнгө босгох, бий болгох нөхцөл үүссэн учраас эдийн засаг ч хурдтай өсөх нөхцөл бүрдсэн.

Гэтэл энэ эрхзүйн харилцааг өөрчилчихөөр бид 2002 оноос өмнөх нөхцөл рүү ухарч байна гэсэн үг л дээ. Өнгөрсөн 13 жилд эрхзүйн шинэчлэлийн ачаар бий болсон бизнес эрхлэх санхүүгийн харилцаа хөгжих таатай нөхцөл маань 13 жилээр ухарсантай адилхан болчихлоо. Иргэд, аж ахуйн нэгжүүд, банкуудын хооронд үүссэн, 13 жилийн турш асар олон хүний хөдөлмөр шингэсэн энэ харилцаа асар том донсолгоонд орж байна гэсэн үг л дээ.

Иргэд ихэд сандарч банкуудад очиж зээлийн талаар лавлаж, цаашид хэрхэх бол гэж санаа зовниж байна. Байр зээлээр авахаар урьдчилгаа мөнгөө өгчихсөн хүмүүс гайхаж байна?

-Хуульчид хууль буцаан хэрэглэгддэггүй гэж ярьдаг. Хууль буцаан хэрэглэгддэггүй учраас энэ сарын 9-нд гарсан Цэцийн уг шийдвэрээс өмнө байгуулсан гэрээ хэлцэл эрсдэлд орохгүй. Энэ нь заавал банк, санхүүгийн байгууллагуудад ч биш иргэдэд ч хамаатай ойлголт. Барьцаалсан эд хөрөнгийг зээлдүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэгдэхгүй гэж үзэж байгаа юм байна билээ. Үүнийг тийм байгаасай гэж хүсч байна, хууль буцаан хэрэглэгддэггүй учраас. Шинээр олгох зээлүүд энэхүү эрсдэлд орж байгаа учраас түр зуурын зогтуссан байдалтай байна.

Одоо бид энэ үүссэн хүнд байдлаасаа яаж хурдан гарах хэрэгтэй юм?

-Хүний эрхийг хамгаалах гэдэг ухагдахуун ойлголтынхоо хувьд нэгдсэн ойлголттой болмоор байна. Жишээ нь, энэ шийдвэрийг гаргахдаа хүн эд хөрөнгөө чөлөөтэй захиран зарцуулах эрхийг хамгаалж гаргалаа гэсэн үндэслэл яригдаад байна. Гэтэл нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдана гэдгийг бүгд мэддэг болсон шүү дээ. Нэг хүн хязгааргүй эрхтэй байж болохгүй. Яагаад гэвэл хажууд нь сууж байгаа, амьдарч байгаа айл өрхийн эрхээр хязгаарлагддаг. Хил хязгаар байдаг. Хязгааргүй эрх гэж байхгүй. Тэр хүн үүрэгтэй байдаг. Банкинд эд хөрөнгөө барьцаалаад зээл авсан хүн маань үүрэг хүлээсэн байгаа байхгүй, зээлээ эргэн төлнө гэж. Зээлээ эргэн төлөх үүргийнхээ баталгаа болгож, эд хөрөнгөө барьцаанд тавьсан байгаа. Тийм учраас эрхээ хязгаарлуулж байгаа байхгүй юу. Зээл авна гэдэг нь санхүү эрхзүйн харилцаанд орж байна шүү дээ. Хэн нэгнээс мөнгө зээлсэн гэдэг нь үүрэг хүлээнэ. Үүрэг үүссэн учраас өөрийнхөө эрхийг хязгаарлуулж байна. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэдэг үг бий. Тэгэхээр эзэн нь хэдий юмаа мэдлээ ч гэсэн ус, гол горхи эрэгтээ хашигдаж, хязгаарлагддаг. Тийм болохоор эзэн хүний эрх нь хязгаарлагдаж байгаа. Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдана гэдэгтэй төстэй л дээ. Барьцаалсан эд хөрөнгөө хамаа намаагүй зарцуулаад байдаггүй. Үүрэг үүссэн тохиолдолд хязгаарлагддаг шүү гэдгийг хэлж байгаа үг л дээ.

Банк санхүүгийн салбарт зогсолт гарч байгааг манай дордож байгаа эдийн засгийг улам л чадамжгүй болгох нь ээ гэж харж болох уу?

-Аль ч улсын банк санхүүгийн салбараас ДНБ-ий өсөлтөд оруулдаг хувь нэмэр гэж бий. Шууд оруулдаг хувь нэмэр гэж байдаг. Тэр нь дөрөв, таван хувиар хэмжигддэг. Шууд бус хувь нэмэр гэж бас байгаа. ДНБ-ий давсан хэмжээний хөрөнгө Монгол Улсад эргэлдэж байгаа шүү дээ. 22 их наяд төгрөг банкны салбараар дамжиж эргэлдэж байгаа. Энэ хөрөнгийг иргэд, компаниуд банкнаас зээлээд ч юм уу, банкинд хадгалуулаад эдийн засгийн өсөлт бий болж байгаа байхгүй юу. Энэ явж байгаа эргэлдэж байгаа үйл явцыг цусны эргэлттэй зүйрлэвэл цусны эргэлт удааширч байна. Ингэхээр өсөлт буурах нөлөө үзүүлнэ. Банк иргэдэд мөнгө зээлдүүлж байгаа мэт харагдаж байгаа боловч цаана нь иргэн хүн иргэн хүндээ зээлдүүлж байгаа шүү, нөгөө дундад зууны харилцаа хэвээрээ байгаа. Жаахан боловсронгуй болчихсон, дунд нь банк гэдэг байгууллага зуучилж байгаа. Зээл авсан хүний эрхийг хамгаалахын зэрэгцээ зээлэх мөнгө өгсөн, банкинд хадгаламжаа хийсэн хүний эрхийг хамгаалах ёстой гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

Банктай холбоотой ямар нэгэн асуудал үүсвэл хадгаламжтай хүмүүсийн сэтгэл зовж эхэлдэг л дээ?

-Тэгж байгаа байхгүй юу. Банк гэдэг абстракт байгууллагын асуудал биш ээ. Банкинд мөнгөө хадгалуулсан хүмүүсийн иргэний эрхийг нь хамгаалах ёстой. Тэр хүмүүсийн мөнгөний аюулгүй, найдвартай байдлыг хамгаалах ёстой гэдэг асуудлыг орхигдуулчихаад байна. Зээл авсан хүний эрх ашгийг хамгаалаад зээл өгсөн, эцсийн зээлдүүлэгч буюу иргэн хүний эрх ашгийг хамгаалах нь хоцрогдчихоод байгаа юм. Үүнийг сайн ойлгочих юм бол толгой эргэхгүйгээр аль алиных нь эрх ашгийг тэнцүү хамгаалах байх гэж бодож байна.

Монгол Улсын түүхэнд одоогоор олдоод байгаа хамгийн анхны зээлийн гэрээ надад бий. Уйгаржнаар бичсэн энэ зээлийн гэрээнд улаанбуудайг гурван сарын хугацаатайгаар хүүгүй зээлж авсан байгаа юм. Зээлдүүлэгч тал нь барьцаа болгож гэр тэрэг барьцаалсан байгаа юм. Хэрвээ гурван сарын хугацаанд зээлээ төлж чадахгүй бол гэр тэргийг үг дуугүй хурааж авна гэсэн ийм нөхцөлтэй гэрээ.

Хэдий үеийн гэрээ юм?

-1360-аад оны үед монголчууд хоорондоо хийсэн гэрээ (Гэрээг үзүүлэв. сурв) 650 жилийн өмнө монголчууд барьцааны ач холбогдлыг ойлгодог байсан байна шүү дээ. Зээлдэгч зээлээ төлөхгүй бол зээлдүүлэгч барьцааг нь үг дуугүй хурааж авна гэсэн гэрээ байгуулдаг байж. Энэ зээлийн гэрээнд зээлдэгч, зээлдүүлэгчийн талаас хоёр хүн, дээрээс нь гэрч гэж хоёр хүн байлгаж гарын үсгийг нь зуруулсан байгаа юм. Зургаан хүн гарын үсэг зурсан байгаа юм. Гэтэл бид 1360-аад оноос бүр өмнөх эртний цаг үе рүүгээ ухарчихаад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *